Экс найз бүсгүйдээ зарцуулсан $369,000-ыг буцааж авах гэсэн эрийн нэхэмжлэлийг Сингапурын шүүх хэрэгсэхгүй болгожээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сингапурын иргэн нэгэн эрэгтэй хуучин найз бүсгүйдээ зарцуулсан бүх мөнгийг буцааж авахаар шүүхэд хандсан ч амжилт олоогүй байна.

Чандер Агарвал гэдэг энэ эр Фелиша Ли хэмээх бүсгүйтэй дотно харилцаатай байхдаа зарцуулсан 468,000 сингапур долларыг ($369,200) нэхэмжилснийг Сингапурын дээд шүүх “сайн дураар зарцуулсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

Агарвал нь дотно харилцаатай болохоосоо ч өмнө Лид байнга үнэтэй бэлэг өгдөг байсан, үүнийхээ төлөө ямар нэг хариу нэхэхгүйгээ удаа дараа хэлж байсныг олж тогтоосноо шүүгч Ли Сэйю Кин мэдэгдсэн байна.

Тээврийн компанийн гүйцэтгэх захирлын албан тушаал хашдаг Агарвал 2019 онд онгоцоор нисэж байхдаа үйлчлэгч бүсгүйтэй танилцсан нь Ли байжээ.

Тэд 2022 оны есдүгээр сараас 2023 оны арванхоёрдугаар сар хүртэл дотно харилцаатай байсан гэнэ.

Ли өөр хүнтэй явалдаж байгаа талаар Агарвал сэжиг авсны дараа тэдний харилцаа өндөрлөсөн байна.

Улмаар Агарвал 2024 оны гуравдугаар сард шүүхэд хандахдаа Лиг өөрөөс нь “хүүгүй зээл хэлбэрээр олон удаа мөнгө гуйж байсан” гэж мэдүүлжээ.

Ингэхдээ кредит картнаас нь 206,000 сингапур доллар, гадаад аялалд 129,000 сингапур доллар, орон сууцандаа фэншүйгийн мэргэжилтэн урьж, зөвлөгөө авахад 17,000 сингапур доллар, амь насны даатгалд 20,000 сингапур доллар зарцуулсан баримтуудыг хавсаргасан байна.

Харин Ли эдгээр мөнгийг ямар нэг зээл биш, хайр сэтгэлийн үүднээс өгсөн бэлэг байсан гэж маргажээ.

Гэвч шүүх Агарвалыг мөнгө өгөхдөө ямар нэг бичиг баримт үйлдээгүй тул зээл гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн байна.

“Миний өмнө буй нотлох баримтууд нэхэмжлэгч (Агарвал) хариуцагчид (Ли) сэтгэл алдарч, харилцааны явцад үнэтэй бэлгүүд байнга өгдөг байсныг тодорхой харуулж байна. Харамсалтай нь Агарвал тансаг хэрэглээтэй, чинээлэг нэгэн байсан бол Ли нь түүнтэй эн зэрэгцэхүйц хөрөнгө чинээтэй нэгэн байгаагүйг баримтууд бас харуулж байна” гэж шүүгч дүгнэлтдээ бичжээ.

Мөн Ли олон тооны мессэжээр дамжуулан Агарвалд өгсөн бэлгүүдэд нь “гайхаж, зарим тохиолдолд хүлээж авахаас татгалзсан” санаагаа илэрхийлж байсныг олж тогтоосон байна. Шүүгч дүгнэлтийнхээ төгсгөлд Английн жүжгийн зохиолч Уилльям Конгревын “Гашуудаж буй сүйт бүсгүй” эмгэнэлт хошин жүжгээс “Хайр сэтгэл үзэн ядалт болон хувирах шиг хүчтэй уур хилэн тэнгэрт ч байдаггүй, гомдоосон эмэгтэйн уур хилэн шиг аймшигтай зүйл тамд ч байдаггүй” гэсэн өгүүлбэрийг эш татжээ.

2023 оны эхээр Сингапурын иргэн бас нэг эрэгтэй өөрийнх нь хайр сэтгэлийг хүлээж аваагүй эмэгтэйгээс гурван сая гаруй сингапур доллар нэхэмжилж байв.

Тухайн үед Кавшиган гэх эрэгтэй Нора Таны татгалзсан хариу түүнд сэтгэл санааны хямрал учруулж, нэр хүндийг нь унагасан гэж үндэслэлээ тайлбарласан ч шүүх хэрэгсээгүй өнгөрсөн байна.

Хожим Тан энэ шүүхдэлтийн улмаас өөрөөсөө гарсан зардлыг төлүүлэхээр Кавшиганы эсрэг хариу нэхэмжлэл гаргаж байжээ.

 

Эх сурвалж: BBC