Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Намуун" хүүхдийн сангаас 14 аймаг, зургаан дүүргийн өрхийн эмнэлэгт 20 машин бэлэглэлээ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mm

Монгол Улсад өрхийн анагаах ухааны шинэ тогтолцоо үүсэн байгуулагдсаны түүхт 20 жилийн ой өчигдөр тохиосон билээ. 

Тус ойг тохиолдуулан 14 аймаг, зургаан дүүргийн өрхийн эмнэлгүүдийн албан хэрэгцээнд "Намуун" хүүхдийн сангаас машин бэлэглэлээ. 

Энэхүү үйл явдал нь өрхийн эмнэлгийн үйлчилгээг хүн бүрт хүрч ажиллахад үнэтэй хувь нэмэр оруулсан явдал болохыг Монголын 21 аймгийн өрхийн эрүүл мэндийн төвийнхөн онцолж байв. 

 
Гэрэл зургийг MPA.mm

"Монгол Улсад өрхийн эрүүл мэндийн тогтолцоо үүссэнээс хойш 20 жилийн хугацаанд өрхийн эмнэлэгт 3000 эмч мэргэжилтэн ажиллаж, хүн амын 70 хувь буюу 2.4 сая хүнд анхан шатны 100 гаруй төрлийн тусламж үйлчилгээг үзүүлэн, 20 гаруй төрлийн шинжилгээ хийж байгаа билээ. 

Өрхийн эмнэлгээр үйлчлүүлэгчдийн ихэнх хувийг бага насныхан, өндөр настнууд болон байнгын эмчилгээ асаргаанд байдаг өвчтөнүүд эзэлдэг юм байна. Иймд эдгээр хүмүүст хүрч үйлчлэхэд зориулан Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээлд үйл ажиллагаагаа явуулдаг "Намуун" хүүхдийн сангаас өрхийн эрүүл мэндийн төвүүддээ нийт 20 машин хандивлаж байгаадаа баяртай байна хэмээн  "Намуун" хүүхдийн сангийн тэргүүн Б.Намуун машин гардуулах ёслолын үеэрээ онцоллоо. 

 
Гэрэл зургийг MPA.mm

Орхон аймгийн “Нийцэл” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Г.Болормаа "Өрхийн эмнэлгүүд иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай байдаг зүйлийн нэг бол машин юм. Тухайлбал, гэрийн эргэлт, хөнгөвчлөх эмчилгээ, яаралтай тусламжийн дуудлагад их хэрэг болдог. 

Манай өрхийн эрүүлд мэндийн төв нь гурван том багийн 11,000 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Машин бэлэглэсэн "Намуун" хүүхдийн сангийн хамт олонд Орхон аймгийнхаа нийт ард иргэдийн өмнөөс талархсанаа илэрхийлье" хэмээв. 

 
Гэрэл зургийг MPA.mm

Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны гүйцэтгэх захирал Ш.Хажидмаа "Өрхийн эмнэлэгт үйлчлүүлэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Хүн болгонд хүрч үйлчлэхэд унаа тэрэгний асуудал их тулгардаг. Энэ хэрэгцээг хангаж буй явдалд Өрхийн эрүүл мэндийн төвийн холбооны зүгээс талархсанаа илэрхийлье.

Өрхийн эрүүл мэндийн төв Монгол Улсын хүн амын 2.4 саяд нь хүрч үйлчилдэг хэрнээ эрүүл мэндийн салбарын дөрвөн хувийн санхүүжилтээр санхүүждэг. Үүнээс болоод иргэдэд хүрэх тусламж үйлчилгээ, доголдох асуудал үүсдэг. Иймд цаашид хүн болгонд хүрч үйлчлэх боломж олгох, эмч, сувилагчдыг тогтвортой ажиллах бололцоогоор нь хангах асуудлууд шийдэгдэнэ гэж найдаж байна. Монгол Улсын өрхийн эмнэлэг үүсэж байгуулагдсаны ойн мэндийг хүргэе" гэв.

 
Гэрэл зургийг MPA.mm

Завхан аймгийн "Дөрвөн оноо" өрхийн эрүүл мэндийн төвийн  дарга, их эмч Д.Отгончимэг "Бид Завхан аймгийн Улиастай сумын нийт 22,000 хүн амд анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Машины хэрэгцээ шаардлага бидэнд маш их гардаг. Харин өнөөдөр машинтай болсондоо маш их баярлаж байна. Одоо манай төв нийт хоёр машинтай боллоо. Бидний ажлыг хөнгөвчлөх энэ том бэлгийг өгсөнд "Намуун" хүүхдийн сангийн хамт олонд баярлалаа" хэмээв. 

 
Гэрэл зургийг MPA.mm
 
Гэрэл зургийг MPA.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.