ОХУ-ын Эрхүү муж гадаадын иргэдийг цэрэгт зуучилж, элсүүлсэн хүмүүст олгох шагналын хэмжээгээ $18,000-д хүргэв
Эрхүү мужийн захиргаа гадаадын иргэд болон харьяалалгүй иргэдийг Оросын цэргийн албанд амжилттай элсүүлж чадсан хүмүүст олгох шагнал урамшууллын хэмжээг ОХУ-ын хэмжээнд хамгийн өндөр түвшинд хүргэх шийдвэрийг Пүрэв гарагт гаргажээ.
Уг шийдвэрийн дагуу зуучлагч нь цэргийн гэрээт албанд элсүүлсэн гадаадын иргэн бүрийн тоогоор 1.5 сая рубль ($17,800 орчим) авахаар болсон байна.
Энэ нь сүүлийн долоон сарын хугацаанд дөрөв дахин нэмэгдэж, Оросын бусад бүх бүс нутгуудын амласан шагналаас давсан хэмжээ болохыг Вёрстка суваг мэдээлжээ.
Эрхүү муж өмнө нь иргэний харьяаллаас үл хамааран байгуулагдсан гэрээ бүрийн тоогоор 400,000 рублийн ($4,700) шагналыг зуучлагчдад олгодог байсан юм. Харин сүүлийн шийдвэрээр гадаадын болон харьяалалгүй иргэдийн урамшууллыг онцгойлон дөрөв дахин өсгөж, Оросын бусад бүс нутгуудаас элсүүлсэн цэрэг бүрийн үнэлгээг 800,000 рубль ($9,500) болгон хоёр дахин өсгөжээ.
Эрхүүгийн энэ шийдвэр Оросын бүс нутгуудын удирдлага дээрээс өгсөн цэрэг элсүүлэх квотоо гүйцээхийн тулд эрчимтэй ажиллаж байгааг харуулсан нэг жишээ болж байна.
Саяхан Смоленск муж зуучлагчийн шагналыг 115,000 рублиэс ($1,300) нэг сая рубль ($11,900) болгон огцом өсгөсөн бол Рязань муж 805,000 рубль ($9,500) болгон өсгөжээ.
Украины эрх баригчид өмнө нь 2026 оны дөрөвдүгээр сарын байдлаар Умард Солонгосыг оролцуулалгүйгээр Оросын талд дэлхийн 136 улсын 28,000 гаруй иргэн тулалдаж байгааг мэдээлж байв.
Пүрэв гарагт нийтлэгдсэн Эмнести Интернэйшнл байгууллагын тайланд иргэдийг цэрэгт элсүүлэх Оросын хүчин чармайлт нь улам бүр “хууран мэхлэлт, албадлага, мөлжлөгийн арга хэлбэртэй” болж байгаа талаар дурдсан байна.
Эх сурвалж: The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
