2019/09/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,669.57₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
17°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
04:00
S31
05:00
S31
06:00
S29
07:00
S30
08:00
S30
09:00
S30
10:00
S30
10°
11:00
S30
14°
12:00
S30
16°
13:00
S30
18°
14:00
S30
20°
15:00
S26
21°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/23 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

60 сая малынхаа буянд махаа хямд аваад идэх заяа алга

Б.Оюунжаргал, Үндэсний шуудан
2019 оны 5 сарын 23
Үндэсний шуудан
Гэрэл зургийг MPA.mn

Махаа гулууз гулуузаар нь авдаг цаг ард хоцорчээ. Цагаан сараас хойш хямд мах идсэнгүй ээ, бид. Махны үнэ хэлбэлзэж байгаа нь иргэдийн дунд бухимдал үүсгэж байгааг бид өмнөх дугаарын сурвалжилгаараа хөндсөн.

Урин дулааны цаг ирсэн болохоор махны үнэ тогтворждог байтал эсрэгээрээ хаданд гарч байгаа нь хий хоосон үнийн хөөрөгдөл үү. “Хүчит шонхор” захын хойд хэсгээр хонины гулууз махыг өрж тавьсан хэд хэдэн портер машин байлаа. Тус машины ченжүүдээс махны үнийг асуухад “7,200-7,800 төгрөгийн ханштай байна” гэв. Мөн тэднээс “Махаа хэдэн төгрөгөөр яаж бөөндөж авч байгааг"’ асуухад “Цагаан портер машин дотор сууж байсан залуу бууж ирээд “Бид хар үүрээр энд ирдэг. Ченж нараас хямд, өнгө зүс, тарга тэвээр гайгүй мах авахын тулд шөнийн 02.00 цагаас эхлэн дугаарладаг. Бараг энд хонодог гэхэд хилсдэхгүй. Махнаас ашиг харна гэдэг хэцүү байна. Ингээд бид худалдаалж байгаа үнээсээ 100 төгрөг ч болов татаад өгөхийг боддог. Хүн бүрт тэгж наанатай, цаанатай хандвал бидэнд ашиг байхгүй. Зүгээр л иргэдийг махтай нь залгуулах буяны ажил хийж байгаатай ялгаагүй болно. Өнөөдөр л гэхэд 7,200 төгрөгөөр махаа бөөндөн авсан. 7,600 төгрөгөөр зарж байна. Иргэдийн худалдан авалт муу. Хонины 30 орчим гулууз аваад зургааг нь л зарсан. Бүр боломгүй бол бөөндөж авсан үнээрээ зарна гэж бодоод зогсож байна” гэлээ. Цааш явтал хэсэг залуус бүхээгтэй машин дээрээс үхрийн өрөөл мах буулгаж газар шидэлнэ. Цаанаас том тэрэг түрж ирсэн залуу “За гялс ачаад зоорь руу оруулаад жижиглэе гээд аахилан ярина. “Үүнийг зарж байгаа юм уу. Үнэ хэд вэ” гэхэд “Хэдий хэр хэмжээгээр авах вэ. Шинэ мах шүү дээ ярьж хөөрөөд хямд ав. Нэг килограммыг нь 8,800 төгрөгөөр худалдана” гэв. Буулгаж шидэлсэн махыг эргүүлж тойруулж харахад өнгөө алдсан, хатаж хорчийсон үүгээр зогсохгүй бас хөлдүү байх аж. Шинэ мах гэсэн биз дээ. “Яагаад хөлдүү байна вэ” гэхэд бид өчигдөр нядлаад хөлдөөсөн юм гэж хариулав. Хөөрхий иргэдийг энэ мэтчилэн заль хэрэглэж уран цэцэн үгээрээ дөвийлгөж байгаад махаа шахаанд оруулдаг бололтой.

