Хоёр Ирланд нэгдэхийг харах хүсэлтэй явдгаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп илэрхийлэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
31 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бямба гарагт Бүгд Найрамдах Ирланд Улсад айлчлан очсон АНУ-ын ерөнхийлөгч “Нэгдсэн Ирланд” улсыг харах хүсэлтэй явдгаа илэрхийлжээ.

Энэ бол улс төрийн маш эмзэг сэдэв бөгөөд АНУ өмнө нь уг асуудалд төвийг сахисан байр сууринаас хандсаар ирсэн түүхтэй.

Дублин хотод ерөнхий сайд Майкл Мартинтай уулзсаныхаа дараа Дональд Трамп зуу гаруй жил хуваагдсан Бүгд Найрамдах Ирланд улс болон Их Британийн харьяанд байдаг Умард Ирландыг нэгтгэх нь “гайхамшигтай үйл явдал байх болно” гэж мэдэгджээ.

“Миний бодлоор энэ нь эцсийн дүндээ болох л зүйл. Одоо болсон ч яах вэ дээ. Мэдээж хэрэг, энэ асуудалд Их Британи өөрийн байр сууриа илэрхийлэх байх” гэж Трамп сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн байна.

Ирландын арал 1921 оноос эхлэн өмнөд хэсэгт орших Бүгд Найрамдах Ирланд Улс, хойд хэсэгт орших Умард Ирланд болон хуваагдсан байдаг.

30 жил үргэлжилж, 3,000 орчим хүний аминд хүрсэн мөргөлдөөнийг зогсоосон 1998 оны “Good Friday” гэрээний дагуу хэрвээ Умард Ирландын хүн амын олонх хэсэг Бүгд Найрамдах Ирланд Улстай нэгдэх хүсэл сонирхолтой байвал Их Британи улс бүх нийтийн санал хураалт зохион байгуулах ёстой болно.

Нэгдэхийн тулд Бүгд Найрамдах Ирланд Улсын ард иргэдийн олонхын дэмжлэг бас хэрэгтэй.

Өнгөрсөн сард Их Британийн ерөнхий сайд Энди Бернхэм нэгдлийн асуудлаар бүх нийтийн санал хураалт зохион байгуулах санаа “хэлэлцэх асуудлын жагсаалтад байхгүй” гэж мэдэгдсэн нь нэгдлийг дэмжигч Шинн Фейн намын эсэргүүцэлтэй тулгарч байлаа.

Их Британийн бүрэлдэхүүнд үлдэхийг дэмжигч Ардчилсан Юнионист Намын дарга Гэвин Робинсон өчигдөр Трампын мэдэгдлийн хариуд “Юнионистууд улс орноо Бүгд Найрамдах Ирланд Улстай нэгтгэх замаар сүйрүүлэхийг хүсэхгүй байна” гэж сошиал хуудсаараа мэдэгджээ.

Трамп өчигдөр өглөө эрт Дублиний нисэх буудалд Катарын хааны бэлэглэсэн онгоцтойгоо газардсан юм. Түүний айлчлал хоёр өдөр үргэлжилж Ням гарагийн орой өндөрлөнө.

АНУ, Ирланд хоёр нь угсаа гарлын хэлхээ холбоон дээр суурилсан урт удаан хугацааны холбоотон улсууд юм.

Гэхдээ Ирландын засгийн газар зарим гадаад бодлогын асуудал дээр Трампын засаг захиргаатай зөрчилддөг. Тухайлбал Ирланд нь Палестиныг хамгийн хүчтэй дэмжигч Европын орнуудын нэг юм.

Тус улс Испани, Их Британи, Франц зэрэг Европын хэд хэдэн улсын хамт Палестины нутаг дэвсгэр Йордан голын баруун эрэгт иргэдээ суурьшуулж буй Израилийн бодлогыг эсэргүүцэн худалдааны хориг арга хэмжээ авсан байдаг.

Трамп энэ айлчлалынхаа ихэнх хугацааг 2014 онд Trump Organization компанийнх нь худалдаж авсан далайн эргийн Дунберг амралтын газарт гольфын тэмцээн үзэж өнгөрөөх юм.

Уг тэмцээнд “major” ангиллын тэмцээнд зургаан удаа түрүүлсэн, дэлхийн чансааны хоёрдугаар бичигдэж буй Рори Макилрой оролцож, 40,000 орчим хүн үзэх төлөвтэй байна.

Хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлснээс хойш 80 настай АНУ-ын ерөнхийлөгч хувийн гольфийн бизнесээ нэлээд дэмжиж байгаа.

Өнгөрсөн зун тэр Их Британийн ерөнхий сайд Кир Стармер, Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен нарыг Шотландын баруун эрэгт оршдог Турнберри гольфын клубтээ урьж байв.

Дараа нь Трамп өөрийнх нь нэрээр нэрлэгдсэн бас нэг гольфын клубийг зүүн хойд Шотландын эрэгт, Абердин хотын ойролцоо нээж байжээ.

Гольфын хорхойтон Трамп өнөөдөр тэмцээний цомыг ялагчид гардуулж магадгүй байна.

“Тэр зүгээр л хувийн гольфын клубтээ зочлохын тулд Дублинд албан ёсны айлчлал хийж байна. Тэр хувийн эрх ашиг болон ерөнхийлөгчийн үүрэг хоёрын заагийг төдийлөн ялгадаггүй” гэж Дублиний Тринити Коллежийн профессор, Америкийн түүхч Даниэл Гири хэлжээ.

 

Эх сурвалж: AFP