Дэлхий даяар эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш эрхтэй амьдрахын тулд дахиад 100 жил шаардлагатай
Дэлхийн Эдийн Засгийн Чуулганаас 2019 оны хүйсийн тэгш байдлын Global Gender Gap Report тайланг танилцуулжээ.
Уг судалгаанд дэлхийн 153 улс хамрагдсанаас Исланд улс 11 дэх жилдээ тэргүүлсэн байна. Түүний араас Норвеги, Финланд, Швед гэсэн Скандинавын орнууд хүйсийн тэгш байдлыг хамгийн сайн хангасан орнуудаар нэрлэгджээ.
Харин хамгийн сүүлийн байруудыг Сири, Пакистан, Ирак, Йемен улсууд эзэлсэн байна.
Монгол Улсын хувьд 153 орноос 79 дүгээрт бичигдсэн бөгөөд өмнөх оныхоос 21 байраар ухарсан үзүүлэлттэй үнэлэгджээ.
Хөрш болон бүс нутгийн орнуудтай харьцуулахад Монгол Улсын нөхцөл байдал илүү дээр байна. Тухайлбал хүйсийн тэгш байдлын үнэлгээгээр ОХУ 81, Хятад 106, Өмнөд Солонгос 108, Япон 121 дүгээрт тус тус жагсжээ.
Дэлхий даяар бүх шалгуур үзүүлэлтээр хүйсийн тэгш байдал бүрэн хангагдахын тулд 99.5 жил шаардлагатай гэсэн тооцоог Дэлхийн Эдийн Засгийн Чуулган гаргажээ.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