Үүнийг харж сонссон миний бодолд “Өнөөх үхсэн малын мах нь юм болов уу” гэх сэжиг төрлөө. Ийн тэр хавиар холхиход нэлээд яриасаг гэмээр ах хажууд ирж зогсоод “За дүү сайхан тарган хонины мах байна. Нэг килограммыг нь 7,800 төгрөгөөр аваарай” гэж шивнээд цааш явж одов. Ахын араас очиж хэсэг хөөрөлдөхөд “Махны үнэ өдөр, өдрөөр өөр байгаа. Тухайн өдрийн худалдан авалтаас шалтгаалаад үнээ тогтоож байна” гэсэн юм. Уржигдар өглөө үүрээр ирсэн ченж нар махаа бидэнд 8,000 төгрөгөөр бөөндсөн. Харин өнөө өглөө 7,200 төгрөгөөр худалдааллаа.

Махны үнэ цаанаасаа өсөөд байгаа юм биш ээ дүү минь. Малчдын махыг бөөний үнээр нь худалдан авч байгаа “Эмээлт” захаас ирж буй ченж нарт их учир бий.Тэд үнийн хөөрөгдлийг бий болгож байгаа юм. “Өөрийн толгой дээрх бухлыг хараагүй байж, Өрөөлийн толгой дээрх өвсийг харна” гэдэг нь болж байна. Юу вэ гэхээр хятадуудыг мах экспортод гаргаад баллаад байгаа юм ярьсан. Гэтэл тэдэнд биш бидэнд их буруу учир дутагдал байна даа. Энүүхэн эндээ гэж хэлэхэд “хэн дуртай нь мал, махныхаа тарга тэвээр, өнгө зүснээс шалтгаалан өөрсдөө үнэ тогтоож байна” гэсэн юм.

ИРГЭД МАХНЫ ҮНЭ ТЭНГЭРТ ХАДСАНЫГ ГАЙХАЖ ДАЙВАР БҮТЭЭГДЭХҮҮН РҮҮ ШУУРЧ БАЙНА

Ингээд бид “Хүчит шонхор” захын урд байрлах махны павилоноор явахад хонины гулууз мах нэг килограмм нь 7,800-8,300 төгрөг байх юм. Махны үнэ тэнгэр, газар шиг зөрүүтэй байдалд төөрч гүйцэх нь тэр. 8300 төгрөгөөр худалдаалж байгаа павилон руу орж ийм үнэтэй байгаа учрыг нь тодруулахад “Харин ч хямдхан байна” гэлээ. Манай мах өдөр бүр шинэ ирдэг. 7200, 7500 төгрөгөөр худалдаалж байгаа мах зоорины мах. Энэ хавийн бу-сад ченж нар намайг махны үнэ битгий унагаад бай гэдэг. Эгч нь цэмбийтэл хялгасыг нь түүгээд, жижиглээд уутлаад өгнө. Уут сав үнэгүй гээд сурталчилгаа хийв. Худалдан авагчид бүсгүйн ярианд автаж “авъя авъя” гэж шуурав. Товчхон яриа ийн төгсөж, бид лангуун дээрээс мах худалдаалдаг заалыг зорилоо. Хөл хөдөлгөөн ихтэй байдаг энэ хэсэг эл хуль, мах тавьсан цөөн хэдэн лангууны ард суух худалдагч нар хоорондоо жиг жуг ярин суулаа. Max үнэтэй учир лангуун дээрх махны борлуулалт эрс муудаж гэх дүр зураг ажиглагдав. Хонины цул мах нэг килограмм нь 11 мянган төгрөг, Ямааны цул мах нэг килограмм нь 9,800 төгрөгийн үнэтэй байв.Харин адууны мах 9,000-9,500 төгрөг, Үхрийн махыг 10 мянган төгрөгийн үнээр тус тус худалдаалж байна. Гэвч энд адууны мах бараг харагдсангүй. Тоотой хэдэн лангуун дээр үхрийн сээрний махыг шулан дэрийтэл нь дэлгэн тавьжээ.

