Ормузын хоолойг орлож байсан Саудын Арабын газрын тос дамжуулах хоолой халдлагад өртсөний дараа зогсжээ

Т.Давааням, ikon.mn
5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Саудын Арабын "Зүүн-Баруун" чиглэлийн дамжуулах хоолойноос хрс утаа гарч буйг харуулсан хиймэл дагуулын зураг

Пүрэв гарагт болсон хэд хэдэн халдлагын дараа Ормузын хоолойг орлож байсан газрын тос дамжуулах “Зүүн-Баруун” чиглэлийн хоолойн ажиллагааг зогсоосноо Саудын Арабын эрх баригчид өчигдөр зарлажээ.

Баасан гарагт тус улсын эрчим хүчний яамны гаргасан мэдэгдэлд хоолойн ажиллагааг зогсоосон нь урьдчилан сэргийлэх зорилготой байсныг тайлбарласан байна.

Халдлагын улмаас хэд хэдэн хүн шархадсан, яаралтай тусламжийн багууд хоолойн аюулгүй байдлыг хангах, үүссэн нөхцөл байдлыг үнэлэх арга хэмжээ авч байгааг мэдэгдэлд бас дурджээ.

Сүүлийн өдрүүдэд Ойрх Дорнод даяар мөргөлдөөн эрчимжээд байгаа. Йемений Хусит зэвсэгт босогчид Саудын Арабын Абха, Нажран, Жазан дахь эрчим хүчний байгууламжуудыг онилж, Ираны газрын тос тээвэрлэгч хөлгүүдийг АНУ-ын зэвсэгт хүчин довтолж байна.

Саудын Арабын мэдэгдлийн дараа газрын тосны үнэ төдийлөн өөрчлөгдөөгүй бөгөөд Брент ангиллын баррель газрын тосны фючерс хэлцлийн үнэ $105 орчимд хэлбэлзэж байлаа.

Уг үнэ Пүрэв гарагт $110 руу дөхөж, огцом өссөн юм.

“Зүүн-Баруун” чиглэлийн хоолой нь Ираны дайн эхэлсэн цагаас хойш Саудын Арабын газрын тосны экспортын чухал зам болоод байгаа.

Ормузын хоолойн тээвэрлэлт бараг зогссоны дараа өдөрт 7 сая баррель газрын тос дамжуулах хүчин чадалтай уг хоолойн ашиглалт маш хурдан дээд хэмжээндээ тулсан юм.

Энэ хоолой нь газрын тосыг Персийн булангаас Улаан тэнгис рүү тээвэрлэдэг. Тэндээс хөлөг онгоцонд ачиж, гадаад зах зээлд хүргэдэг юм.

Гэвч энэ чиглэл сүүлийн үед Хусит босогчдын халдлагын улмаас эрсдэлтэй тулгараад байна.

Улаан тэнгис дэх тээвэрлэгч хөлгүүд Хуситуудын халдлагад өртөх болсноор энэ чиглэлийн газрын тосны экспортын хэмжээ наймдугаар сард өдөрт ердөө 3 сая баррель болж буурсан нь 2017 оны эхэн үеэс хойших хамгийн доод үзүүлэлт болжээ.

Газрын тосны үнэ өсөхийн хэрээр бензин шатахууны үнэ ч өсөж байна. Тухайлбал АНУ-д галлон бензиний үнэ $4 орчимд хэлбэлзэж байгаа нь энэ оны хамгийн дээд үзүүлэлт болж байгаа бол галлон дизель түлшний үнэ түүхэн дээд хэмжээндээ буюу $6-т хүрчээ.

 

Эх сурвалж: Reuters