Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Алтай: Манай зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагч буюу хөрөнгө оруулалтын сангууд үндсэндээ байхгүй байна

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) гүйцэтгэх захирал Х.Алтайтай ярилцлаа.

- Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хөрөнгийн зах зээлийн идэвх эрс сэргэсэн. Энэ юутай холбоотой өөрчлөлт байсан тухайгаас ярилцлагаа эхэлье.

- Өнгөрсөн хоёр жилд Монголын хөрөнгийн зах зээл амжилт, их сэргэлтийн үе байлаа.

МХБ дээр урьд өмнө нь хийгдэж байгаагүй олон тооны IPO амжилттай хийгдэж, манайханд хувьцааны хөрөнгө оруулалт хийх сонирхол бий болсон байна.

Түүхий эдийн ханш 2016 оноос хойш өсөлттэй байсны улмаас эдийн засаг өсч,  хувьцаат компаниудын ашигт ажиллагаа сайжирсан, олны танил томоохон компаниуд IPO хийх болсон нь зах зээлийн өсөлтөд нөлөөлсөн.

Хөрөнгийн биржийг урт хугацаанд хямд эх үүсвэр татан төвлөрүүлэх бодит боломж гэдгийг хувьцаа гаргасан компаниуд өөрсдийн жишээгээрээ баталж, энэ нь хувьцаагаа гаргах компаниудын давалгааг бий болгож байна.

Мөн банкин дахь иргэдийн харилцах, хадгаламжийн үлдэгдэл урьд өмнө байгаагүй хэмжээгээр өссөн, хадгаламжийн хүү тогтмол буурсан, хадгаламжийн хүүгийн орлогоос татвар ногдуулдаг болсон зэрэг хүчин зүйлийн улмаас хөрөнгийн зах зээлд оролцох сонирхолтой иргэдийн тоо нэмэгдсэн гэж үзэж байна.

График 1, 2019 оны 1 сарын байдлаар, нийт хадгаламж 19.4 их наяд төгрөг буюу 7.5 тэрбум долларт хүрээд байна,

 

Бид зах зээл идэвхжиж байгаа энэ цаг үед хөрөнгө оруулалтын болон үнэт цаас гаргах орчныг таатай болгох үүднээс зохицуулалтын бүх дүрэм журмаа өнгөрсөн онд шинэчилсэн төдийгүй анхны давхар бүртгэлийг нэвтрүүлж, Канадын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компанийг бүртгэсэн зэрэг ахиц дэвшлүүд бас эергээр нөлөөлсөн.

График 2,  Хувьцааны арилжааны үнийн дүн,

 

- 2019 он гарсаар ямар ажлууд амжуулсан бэ?

- Хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа өмнөх оны мөн үеэс 2 дахин, хоёрдогч зах зээлийн арилжаа 20 орчим хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Оны эхний хагас жилийн байдлаар 4 IPO амжилттай хийгдсэн байгаа нь өмнөх жилийн түүхэн үзүүлэлтийг энэ жил давж шинэ амжилт тогтоох өндөр магадлалтай харагдаж байна.

Мөн 2018 онд өмнөх оноос гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоо огцом нэмэгдэж, нийт арилжааны 40 орчим хувьд хүрч энэ хандлага хэвээр үргэлжилж байна.

Энэ нь манай зах зээлд итгэх гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж байгаагийн илрэл юм. IPO-гийн давалгаа үргэлжлэх тусам урт хугацаанд хөрөнгө оруулах хөрөнгө оруулалтын сангуудын үүрэг оролцоо маш чухал. Тийм учраас дотоодод хамтын хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах үндэс суурийг тавих “Хамтын хаалттай хөрөнгө оруулалттай сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын төслийг боловсруулж, батлуулахад бэлэн болоод байна. Энэхүү журам батлагдсанаар хөрөнгө оруулалтын сангууд МХБ-ээр дамжуулан олон нийтээс хөрөнгө босгож, босгосон хөрөнгөөрөө МХБ дээр арилжигдаж буй үнэт цаасанд хөрөнгө оруулж, ашгаа нэгж эрх эзэмшигчдэд хуваарилах байдлаар ажиллах юм. Ингэснээр иргэд хөрөнгө оруулалтын оновчтой бодлогоор хангагдах, үнэт цаасны үнэ ханш харьцангуй бодит түвшинд, хэлбэлзэл багатайгаар тогтох, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахад эерэг нөлөө үзүүлэх зэрэг үр дүнд хүрэх боломжтой. 

