Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүд яллагдагчаар татагдсан ч ирэх сонгуульд нэр дэвших эрх нь нээлттэй

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын Сонгуулийн тухай хууль энэ өдрүүдэд хэлэлцэгдэж буй. Уг хуулийн төсөлд нэр дэвшигчтэй холбоотой онцлох өөрчлөлтүүд тусгагдсаны нэг нь шүүхээс ял шийтгүүлсэн хүн ял, шийтгэлээ эдэлж дууссан бол УИХ-ын гишүүнд нэр дэвших эрх нь нээлттэй байх зохицуулалтыг тусгасан байна. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 30.7-д "Эрүүгийн хариуцлага хүлээж ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно" гэжээ. 

Энэ нь зөвхөн ял эдэлж байх хугацаандаа нэр дэвших эрх нь хаалттай бөгөөд яллагдагчаар татагдсан болон ял, шийтгэлээ эдэлж дууссан бол УИХ-ын сонгуульд нэр дэвших эрх нь нээлттэй байна гэж ойлгогдож байгаа.

Тэгвэл энэ парламентад яллагдагчаар татагдаад буй гишүүн одоогоор долоо байна. ЖДҮХС-гаас өөрийн болон хамаарал бүхий этгээдийнхээ эзэмшлийн компаниар зээл авсан, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал олгосон гэх хэрэгт ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болон Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир нар яллагдагчаар татагдан АТГ-т шалгуулж буй. 

Тэднийг шалгахад УИХ-ын гишүүний бүрэн эрх саад болж байгаа учир түдгэлзүүлж өгнө үү гэдэг хүсэлтийг УЕП асан Л.Энх-Амгалан чуулганд оруулж ирсэн. Гэвч гишүүд дээрх таван хүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм. 

Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амь насаа алдсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Түүнийг энэ явдлын талаар худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр энэ оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр яллагдагчаар татсан тухай прокурорын байгууллагын зүгээс албан ёсоор мэдэгдсэн билээ. 

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын тухайд түүнийг яллагдагчаар татах тухай тогтоолын Нийслэлийн прокурорын газраас өнгөрөгч аравдугаар сард баталсан

Түүнийг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт талбай нь давхацсан тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр нөхөн олговрын зориулалтаар тусгай зөвшөөрөл шинээр олгох талбайн солбицлыг баталсан байдаг.

Энэхүү шинээр тогтоосон тусгай зөвшөөрлөө төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэйгээ хамтран эзэмшдэг "Хэрх Илч" компанид шилжүүлж авсан бөгөөд үүний дараа "Алтай констракшн"-ны гэгддэг Х.Бат-Эрдэнийн "Бэст лэнд майнинг" гэх шинээр байгуулагдсан компанид уг тусгай зөвшөөрлөө худалдсан юм. 

Төрийн өндөр албан тушаалтнууд гэмт хэрэгт холбогдон хуулийн байгууллагад шалгуулж байгаа нь ёс зүйн хариуцлагатай холбоотой асуудал. Хэдийгээр шалгалтын явцад гэм буруугүй нь тогтоогдох, хэргийг хэрэгсэхгүй болох зэргээр ял шийтгэлгүй өнгөрч байгаа ч аливаа гэмт хэрэгт холбогдсон л бол дахин нэр дэвших, төрийн өндөр албан тушаал хаших зэргээс сайн дураараа татгалзах ёс зүйтэй байх ёстой гэдгийг иргэд шаардсаар ирсэн.

Гэтэл энэ удаа батлах гэж буй УИХ-ын сонгуулийн тухай хуулиар тухайн хүн гэм буруутай нь тогтоогдон, шүүхээс ял авч, түүнийгээ эдэлж дуусгасан бол нэр дэвших эрх нь нээлттэй хэвээр байх нь хэр зохистой асуудал бэ. 

Яллагдагчаар татагдсан гишүүн, иргэн хэн ч бай УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхтэй

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа. 

Гэрэл зургийг mpa.mn

Тэрбээр "Зөвхөн шүүхийн шийдвэр гарсан нөхцөлд л хүнийг гэм буруутайд тооцно гэж үздэг. Бусад үед тэгж үзэх боломжгүй юм. Тэгэхээр яллагдагчаар татагдсан гишүүн, иргэн хэн ч бай УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхтэй

Хүний сонгох, сонгогдох эрхийг хязгаарлаж болохгүй. Харин яллагдагчаар татагдаад байгаа нөхрийг сонгох уу үгүй юу гэдэг нь сонгогчдын шийдэх асуудал. Зарим иргэд Сонгуулийн тухай хуулиар олон асуудлыг хаалгах гээд байдаг. Жишээ нь, өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй болго гэдэг ч юм уу. Гэтэл бид хүний сонгох, сонгогдох эрхийг хааж болохгүй шүү дээ. Сонгуулийн хууль аль болон нээлттэй байх ёстой. 

Сонгуулийн хуулиар одоо байгаа гишүүдийг дахин нэр дэвшүүлэх эсэхээс илүү Монгол Улсын иргэний хэн нь ч сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхтэй болгох ёстой. Үүнд л сонгуулийн хуулийн мөн чанар оршино. 

Би хувьдаа гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлсэн нам өөрөө санал авахгүй гэж үздэг. Тийм учраас гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлж болохгүй. Харин үүнийг хуулиар хааж болохгүй" гэсэн юм.