Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Эмэгтэй хүний гоо сайхан халдлага үйлдэх шалтгаан биш

ikon.mn
2019 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулиас сэтгүүл зүйн ангийн оюутнуудын дунд зохион байгуулдаг "Алтан үзэг" наадмын хоёрдугаар байрын бүтээлийг хүргэж байна.

Өгүүлэл бэлтгэсэн: МУИС-ийн Сэтгүүл зүйн III түвшний оюутан Э.Анужин.

“Би Энхтайваны гүүрэн дээр алхаж байлаа. Гэнэтхэн л хэн нэгэн “хөөе хөөрхөн өө” гэж дуудав. Эргэж ч харсангүй. Бидэнд тохиолддог л зүйл шүү дээ. Элдэв үг хэлээр дуудаж, орилж, хашхирч л байдаг. Хэсэг хугацаа өнгөрөхөд тэр дахиж намайг “гоочилсонгүй”. Гүүрний төгсгөл ч дөхөж байв.

Гэтэл тэр хажуугаар гүйж гарахдаа өгзгөн дээр минь алгадчих нь тэр. Түгжрэлд зогсчихсон машины жолооч нар, явган зорчигчид гээд бүх хүн болсон үйл явдлыг харсан. Олон хүний нүдэн дээр өгзгөн дээрээ алгадуулахаас өөр доромжлол юу байх вэ. Би урдах замаа ч харж чадахааргүй болтлоо ичиж байв. Нүүр улайж, нүднээс нулимс юу юугүй урсчих гээд болсонгүй. Гүйх шахам хурдалсаар гүүрнээс буугаад явах замаа өөрчиллөө. Олны нүднээс холдох гэж л тэр шүү дээ” хэмээн нэгэн бүсгүй ярилаа.

Охид бүсгүйчүүдийн араас орилж хашхирч, шүгэлдэж, тэдэнд бэлгийн шинжтэй үг хэллэг шивнэж, биед нь зөвшөөрөлгүй хүрдэг “чөлөөт” нийгэмд бид амьдарч байна.

Гудамжаар явж байгаа хэн ч таны биед хүрч, хүсээгүй “магтаалаар” тань гоочилж болно. Учир юу вэ гэвэл энэ ердөө л нэг хүрэлт, ердөө л нэг үг гэх. Зөвхөн манай оронд төдийгүй дэлхий дахинд “Street harassment” буюу гудамжны халдлагын талаар тодорхой мэдээлэлгүй, буруу хандлагатай байдгаас шалтгаалан олон сая охид чимээгүй шаналж байна.

Гудамжны халдлага гэх нэршилд хууль ёсны тодорхойлолт байхгүй ч АНУ-ын “Stop Street Harassment” (SSH) ашгийн бус байгууллага дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд “Олон нийтийн газар танихгүй этгээдийн зүгээс үзүүлж буй ёс бус үйлдэл, үйл хөдлөл, үг хэллэгийг гудамж талбайн халдлага гэнэ. Шүгэлдэх, сигналдах, ёс бус үг хэллэгээр дуудах, доромжлох, зураг авах, дагах, замыг нь хаах, эмзэг газарт нь хүрэх, олон нийтийн газар гар хангалга хийх зэрэг нь гудамж талбайн халдлагад хамаарагдана” гэсэн байна.

Дэлхий дахинд энэ асуудлаар хийгдсэн судалгаа тун ховор байдаг бөгөөд ихэнх тоо баримтыг “SSH” байгууллага мэдээлдэг аж.

Тус байгууллагын 2019 онд хийсэн судалгаанаас үзэхэд АНУ-ын эмэгтэйчүүдийн 68 хувь нь олон нийтийн газар бэлгийн дарамтад өртсөн байна. Манай улсад гудамж талбайн халдлагын тухай гаргасан албан ёсны статистик, мэдээлэл байдаггүй. Харин АНУ-ын “Matter” цахим сэтгүүл 2014 онд найман орны арван эмэгтэйн дунд тус сэдвээр асуулга явуулахдаа Монгол эмэгтэйг хамруулжээ. Тэрбээр долоо хоногт дөрвөн удаа гудамж талбайн халдлагад өртдөг хэмээн мэдээлсэн байна.