Мөн олон нийтийн хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор нийт 5 аймагт хөрөнгийн зах зээлийн өдөрлөгийг амжилттай зохион байгуулж, 8,000 хүнийг сургалт, мэдээ мэдээллээр хангаад байна. Энэ ажлыг цаашид үргэлжлүүлж, энэ ондоо нэмж 5 аймагт өдөрлөг хийхээр төлөвлөж байна.

Түүнчлэн, бүртгэлтэй хувьцаат компаниудын үүргийн хэрэгжилтийг хангуулах замаар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараалсан арга хэмжээнүүдийг авч, энэхүү арга хэмжээний хүрээнд, МХБ-ийн үнэт цаасны бүртгэлийн шалгуур, шаардлага хангахгүй байгаа хувьцаат компаниудад хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх хугацаатай үүрэг даалгавар өгч, заасан хугацаанд холбогдох зөрчлийг арилгаагүй 21 компанийг бүртгэлээс хаслаа.

Ингэснээр биржид бүртгэлтэй компаниудыг чанаржуулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэх ач холбогдолтой юм.

- Сүүлийн хоёр жилийн хугацаанд гаргасан IPO –нуудын зарим нь амжилттай зарим эсрэгээрээ байна. Энэ юутай холбоотой гэж үзэж байна вэ?

- IPO гэдэг нь хувийн компани олон нийтийн өмч болж байгаа хэлбэр.

Хувьцаа худалдан авч хөрөнгө оруулж байгаа иргэний эрх ашгийг хамгаалахын тулд тогтсон дүрэм, журмаар явуулах ёстой. Энэхүү харилцааг бий болгож өгдөг нь бирж, харин хяналт тавьдаг этгээд нь Санхүүгийн зохицуулах хороо.

IPO хийж, хувьцаат компани болсноор тухайн компани нь олон нийтийн эзэмшилд очиж, хувьцаа нь хөрвөх хэрэгсэл болно. Менежментийн хувьд шинэ стандарт бий болж уг компани цаашид бизнесээ өргөжүүлэх, шинэ бүтээгдэхүүн гаргах, зах зээлээ тэлэх зэрэг олон боломж бий болдог.  

Манай зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагч буюу хөрөнгө оруулалтын сангууд үндсэндээ байхгүй байна.

Зах зээлд хөрөнгө оруулж байгаа оролцогчид нь дийлэнхдээ хувь хүмүүс байдаг учраас хувьцааг маш богино хугацаанд эзэмшиж ашиг олох сонирхолтой байдаг. Ингээд цөөн хэдэн сар хувьцаа хадгалаад эргүүлж бөөнөөрөө зараад эхлэхээр ямар ч сайн компанийн хувьцаа байсан үнэ ханш нь унах нь тодорхой болдог.

Гэтэл хувьцаа нь урт хугацаанд өгөөжөө өгдөг бүтээгдэхүүн.

Үнэт цаасаа гаргаж байгаа компаниуд бүгд үнэт цаасны танилцуулгадаа олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тухайгаа дурдсан байдаг. Үүнд хэдэн сарын дотор хэрэгжээд дуусч үр өгөөжөө өгнө гэсэн төсөл нэг ч байхгүй, дандаа хэдэн жилийн туршид үргэлжлэх төслүүд байдаг. Иймд урт хугацаанд хөрөнгө оруулах сангууд байгуулагдаж, эдгээр IPO хийж буй компаниудад хөрөнгө оруулах, мөн гадаадын томоохон сангуудыг татаж оруулж ирэх асуудал нэн тулгамдаж байна.

- Монголд хөрөнгө оруулалтын сангууд орж ирэх боломж хэр нээлттэй байдаг вэ?

- Сүүлийн жилүүдэд манай зах зээл идэвхжиж байгаатай холбогдуулан олон улсын хөрөнгө оруулалтын сангууд манай зах зээлийг ихээр сонирхох болсон.

