Монгол Улс болон Европын Холбооны /ЕХ/ хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд МҮХАҮТ-аас ЕХ-ны гишүүн улсуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нартай хамтарсан уулзалт өнөөдөр зохион байгууллаа.
Уулзалтаар ЕХ, МҮХАҮТ хоорондын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, худалдааг дэмжих, хөнгөвчлөх болон нэмэгдүүлэх, түүнд тулгарч байгаа бэрхшээлүүдийг шийдэх асуудлаар санал солилцов.
Манай улс 2005 оноос ЕХ-ны шинэчилсэн хөнгөлөлтийн ерөнхий системд хамрагдаж 7,200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн гаалийн татваргүй экспортлох боломжтой болсон. Гэвч сүүлийн 10 жилийн экспортоос харахад самнасан ноолуур, ноолууран сүлжмэл бүтээгдэхүүн, эсгий бүтээгдэхүүн, өлөн гэдэс, хивс, монгол гэр, гэрийн тавилга , хагас боловсруулсан арьс шир зэрэг цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнийг экспортолжээ.
Европын Холбооны Засгийн Газраас Монгол Улсын Худалдааны бодлогыг боловсронгуй болгох, худалдааг хөнгөвчлөх, уул уурхайн бус экспортыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд “EU-TRAM” төслийн хамтран хэрэгжүүлэгчээр МҮХАҮТ ажиллаж байгаа юм.
Монгол Улс хэдийгээр тарифын хөнгөлөлт эдэлж байгаа боловч тарифын бус саад бэрхшээлүүд өнөөг хүртэл тулгамдсан асуудал хэвээр байна. Иймд бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, ЕХ-ны чанар стандарт, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэх зэрэгт ЕХ-ны Засгийн Газар, холбогдох байгууллагуудтай илүү ойр хамтран ажиллах хэрэгтэй байгааг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин онцоллоо.
Цаашид энэ чиглэлээр болон манай улсын худалдаа, бизнесийн хүртээмжийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний стандартыг сайжруулах, экспортын орчны судалгаа авах, экспортын чиглэлийн кластеруудыг байгуулах, өргөжүүлэхэд хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлнэ гэдгээ ЕХ-ны улсын Элчин сайд нар уулзалтын үеэр мэдэгдлээ гэж МҮХАҮТ-аас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
|