Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

З.Оюунбилэг: Түүхийн дурсгалт үнэт барилгуудыг сэргээн засварлаж ашиглах боломжтой

Д.Чанцалдулам, Үндэсний шуудан
2019 оны 9 сарын 27
Үндэсний шуудан
 

“Архитектурын дурсгалт барилгын хадгалалт, хамгаалалт” хурал өчигдөр боллоо.

Уг хуралд Байгалийн түүхийн музей, Драмын театр, Дуурийн театр, Үндэсний номын сангийн барилга ашиглалт, сэргээн засварлах, дахин шинээр барих эсэх талаар ярьсан. Энэ үеэр Монгол Улсын зөвлөх архитектур, доктор 3.Оюунбилэгтэй цөөн хором ярилцлаа.

-Дээрх дөрвөн барилгыг нурааж, шинээр барих асуудал Засгийн газраас ярьж эхэлсэн. Энэ асуудал дээр таны байр суурь ямар байгаа вэ?

-Олон улсын хэмжээнд мөрдөж байгаа сэргээн засварлахын таван аргаас авч үзвэл нураагаад шинээр дахин өмнөх шиг нь барина гэсэн зүйл огт байхгүй. Дэлхийд тийм зүйл гэж байдаггүй, би уншаагүй, сонсоогүй. Би түүхийн үнэт эдлэл болох энэ гурван барилгатай газар дээр нь очиж танилцсан.

Тухайн үед гарч байсан мэргэжлийн хяналтын дүгнэлтүүд, техник, эрсдэлийн судалгаанаас авч үзэхэд үндсэн барилгад ноцтой асуудал байхгүй байсан. Тухайлбал, гурван барилгын суурь чулуун бетон шонтой.

Үндэсний номын сангийн хувьд хоёр талын жигүүрийн хэсэг ан цав гарсан. Драмын театрын хувьд өргөтгөл хийсэн хэсгийн суурь нь суулт өгсөн. Эдгээр гурван барилгын ганц асуудалтай зүйл нь дээврийн асуудал байгаа юм. Бүх барилгын дээврээс ус гоождог юм билээ. Байгалийн түүхийн музейг нураах шийдвэр гарсан, тендер зарласан байгаа гэсэн. Энэ барилгуудыг иж бүрэн засвар хийж, сэргээн засварлаад ажиллах бүрэн боломжтой байгааг хэлье.

-Нурааж шинээр барих хэрэгтэй гээд байгаа гурван барилгат хэзээ хамгийн сүүлд сэргээн засварлалт, бүрэн хэмжээний засвар хийсэн юм бол?

-Баригдсан цагаасаа хойш сэргээн засварлах иж бүрэн засвар ганц ч удаа хийж байгаагүй. Анх 1949 оноос хойш ашиглалтад орсон барилгууд шүү дээ. Дурсгалт, болон түүхэн аливаа барилгыг ашиглаж байгаа байгууллага бүрэн хариуцах хяналт тавьж засварлах. Арчилж, тордох ёстой байтал тийм зүйл огт хийгээгүй нь харагдаж байна.

-Эдгээр барилга дотор ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдал хангахгүй гэж харж байна. Мэргэжлийн хүмүүс ямар дүгнэлт гаргасан юм бол?

-Мэргэжлийн хяналтын байгууллагаас  гурван барилга дээр хоёр ч удаа ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт гарсан юм билээ. Аюулгүй ажиллах нөхцөл, хуулийн норм хангахгүй байна гэж гарсан. Зориулалтын үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд техник технологийн өөрчлөлт хийгээгүй, 1950-аад оны үед суурилуулсан мотор, троссоор тайзаа ажиллуулж байна. Анх тэр байшинг барьж байхад байсан бүх зүйл бий.

Харин Үндэсний номын сан бол зургаан давхар барилгын даацаар ажиллаж байна. Уг барилгын тааз 4.60 метрийн өндөртэй гэтэл үүнийг голоор нь тааз, шал хийгээд хоёр давхар номын тавиур, уншлагын заал хийж ажиллаж байгаа учраас даац хэтрэх нь тодорхой.

Тохирох хэмжээний хүчин чадлаар ажиллуулаад, өргөтгөл барьж эсвэл шинэ газар XXI зуунд тохирсон, шаардлага хангасан, техник технологитой барилга дахин барих хэрэгтэй. Мөн номын сангийн шинэ байр 2020 онд ашиглалтад орно. Хуучин байрандаа үнэт бичвэр, ном хэвлэлээ үлдээх хэрэгтэй. Тэнд хадгалж байх нь зүй ёсны хэрэг юм.