Үүний тод жишээ нь БНСУ-д хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхэлдэг “Райнос Ассет Менежмент” компани энэ оны тавдугаар сард Монголд өөрийн салбар компаниа байгуулж, Монгол улсад хөрөнгө оруулалтын менежмент, хөрөнгө оруулалтын сан байгуулан үйл ажиллагаагаа эрхэлж буй анхны гадаадын компани боллоо. Тус компани нь 2018 онд “Ленд МН ББСБ” ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаанд стратегийн хөрөнгө оруулагчаар орж байсан юм.

Хөрөнгийн зах бол гадны хөрөнгө оруулалтыг эдийн засаг руугаа татах томоохон суваг. Энэ сувгаа бүрэн нээхийн тулд нэн яаралтай хөрөнгө оруулалтын сангийн эрх зүйн орчныг хөрөнгө оруулагчдад ээлтэй болгох шаардлагатай байна.

Тухайлбал гадаадын хөрөнгө оруулалтын сангуудыг татах, оролцоог нь нэмэгдүүлэхийн тулд таатай хөрөнгө оруулалтын орчин, дэд бүтцийг бий болгох, төлбөр тооцооны дараа төлбөрт Т+2 системийг нэвтрүүлэх ёстой.

Түүнчлэн, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулахад одоогийн зарим зохицуулалт хүндрэл учруулахаар байна. 

Тухайлбал хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулахад Хорооны зөвшөөрөл шаардлагагүй байхаар хуулинд тусгасан байдаг ч Хорооны журмын дагуу хувийн сан, хамтын сан ялгаагүй зөвшөөрөл авах шаардлагатай байдаг.

Мөн хөрөнгө оруулалтын менежер хэд хэдэн сан зэрэг удирдах нийтлэг практик олон улсад байдаг ч манай журмаар сан бүр тусдаа менежертэй байх шаардлага тавигддаг нь олон улсын практикаас гажсан, үргүй зардлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчдад давхар чирэгдэл үүсгэх үндэслэл болдог.

Энэ шаардлагаас болоод нэмж сан байгуулахаа больсон ч тохиолдол бодит амьдрал дээр бий. Дэлхийн нийтлэг зарчим бол хөрөнгө оруулалтын менежер нь хөрөнгийн менежментийн зөвшөөрөл авсан л бол, гэрээний үндсэн дээр сангууд байгуулаад удирдаад явдаг.

Гэтэл манайд үүсгэн байгуулж байгаа сан бүрийг компани хэлбэрээр байгуулж улсын бүртгэлд бүртгүүлэх гэх мэт маш их хүндрэл чирэгдэл учруулсан зохицуулалтууд байдгийг олон улсын нийтлэг практиктай нийцүүлж, уян хатан болгож дотоод, гадаадын хөрөнгө оруулалтын сангуудын оролцоог бодлогоор дэмжих нь зүйтэй. Эдгээрийг цаг алдалгүй хийхгүй бол хөрөнгө оруулагчдын хувьд хөрөнгөө хийх цорын ганц газар нь Монгол биш учир нааш ирэх байсан хөрөнгийн урсгал өөр тийшээ яваад өгнө. Бид маш их өрсөлдөөнтэй ертөнцөд амьдарч байна шүү дээ.   

- Та бүхний ярьж байсан Т+2 төлбөр тооцооны систем нэвтрүүлэх ажил ямар шатанд явж байгаа вэ?

- Гадаадын ихэнх томоохон хөрөнгө оруулалтын сангууд зөвхөн төлбөр тооцооны Т+2, Т+3 гэх мэт дараа төлбөрт тогтолцоотой зах зээлд хөрөнгөө оруулдаг.

Манайх шиг урьдчилсан төлбөрт системтэй зах зээлд хөрөнгө оруулахыг хэтэрхий эрсдэлтэй гэж үздэг учраас журмаараа хориглодог юм билээ.

Тийм учраас бид 2017 оноос хойш Т+2 системийг нэвтрүүлэхээр ажиллаж, зах зээлийн мэргэжлийн байгууллагууд хамтран холбогдох журмын төслүүдийг Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулахаар өнгөрсөн оны зургаадугаар сард буюу жил гаруйн өмнө хүргүүлсэн.

