Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Турк улс руу шууд нислэг үйлдэх санамж бичиг байгууллаа

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 9 сарын 20
iKon.MN
 

Монгол Улс, Бүгд Найрамдах Турк улсын Засгийн газар хооронд байгуулагдсан Агаарын харилцааны хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах санамж бичигт өнөөдөр хоёр тал гарын үсэг зурлаа.

Ингэснээр Монголын авиа компани БНТУ руу 7 хоногт 3 удаагийн давтамжтай, шууд нислэг үйлдэхээр болж байгаа тухай Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдээллээ.

Тодруулбал, 2012 оноос хойш Туркиш Эйрлайн компани Истанбул-Бишкек-Улаанбаатар-Бишкек-Истанбул маршрутаар 7 хоногийн 3 удаагийн давтамжтайгаар нислэг үйлддэг байсан бол санамж бичигт өөрчлөлт орсноор Монголын Авиа компани Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар гэсэн маршрутаар дундын зогсолтгүй шууд нислэг үйлдэх боломжтой болж байгаа юм.

Одоогийн байдлаар зөвхөн Туркийн талаас “Туркиш Эйрлайн” авиа компани 500 суудлын хязгаартайгаар үйлчилдэг бол шууд нислэгтэй болсноор нийт 800 суудлын хязгаартайгаар үйлчлэх аж.

Мөн Улаанбаатар-Станбул-Улаанбаатар чиглэлд ийнхүү нислэгийн тоо, суудлын тоо, нислэг үйлдэх авиа компани нэмэгдэж өрсөлдөөн бий болсноор тийзний үнэ буурах, Европ чиглэл рүү нисэхэд цаг хугацаа хэмнэх болон аяллын үнэ хямдрах зэрэг олон гарц нээгдэх юм.

Санамж бичгийг хоёр талд нот бичгээр солилцсоноор хэрэгжиж эхлэх юм байна.

Анх Монгол Улс болон БНТУ-ын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны хэлэлцээрийг 1995 онд байгуулж байжээ.

Агаарын харилцааны хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах хоёр талт уулзалт хоёр өдөр үргэлжилсэн бөгөөд Туркийн талаас тус улсын Иргэний нисэхийн удирдах байгууллагын Ерөнхий захирал Бахри Кесиси тэргүүтэй төлөөлөгчид, Монголын талаас ЗТХЯ-ны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга, Ажлын хэсгийн ахлагч Д.Мягмарсүрэн, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцсон байна.