Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

#НүүдэлШийдэл: Соёлын экспорт ба “The Hu” хамтлаг

ikon.mn
2019 оны 10 сарын 9
iKon.MN

Монгол ТВ телевизийн "Нүүдэл шийдэл" хэлэлцүүлгийн Даваа гарагийн (2019.10.07) дугаараар "Соёлын экспорт ба "The Hu" хамтлаг" сэдвээр ярилцлаа.

Хэлэлцүүлэгт оролцсон зочдын онцлох эшлэлийг хүргэж байна. 

 

Дуучин, ая зохиогч, "The Hu" хамтлагийн продюсер, Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Дашдондог

  • Үндэсний хэв шинжийг хадгалсан, дэлхийд гарч байсан хамтлагууд цөөнгүй байсан. Гэхдээ нэг нь сайн бүтээл хийхээр нөгөөдүүл нь борооны дараах мөөг шиг, болоогүй юмыг цувуулж их хийдэг. Тэр нь болж байсан нэгнийгээ булшилж хаядаг.
     
  • “The Hu” хамтлаг маш их судалгаан дээр үндэслэж гарч ирсэн.
     
  • Есөн жил бэлтгэл хийхдээ 2-3 жилд нь бид хамтлагаа байгуулсан. Бусад хугацаанд судалгаа, өнгө төрх, тоглох арга барилыг судалсан. Энэ туургатан дотор байгаа олон хамтлагийг сонсох, судлах, үүн дотор байхгүй зүйлс юу байгааг судалсан.
     
  • Зүгээр орчин үеийн үг хэллэгтэй рок дуу дуулж байсан бол хүмүүст таалагдахгүй байсан байх.
     
  • Бид үндэснийхээ хэв шинжийг рок хэлбэрт оруулж, түүнийгээ маш зөв бодлогоор гаргасан.
     
  • Өвөг дээдсийнхээ өмнө нь хийж байсан зүйлсийг сурталчилж байж л Монгол Улс хүчирхэг болох бололцоо байгаа. Үүнийг дагаад эдийн засаг хөгжих нь тодорхой. 
     
  • “The Hu” хамтлаг дэлхийд гарснаас хойш дагаад гарч байгаа эдийн засгийн үзүүлэлт маш өндөр гарч байна.
     
  • “The Hu” хамтлагийн цомог дэлхий даяар борлуулагдаж байгаа. Тоглолтуудыг дагаж зарагдаж байгаа дагалдах гоёл чимэглэл, зүүлт, хувцас гэх мэт зүйлийг борлуулна гэдэг асар том зах зээл байдаг юм байна. Тоглолтоосоо ч илүү ашиг олдог.
     
 

ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэг

  • Эх орноо гадаадад сурталчлах гэдэг ойлголтыг 1980-аад оны сүүлээс Зөөлөн хүчний бодлого гэдэг зүйлээр илэрхийлж байгаа.
     
  • ГХЯ гадаад бодлогынхоо үзэл баримтлалын хүрээнд Монгол Улсыг гадаадад сурталчлах үйл ажиллагааг нэгдсэн зохицуулалтаар хангаж, анхаарч ажиллах үүрэгтэй байгууллага.
     
  • ГХЯ-ны Соёлын газраас 2015 онд СУИС-ийн профессоруудаар Монгол Улс зөөлөн хүчний бодлогоор хэр байгаа талаар судалгаа хийлгэсэн. Энэ судалгаагаар, Монгол Улс зөөлөн хүчний бодлогын талаар нэгдсэн бодлого, зохицуулалт байхгүй байгаа нь харагдсан.
     
  • 2015 оны энэ судалгаан дээр үндэслэн 2016 онд бид хөтөлбөр боловсруулан Засгийн газраар батлуулаад явж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд салбарынхантайгаа нэгдсэн бодлогын дор хамтран ажиллах зорилготой.
     
  • Яамны зүгээс хувийн хэвшлүүд болон уран бүтээлчидтэйгээ хамтарч ажиллахад анхаарч байна.
     
  • Хийж байгаа ажлуудаа харахад бидэнд ололттой зүйлүүд байгаа. Цаашид сайжруулах зүйлс ч байгаа.
     
  • Зөөлөн хүчний бодлогыг сайжруулахад төсөв санхүүгийн асуудал бидэнд хүндрэлтэй байна. Хэрвээ төсөв санхүү нь байдаг бол “The Hu” хамтлаг дэлхийд танигдаж, Чингис хааныг сонирхож байгаа энэ үед нь гадны мундаг уран бүтээлчдээр түүхэн киногоо хийлгэе гэж бодоход бидэнд төсөв байхгүй.
     
  • Соёл урлагийг дэмжих сан гэж баймаар байгаа юм. Түүнд нь улсын төсвийн, эсвэл татварын тодорхой хувийг байлгадаг ийм хууль эрх зүйн зохицуулалт хэрэгтэй байдаг.
 

“Бүгд Найрамдах Нам”-ын дарга Б.Жаргалсайхан

  • Хүн төрөлхтөн зуу, зуун жилээр нийгмийн амьдралаа өөрчилдөг үелэлтэй.
     
  • Хүмүүс хүссэнээрээ амьдардаг, бүх хүн мэдээллээр хангагдсан эрин зуунд бид амьдарч байна. Энэ эрин зуунд бид яаж амьдрах вэ? Яаж өөрсдийнхөө трендүүдийг бий болгох вэ? Үүний нэг хэсэг нь соёл урлаг, нөгөө хэсэг нь спорт. Бас нэг хэсэг нь шинжлэх ухааны ололт амжилт.
     
  • Ийм трендүүд үүсгэх ёстой байтал бид их тааруу ажиллаж байгаа. Ялангуяа, Засгийн газрын бүтэц зохион байгуулалт муу байгаа.
     