Үхрийн махны худалдагч “Монгол Улс 60 сая гаруй малтай хэр нь махны үнэ ийм байгаа нь экспортын ямар ч зохицуулалтгүйтэй холбоотой. Монголчууд өөрсдөө боловсруулаад Хятадад гаргаж болох байтал хэн нэгэн хятад хүн нь дуртай үнээ хэлээд л хамаг махыг хамж авч болж байна” гэв. Өглөөний 05.00-08.00 цагийн хооронд дүүрэн мах ачсан машинууд ирдэг. Гэтэл хятадуудын гар хөл болсон монгол хүмүүс “Манайх худалдаад авчихсан” гээд өгдөггүй. Эмээлт, 22-ын товчоо орчмоор Хятадын махны үйлдвэрүүд их байгаа. Тэдэнд аваачиж өгөхөөр хятадууд өөрсдөө боловсруулаад хилээр гаргана. Энэ бол монголчуудад ямар ч наалдацгүй. Хий дэмий л махны үнийг хөөрөгдөөд, дунд нь иргэд хохирч байна” хэмээн бухимдаж байлаа. Эргэн тойрноор махны үнэ асуусан ганц нэг хүний ярианаас сонсохнээ махны үнийг халаглан ярих аж. Өнгөрсөн өдрүүдийг бодвол үнэ буурсан гэдгийг худалдаачид онцолсон юм.

Max үнэд орсон энэ цагт дайвар бүтээгдэхүүн эрэлттэй болсон байв. Төр төлөөлж байгаа түшээдийн хэлсэн “махаа багасга, түмпэн дүүрэн махнаасаа татгалз” гэдэг үг нь бодит амьдрал дээр аль хэдийн “хэрэгжээд” эхэлжээ. Улаанбаатарчуудын махны хэрэглээг хангадаг хамгийн том цэг “Хүчит шонхор” зах. Max “магнаг” болсон энэ үед иргэд аль болох хямд үнэтэй дайвар бүтээгдэхүүн худалдан авах болсон талаар махны худалдаачид онцлов. Энд мах тансаг хэрэглээ болж, иргэд жижиглэн, шулсан ясаар хоол хийж байгаа ч тохиолдол бишгүй байгаа бололтой. Дайвар бүтээгдэхүүний тасгаар ороход хүмүүсийн хөл хөдөлгөөн их байхын сацуу толгой шийр, цэвэрлээд чанаж идэхэд бэлэн болгосон гэдэс зэргийг ихээр иргэд худалдан авч харагдсан юм. Хүүтэйгээ хамт явсан эмээ лангуун дээр байх хонины хуйхалсан толгойны үнийг асуухад Худалдагч бүсгүй хонины толгой 3,500 төгрөг гэлээ. Эмээ нэлээн олзуурхаж “Эмээ нь хуйхалсан толгой тавыг авъя бас үхрийн зүрх ахиухан авмаар байна хоёр, гурван зуун төгрөг татах уу” гэхэд худалдагч “Хонины толгойг нь 3,000 төгрөгөөр ав. Харин үхрийн зүрх нэг килограмм нь 2,500 төгрөг” гэлээ. Иргэд ихэвчлэн үхрийн зүрх, элэг зэргийг худалдан авч харагдлаа. Худалдан авалт хийж байсан залуу дээр очиход “Олон ам бүлтэй айл бол мах иднэ гэж ярих ч хэрэггүй болж. Дайвар бүтээгдэхүүнээ авч идэхээс өөр яалтай билээ” хэмээн учирлав. Энэ мэтчилэн олон жишгээс харахад дотоодын зах зээлд махны үнэ өсөхөд ченж болон худалдаачид ихээр нөлөөлж байна.

МОНГОЛ УЛС НЭГ ХҮНД НОГДОХ МАХНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭР ДЭЛХИЙД 11 ДҮГЭЭРТ ЖАГСДАГ

Нийт хүн амтайгаа харьцуулахад мал нь 22 дахин өссөн гэсэн статистик мэдээ гарсан байдаг. Мал аж ахуйн салбар нь хүн амыг хүнсний бүтээгдэхүүнээр, хөнгөн үйлдвэрийг түүхий эдээр хангаж байдаг уламжлалт салбар юм. Монголчууд жилд дунджаар 10-12 сая толгой мал буюу 300-400 мянган тонн махыг хүнсэндээ хэрэглэдэг байна.