Журмуудыг хүчин төгөлдөр мөрдөж эхлэхийн тулд Хорооны зөвшөөрөл хүлээгдэж байна. Хорооноос гадаадын зөвлөхүүдийн саналыг авна гэж хүлээлгэж байгаа, удахгүй шийдэгдэх байх гэж найдаж байна.

Одоо компаниуд шинээр хувьцаа ихээр гаргаж байгаа IPO давалгаа явж байгаа яг энэ таатай үед нэг хоногийн өмнө ч гэсэн хэрэгжиж эхэлбэл уг нь манай зах зээлд ашигтай.

Түүнчлэн төлбөр тооцооны Т+2 горимыг нэвтрүүлбэл мөн олон улсын зах зээлийн зэрэглэлтэй болох боломж бүрдэнэ. Жишээлбэл FTSE Russell-ийн Frontier зах зээлийн зэрэглэлтэй болсноор Норвегийн сан зэрэг гадны томоохон хөрөнгө оруулалтын сангуудын хөрөнгийг шууд МХБ-руу татах боломж нээгдэнэ.  

Эрдэнэс Таван Толгой энэ үеийг алдахгүй хувьцаагаа гаргах хэрэгтэй

- Эрдэнэс Таван Толгой ХК IPO хийх тухай мэдэгдээд удсан. Эхлээд дотоодын биржид гаргах ёстой, ёсгүй гэх яриа бий. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

- Манай улсын эдийн засгийн нэг гол хөдөлгүүр нь төрийн өмчит компаниуд.

Эдгээр төрийн өмчит компаниуд дээр IPO хийж, олон нийтийн өмч хөрөнгө болгох ёстой гэж боддог. Эрдэнэс Таван Толгой компаний хувьд 2011 онд төрөөс бодлого гаргаж, тухайн компанийн 1,072 хувьцааг иргэн бүрт эзэмшүүлсэн. Харин энэхүү хувьцааны үнэ цэнийг бодитой болгох алхам нь гадаад, дотоодын хөрөнгийн биржид тус хувьцааг гаргах юм.

Гадаад зах зээлд IPO хийж хөрөнгө босгосноор аливаа өрийн дарамт үүсгэхгүйгээр гадны хөрөнгө татаж уурхайн үйл ажиллагаа, дэд бүтцийг сайжруулж тус компаний улсын эдийн засагт үзүүлж байгаа эерэг нөлөөг огцом нэмэгдүүлэх боломжтой.

Дотоодын биржид хувьцааных нь арилжааг эхлүүлснээр ард иргэдэд олон жилийн өмнөөс үүссэн хүлээлт ажил хэрэг болж, иргэд маань хувьцааны үнийн зөрүү, ногдол ашгаас ашиг хүртэх боломж нээгдэнэ. Иргэд хувьцаагаа захиран зарцуулах, үр шимийг нь бодитоор хүртэх эрх нь үүснэ, мөн хоёрдогч зах зээлийн арилжаагаар хувьцааны бодит үнэ ханш нь тогтоно. Нээлттэй ХК болсноор компанийн үйл ажиллагааны ил тод байдал нэмэгдэж, ард иргэд илүү мэдээлэлтэй болно.

- Эрдэнэс Таван Толгойн IPO –г 2019 ондоо хийх нь зохимжтой юу?

- Дэлхийн зах зээл дээр нүүрсний ханш 2016 оноос хойш өсөлттэй байсан, дотоодын эдийн засгийн сэргэлт хүлээлтээс давж байгаа зэрэг макро орчин таатай төдийгүй Эрдэнэс Тавантолгой компани 2017, 2018 онуудад ашигтай ажилласан зэрэг компанийн үзүүлэлтүүд сайн байна.

Ийнхүү макро орчин эерэг, компанийн үйл ажиллагааны үзүүлэлтүүд сайн байгаа үе нь хувьцаагаа гаргах хамгийн таатай үе.

Нүүрсний үнэ энэ хэмжээндээ ямар хугацаанд ийм өндөр түвшинд байхыг таамаглахад бэрх. Түүхийн эдийн үнэ өсөх буурах циклтэй байдгийг бид сүүлийн хэдэн жил улсынхаа эдийн засгаар бишгүй мэдэрсэн. Тийм болохоор энэ үеийг алдахгүй хувьцаагаа гаргах хэрэгтэй болов уу.