Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлээгүй байна

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрөгч долоо хоногт Нийслэлийн прокурорын газраас Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татах тогтоолыг баталсан. Ингэснээр Ж.Эрдэнэбат гишүүн эрүүгийн хэргийн яллагдагчаар тооцогдох болсон юм. 

Үүнээс улбаалан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагаас УИХ-д хүргүүлсэн гэх мэдээлэл цацагдах болов. Энэ талаар НПГ-аас лавлахад "Одоогоор хэн нэгэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлээгүй байна" гэсэн хариулт өглөө.  

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай гэж үзвэл НПГ-аас Улсын Ерөнхий Прокурорт санал хүргүүлж, улмаар УЕП-оос УИХ-д уг саналыг хүргүүлнэ. 

Ж.Эрдэнэбат гишүүний яллагдагчаар татагдаад буй хэргийн талаар эргэн сануулахад, тэрбээр Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт талбай нь давхацсан тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр нөхөн олговрын зориулалтаар тусгай зөвшөөрөл шинээр олгох талбайн солбицлыг баталсан байдаг.

Энэхүү шинээр тогтоосон тусгай зөвшөөрлөө төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэйгээ хамтран эзэмшдэг "Хэрх Илч" компанид шилжүүлж авсан бөгөөд үүний дараа "Алтай констракшн"-ны Х.Бат-Эрдэнийн "Бэст лэнд майнинг" гэх шинээр байгуулагдсан компанид уг тусгай зөвшөөрлөө худалдсан юм. 

Түүний энэхүү үйлдлийг шалгуулахаар иргэд АТГ-т хандсанаар дээрх нөхцөл байдал тогтоогдон, яллагдагчаар татагдаад байгаа билээ.