Max, махан бүтээгдэхүүний худалдан авагчдад чиглэсэн асуумж судалгааны үр дүнгээс үзэхэд нийт 271 хэрэглэгчийн ихэнх нь буюу 80 хувь нь үндсэн хэрэглээндээ үхэр болон хонины махыг хослуулан хэрэглэдэг гэж хариулжээ. Гэтэл эрэлттэй байгаа мах чих сэртийлгэсэн үнэтэй болчих гэж. Монгол Улс нэг хүнд ногдох махны хэрэглээгээр дэлхийд 11 дүгээрт орж, нийт хүнсний салбарт эзлэх мах үйлдвэрлэлийн харьцаа нь 14.5 хувь байгаа нь махны хэрэглээ эдийн засагт хүчтэй нөлөөлдгийг харуулж байна. Гэвч техник технологи, хадгалах зоорь байхгүйн улмаас эрүүл ахуйн шаардлага хангасан нь бидний хүнсэндээ хэрэглэж буй махны 10 хүрэхгүй хувь байдаг гэнэ. Хяналтгүйгээр мах экспортод гаргаснаас үнэ нь өслөө гэж яригдах болсон.

Манай улс 2018 онд 54.9 мянган тонн мах экспортод гаргасан. Үүний 37.3 мянган тонн нь хөлдүү, 17.6 мянган тонн нь дулааны аргаар боловсруулсан мах байжээ. Энэ тоог малын тоо толгойд шилжүүлбэл 4-5 сая толгой мал экспортлогдсон байгаа юм. Өнгөрсөн жил л гэхэд экспортоос 160 орчим сая доллар буюу 400 орчим тэрбум төгрөгийн орлого олсон байна. Өмнөх жилүүдэд хэрэглээнээс давсан мах зах зээлд нийлүүлдэг байсан болохоор үнэ харьцангуй хямд, тогтвортой байж. Харин махыг эдийн засгийн эргэлтэд оруулж, экспортын хэмжээ өссөнөөр зах зээлийн зарчмын дагуу үнэд нөлөөлж байгаа тал бий. Гэхдээ зөвхөн энэ шалтгаанаар үнэ өссөн гэвэл ташаа ойлголт. Учир нь шатахууны үнэ өссөнөөс тээвэрлэлтийн зардал нэмэгдсэн нь ч мөн нөлөөлсөн гэж хэлж болохоор. Улсын хэмжээнд мах боловсруулах болон махны төхөөрөмжийн 110 аж ахуйн нэгж байдаг байна. Үүнээс БНХАУ руу дулааны аргаар мах боловсруулж экспортолдог 15 компани бий аж.

Одоогоор манай улс БНХАУ, Орос, Вьетнамын чөлөөт бүс, Иран, Казахстан, Япон зэрэг улс руу мах экспортолж байна. Гэхдээ “Экспортын хэмжээ нэмэгдсэн нь дотоодын зах зээл дэх махны үнэ өсөхөд гол нөлөө үзүүлсэн гэх нь тохиромжгүй гэдгийг албаныхан хэлж байв. Ийнхүү өсөөд буй махны үнэ тогтворжих болоогүй юу гэх хүлээлт иргэдийн дунд үүсээд байгаа юм. Дээшээ тэнгэр хол, Доошоо газар хатуу гэдэг шиг мянга тэмцээд махны үнийн хөөрөгдлийг зогсоож чадахгүй байгаад хамаг учир бий. 60 сая малынхаа буянд махаа хямд идэх буян хишиг бидэнд даанч алга.

“ХҮЧИТ ШОНХОР” ЗАХЫН ХАНШ

Max

Үнэ

Үхрийн цул мах нэг килограмм нь

10,000 төгрөг

Үхрийн ястай мах нэг килограмм нь

9,800 төгрөг

Хонины цул мах нэг килограмм нь

11,000 төгрөг

Хонины ястай мах нэг килограмм нь

8,800 төгрөг

Адууны цул мах нэг килограмм нь

9,500 төгрөг

Адууны ястай мах нэг килограмм нь

9,000 төгрөг

Ямааны цул мах нэг килограмм нь

9,800 төгрөг

Ямааны ястай мах нэг килограмм нь

8,800 төгрөг

Хонины сүүл нэг килограмм нь

8,500 төгрөг

x