Хүчирхийллийг зөвтгөх шалтгаан үгүй

Гудамжны халдлагад өртөж байсан бүсгүйчүүдийн нэг 21 настай Д “Урт цагаанаас Их дэлгүүр хүрэх замаар алхаж байтал гэнэтхэн л энгэр лүү усаар шүршчихсэн. Би гайхаж эргэн тойрноо хартал замын хажууханд 40 орчим насны гурван ах усан буу барьчихсан зогсож байлаа. Аав шиг минь насны эрчүүд ийм үйлдэл гаргасанд би маш их гайхсан. Гэтэл тэд ичсэн шинжгүй “Чи цээжээ нуухгүй бол бид нүдээ нуухгүй ээ” гэж байсан ” хэмээн ярилаа.

“Хэрвээ эмэгтэй хүн биеийнхээ аль нэг хэсгийг ил гаргасан хувцас өмссөн бол танихгүй этгээд өдөж хоргоох нь ойлгомжтой зүйл” энэхүү хэвшмэл ойлголт халдлага үйлдэгчдийг улам бүр сэдэлжүүлдэг.

Нийгэм нь хохирогчоо буруутгаж буй цагт ёс бус үйлдэл хэзээ ч зогсохгүй. Эрчүүд энэ асуудалд ямар хандлагатай байдгийг харуулсан нэгэн судалгааг сонирхуулъя. АНУ-ын цахим сүлжээ “Gothamist” New York хотын иргэдээс  “Эрчүүд яагаад гудамжаар явахдаа бүсгүйчүүдэд бэлгийн шинжтэй үг хэллэг хэлдэг вэ?” гэх асуулга явуулсан байна. Үүнд залуучууд “Хэрвээ хэн нэгэн эмэгтэй бариу хувцас өмсөөд өмнүүр минь явбал би лав дуугүй өнгөрч чадахгүй”, “Тэр эмэгтэй хөөрхөн харагдаж байхад магтаал хэлэхэд юу нь болохгүй гэж”  гэх мэт хариулт хэлсэн байна.

Эмэгтэйчүүд даашинз, банзал, өндөр өсгийт гээд хүссэн хувцсаа өмсөх эрхтэй. Харин энэ нь тэдний хүчирхийлэлд өртөх шалтгаан болох ёсгүй.

2013 онд “Өөрчлөлтийн Төлөөх Эмэгтэйчүүд” ТББ Монголд анх удаа “Миний богино юбка” олон нийтийн арга хэмжээг зохион байгуулжээ.

Тус арга хэмжээ нь хүн бүр өөрийн эрх, эрх чөлөөгөө утга төгөлдөр эдлэх, айх айдасгүй, чөлөөт нийгмийг бүтээх, тэр дундаа охид эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэх гудамжны халдлага, хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, нийгэмд тогтсон үзэл хандлагыг өөрчлөхийг уриалсан байна. Тус байгууллагын ажилтан А.Анударь хэлэхдээ Манай нийгэмд хохирогчоо буруутгадаг хандлага тогтчихсон.  Чи өөрөө яах гэж бариу хувцас өмссөн юм”, “Яах гэж тэр газраар явсан юм”, “Тэр хүмүүсээс холуур зөрөхгүй яасан юм” гэх мэтээр хохирогчийг буруутгадаг. Эмэгтэйчүүдэд юу өмсөж, хэрхэхийг нь заахын оронд хүчирхийлэгчдэд хүчирхийлэл үйлдэхээ зогсоо гэж хэлэх нь чухал” гэв.

Хувцаслалт бус эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрх мэдлийн зөрүүтэй байдал гудамжны халдлагыг үүсгэдэг.

“SSH” байгууллагын 2014 онд хийсэн судалгаагаар эмэгтэйчүүдийн 65 хувь гудамжны халдлагад өртөж байсан гэх бол эрэгтэйчүүдийн 25 хувь нь халдлагад өртжээ. Энэ тухай сэтгэл зүйч Г.Түвшинжаргал тайлбарлахдаа “Өөртөө хэт их бардамнасан эго ихтэй залуучууд, эсвэл маш цөөн тооны өөрийгөө хянах чадваргүй сэтгэл зүйн эмгэгтэй хүмүүс гудамжны халдлагыг хийдэг. Би энэ эмэгтэйд ингээд хэлчихвэл эргүүлээд намайг яаж ч чадахгүй, би тэднээс хамаагүй хүчтэй юм чинь юу л болов гэж, ганц удаа өгзгөнд нь хүрлээ гээд яав л гэж дээ гэх мэт хандлагатай олон эрчүүд байдаг” хэмээв.