-Мэргэжлийн хяналтын дүгнэлтээр шаардлага хангахгүй гэж удаа дараа гарч байсан юм байна. Тухайн үед нь яагаад сэргээн засвар хийгээгүй юм бол?

-Тухайн салбарын яаманд би ажиллахаа болиод удаж байна. Энэ талаар сайн мэдэхгүй. Би сэргээн засварлахын зөвлөх архитектур учраас үүргээ биелүүлж баримттайгаар одоо сэргээн засварлах хэрэгтэй гэдгийг хэлж байгаа юм. Засаж болох бүх засварыг хэлсэн.

-Сэргээн засварлах мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэдэг сургууль манай улсад бий юу?

-Үндсэндээ гарын арван хуруунд багтах л мэргэжилтэн байгаа. Үүнийг бодлоготойгоор мэргэжилтэн бэлдэх хэрэгтэй. Сүүлийн үед архитектурын ангид дурсгалт газар сэргээн засварлах арга зүй гэдэг хичээлийг зааж эхэлж байгаа. Сэргээн засварлах мэргэжилтэн гэдэг нь дотроо өөр өөр чиглэлтэй. Тухайлбал, музейн сэргээн засварлагч гэж тусдаа байх жишээтэй.

-Тэгэхээр боловсон хүчин байхгүйтэй адил байхад энэ гурван барилгыг сэргээн засварлах боломжтой юм уу?

-Сэргээн засварлахад чиглэл чиглэлийн хүмүүс баг болж ажиллах хэрэгтэй. Хамтарч ажиллахад боломжтой гэж бодож байна.

-Дахин шинээр баривал хуучинтайгаа адилхан барих боломжтой юу?

-Өмнө нь барьсан бүх хүний түүхийг устгаж байна гэсэн үг. Тухайн үеийн нэр хүндтэй, хүмүүсийн сэтгэл шингээж хийсэн бүх зүйлийг нь ор мөргүй арилгаж байгаа хэрэг. Онцгой тохиолдолд дахин эх хувилбараар нь барих боломжтой. Гэтэл энэ барилгуудыг нураагаад шинээр хэмжээг нь том болгоод барина гэж Засгийн газраас яриад байгаа нь боломжгүй юм.

-Монгол Улсад түүхийн өв соёл хадгалсан хэр нь шаардлага хангахгүй байгаа хэчнээн барилга байдаг вэ?

-2014-2015 оны түүх соёлын өв дурсгалын жагсаалтыг шинэчлэх улсын тооллого хийсэн. Энэ үеэр 200 орчим барилгыг дурсгалт барилга болгоё гэж санал оруулсан.

-Үндэсний өв соёл хадгалсан барилгуудыг ямар тохиолдолд шинээр барьдаг юм бол?

-Газар хөдлөлт, дайн, гал түймэр зэрэг байгалийн гамшгаас болж ор үндэсгүй устсан тохиолдолд шинээр барина. Дахин барихдаа сэргээн засварлахтай адилхан эх сурвалж, түүхэн баримт, үнэ цэнэ, газар дээрх хэмжээ зэргийг үндэслэн өмнөх эх байдлаар нь дахин сэргээн босгох боломжтой.

Түүх, урлаг соёлын үнэ цэнийн хувьд, тухайн барилгын архитектурын хөгжлийн түүхийг, нүүдлийн иргэншлийн соёлыг харуулсан. Тухайн үеийн нэрт барималчдын гараар бүтсэн энэ түүхэн дурсгалыг харуулах үнэ цэнэтэй барилга юм .

-Манай улсад түүхэн барилга байгууламжаа сэргээн засварлахад орох түүхий эд, материал нь байгаа юу?

-Түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах газар 1973 онд байгуулагдаад, 1995 онд хувьчлагдсан. Тухайн үеийн Соёлын яамнаас хувьчилж болохгүй соёлын байгууллагын жагсаалтад оруулсан байсан ч дээгүүрх хүмүүс нь хувьчилчихсан.

Тэр газар байхад хөх ваарыг үйлдвэрлэдэг бүхэл бүтэн цех байсан. Одоо байхгүй. Дандаа Хятадаас авчирч байна. Хөрөнгө мөнгөний бэрхшээлээс болоод ч юм уу, ач холбогдол өгөхгүй байгаагаас ч юм уу одоогоор байгуулаагүй байна.

Зураг