  • Одоогоос 20-оод жилийн өмнө бид 40,000-50,000 төрийн албан хаагчтай байсан бол одоо 200,000 төрийн албан хаагчтай болсон. Яамдаа цөөлсөн ч тэнд ажиллаж байгаа хүмүүсийнхээ тоог нэмээд байдаг.
     
  • Гадаад явдлын яам гэдэг байгууллага гадаад дахь улс төрийн бодлогыг зохицуулж явах ёстой. Энэ байгууллагыг худалдааны яам болгоод одоо сүүлдээ соёлын яамны функцийг өгөх гэж байна.
     
  • Юун түрүүнд гадаад явдлыг хариуцсан тусдаа яам, худалдаа үйлдвэр эдийн засгийн яам, соёлын асуудал хариуцсан яамтай болмоор байна.
     
  • Шинэ санаа, шинэ трендүүдийг эхлээд дотооддоо маш сайн бэлдээд дараа нь түүнийгээ гадагш нь танилцуулах хэрэгтэй.
     
  • Манай улсад намын харьяаллаар хэнийг ч хамаагүй аваачаад сайдаар тавьчихдаг. Ямар ч ойлголт байхгүй хүнээр сайд, дарга хийлгээд байхаар яаж урагшаа явах вэ?
     
  • Манай улсын нийгмийн бүх салбарт мэргэжилтэй боловсон хүчин, мэргэжилтэн, ажилчин байхгүй. Дээр нь уламжлал байхгүй болсон.
     
  • Бид хууль зүйн орчноо эхлээд сайжруулах хэрэгтэй.
     
  • Манай урлагийнхан тоглолт, концерт хийж байвал амьдаар л тогло. Битгий бичлэг тавь. Бичлэг тавибал чулуугаар шид. Битгий үз.
     
  • Хүмүүс яаж Швед улсыг мэдсэн бэ гэвэл “АBBA” гэдэг хамтлагаар л Швед улсыг мэдсэн. 
 

Үүргэвчтэй аялагч Г.Ганхүү

  • Би 100 гаруй орноор аялсан. Эндээс харж байхад манай улс шиг Соёлын яамгүй улс маш цөөхөн.
     
  • Соёлын яамгүй улс яаж нэгдсэн соёлын бодлоготой байх вэ?
  • Манай монголчууд соёл, урлаг гэдэг үгийг хамтад нь хэрэглэсээр байгаад “соёл” гэдэг агуу ухагдахууны үнэ цэнийг багасгасан.
     
  • Урлаг гэдэг бол мэдээж бас нэг үнэ цэнэ. Гэхдээ соёлын нэг салаа мөчир нь юм.
     
  • Манай улс соёл, урлаг, аялал жуулчлал, спортын яам гээд бүгдийг нь нэг багцлаад багтаасан нь “соёл” гэдэг зүйлийг жинхэнэ утгаар нь ойлгоогүй, нэгдсэн ойлголтгүй явсны илрэл.
     
  • Тусгаар улсын хамгийн том дархлаа нь соёлдоо л байдаг.
     
  • Дэлхийн 200 гаруй улсаас юугаараа бид ялгарах ёстой вэ гэвэл соёлоороо л ялгарах ёстой.
     
  • Соёлоороо дамжуулж улс орныхоо эдийн засгийн үр өгөөжийг нэмж болно гэсэн ухагдахууныг л “Соёлын экспорт” гэнэ.
     
  • БНСУ улс соёлоороо дамжуулж ДНБ-ийхээ 20 гаруй хувийг олдог.
     
  • Солонгос улсын тухайд яривал ТВ-ийн контентууд, поп хамтлагууд, компьютер тоглоомууд гээд энэ бүгдийгээ нийлүүлээд “K pop” гэж байсан бол одоо “K wave” буюу Солонгосын давлагаа гэдэг зүйлийг бий болгоод явж байна.
     
  • Улс орон юугаараа экспорт хийвэл бусдаас ялгарч чадах вэ гэдгийг “The Hu” хамтлаг харуулж байна.
     
  • Хятад улсын хувьд “K pop” шиг соёлын экспорт хийж чадахгүй учраас хоол, хүнсний экспорт хийж эхэлж байна.
     
  • KFC, том сүлжээ Mc Donald’s эд бүгд чинь бүгд соёлын экспорт.
     
  • Английн соёлын довтолгооны нэг хэсэг нь хөлбөмбөг.
     
  • Бидэн шиг түүхтэй улс дэлхийн 200 улсаас гарын таван хуруунд багтахуйц тийм цөөхөн.  
     
  • Би дэлхийн 100 гаруй орноор явахдаа “I’m from Mongolia” гэхээр мэддэг хүн цөөхөн байдаг. Гайгүй боловсролтой хүмүүс нь Чингис хаан гэдгээр нь л мэддэг.
     
  • “The Hu” хамтлаг Монголоо дэлхий даяар сурталчилж байна. Энэ бол хамгийн том үр өгөөж нь.
     
  • Бид спорт руу дэндүү хэлбийсэн. Оюуны өмч, урлаг соёл гэдэг зүйлийг мартсан.
     
  • Соёлын яамыг л хамгийн түрүүнд байгуулах ёстой.
     
  • Бүх зүйлийг төсөв мөнгөтэй холбоод орхиж болохгүй. Энэ бол ерөөсөө хандлагын асуудал.
 

 

"Нүүдэл шийдэл" нэвтрүүлгийн "Соёлын экспорт ба "The Hu" хамтлаг" дугаарын давталтыг та бүхэн энэ Ням гарагийн 17:20 цагаас Монгол ТВ телевизээр үзэх боломжтой.

Онлайнаар https://www.ori.mn/ сайтаас нөхөж үзэж болно.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.