Гудамж талбайд ёс бус үйлдэл гаргасан этгээдэд хүлээлгэх хуулийн хариуцлага байхгүй учир тэдэнд айх зүйл үгүй. Хүний үйлдэл, эс үйлдэхүйд хуульд заасан үндэслэлээр хариуцлага хүлээлгэдэг. Өөрөөр хэлбэл зөрчлийн тухай хуулинд зөрчилд тооцож, хариуцлага хүлээлгэхээр зааснаас бусад тохиолдолд ямар ч жигшиж зэвүүцмээр үйлдэл байсан хариуцлага тооцдоггүй байна.

Энэ тухай Цагдаагийн хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн ахмад М.Мөнхшүрээс тодруулахад “Гудамж талбай олон нийтийн газар эмэгтэй хүнийг хүчиндэх, дээрэмдэх сэдэл зорилготой үйлдлийн шинж тэмдэг илэрсэн байх юм бол хүчиндэх, дээрэмдэх хэргээр эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Харин эмэгтэй хүнийг өдөж хоргоох, биед нь санаатайгаар хүрэх, ус цацах гэх мэт үйлдлүүд хуульд тусгагдаагүй байдаг учраас иймэрхүү үйлдлүүдэд хүлээлгэх хариуцлага гэж байхгүй” гэлээ.

Франц улс 2018 оны наймдугаар сард олон нийтийн газар хэн нэгнийг дагах, биед нь хүрэх, шүгэлдэх, зохисгүй үг хэллэгээр дуудах зэрэг ёс бус үйлдэл гаргасан этгээдийг €750 хүртлэх мөнгөн дүнгээр торгох хууль баталжээ. Үүнээс хойш жилийн хугацаанд 700 гаруй халдлага үйлдэгч хуулийн хариуцлага хүлээсэн байна.

Халдлагад өртсөн охид нийгэмдээ итгэх итгэлээ алддаг

Гудамжны халдлага нь хохирогчдод сэтгэл зүйн хийгээд бие махбодын хувьд ямар нөлөө үзүүлдгийг олон нийт тэр тусмаа халдлага үйлдэгчид мэддэггүй.

Охид бүсгүйчүүдийн өдөр тутамдаа нүүр тулдаг энэхүү асуудал тэдний хувцаслалт, нүүр будалт гэх мэт хувийн сонголт, орон зайд нь нөлөөлдөг. Түүнээс ч ноцтой нь халдлагад өртсөн эмэгтэйчүүд сэтгэл зүйн хувьд цочролд орж өөртөө болон нийгэмдээ итгэх итгэлээ алдаж, айдаст автдаг байна. АНУ-ын хуулийн байгууллага “Equal Rights Advocates”  мэдээлэхдээ хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн 90-95 хувь нь өөртөө итгэх итгэлээ алдаж, сэтгэлийн түгшүүр, сэтгэл гутралд орж, нойргүйдэх, толгой өвдөх, жин нэмэх, хасах гэх мэт эрүүл мэнд, бие махбодын хохирол амсдаг гэжээ.

Энэ тухай сэтгэл зүйч Г.Түвшинжаргалаас асуухад “Сэтгэл зүйн цочрол нь эхний 72 цагтаа хамгийн хурцадмал төлөвт байдаг. Энэ хугацаанд сэтгэл зүйн анхны тусламж үйлчилгээг үзүүлж чадаагүй тохиолдолд ажил, амьдралынх нь сайн сайхан байдалд ч сөргөөр нөлөөлөх үр дагавартай. Охид бүсгүйчүүд гудамж талбайн халдлагад өртсөнөөр олон нийтийн газраар явах, өөрийнхөөрөө байх эрхүүд нь зөрчигддөг. Ингэснээр ганцаардмал, нийгмээс тусгаарлагдсан байдалтай болдог. Тэгэхээр сэтгэл зүйн хувьд, бие махбодын хувьд, нийгмийн хөгжлийн хувьд ч тэр олон талаараа сөрөг үр дагавартай юм” гэлээ.

 Охид, бүсгүйчүүд гудамжаар аюулгүй алхах эрхтэй. Хүссэн цагтаа, хүссэн газартаа. Эмэгтэй хүний гоо сайхан халдлага үйлдэх шалтгаан биш юм.