Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Батзаяа: Хууль зүйн цогц үйлчилгээг үзүүлэх шинэ платформ маань үйлчлүүлэгчдэд хүрэхэд бэлэн болоод байна

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Улс орон, хүн гэж байгаа цагт хууль эрх зүйтэй холбоотой процесс үргэлжилж байдаг. Манай улсын хувьд иргэн хуульч, өмгөөлөгчөөс хуулийн зөвлөгөө авахдаа  цаг тохирч, биечлэн очиж уулзахаас эхлээд хуулийн үйлчилгээ авах уламжлалт механизм үйлчилдэг.

Тэгвэл энэхүү уламжлалт аргыг орчин үеийн техник технологийн дэвшлийг ашиглан хуулийн үйлчилгээг илүү цогцоор цаг хугацаа, орон зайнаас үл хамааран  хямд, түргэн шуурхай авах орчин үеийн шинэ хууль зүйн анхны платформыг бий болгосон байна.

Энэхүү платформыг санаачлагч, “Заяа энд золоо” хуулийн фирмийн захирал, Г.Батзаяатай ярилцлаа.

- Сайн байна уу. Энэхүү хуулийн үйлчилгээ олгох платформыг хийх  болсон шалтгаан юу байсан талаар хуваалцаач?

- Сайн байна уу. Миний хувьд хуульч, өмгөөлөгч мэргэжилтэй. Өнөөдөр хуулийн үйлчилгээ нь уламжлалт хэлбэрээр үйлчлүүлэгчдэд хүрдэг. Жишээ нь  хүмүүс ганц хуулийн зөвлөгөө авах гэж ирэхдээ цаг, буцахдаа цаг гээд багадаа хоёр цагийг зарцуулдаг. Зарим тохиолдолд утсаар холбогдон зөвлөгөө авч байна. Бид сүүлийн тав, зургаан жил хууль зүйн үйлчилгээг гадаадад болон хөдөө орон нутагт буй хүмүүст хүргэхийг зорьж, утас, емайл, факс, фейсбүүк зэргийг ашиглан харилцах хэрэгслээ болгон ажиллаж байна. Гэхдээ энэ нь хангалттай хүрээмжтэй биш.

Иргэдийн дунд хуульч, өмгөөлөгч авах нь өөрөөс нь хэт хол зүйл мэтээр бодож, буруу шийдвэр гарган хохирч үлдэх тохиолдолд ч ихээр бий болдог. Мэргэжлийн хууль зүйн туслалцаа хүсэж буй жирийн иргэд хаана хандаж, хэнтэй уулзахаа мэдэх боломж ч хомс байдаг. Тэгээд интернетээс хайлт хийж, анхан шатны зөвлөгөө, гэрээний төсөл авдаг хэдий ч шинэчлэгдээгүй, баталгаатай биш мэдээлэлд итгэх зэрэг олон асуудал хууль зүйн салбарт тулгардаг. Олон улсын хөгжлийн чиг хандлага, дотоодын бодит нөхцөл байдлыг харахад технологийн дэвшлийг хуулийн үйлчилгээ үзүүлэхэд ашиглаж шинэ платформыг гаргах зайлшгүй шаардлага байгааг ойлгосон.

Сүүлийн үеийн судалгаагаар иргэдийн 15.7 хувь нь өөрт ямар эрх байгааг сайн мэдэхгүй, 38.3 хувь нь хэнд хандаж ямар туслалцаа авахаа мэдэхгүй гэсэн дүн гарсан байдаг. Харин хууль зүйн туслалцаа шаардлагатай иргэдийн зөвхөн 15 орчим хувь нь хуульч, өмгөөлөгчийн туслалцааг авч чадсан зэрэг нь иргэдийн эрх зүйн чадавхи сул байгааг, мэдээллийн хүртээмж хангалтгүйг харуулж байна.

Тиймээс ч монголд хуулийн хэрэгцээ шаардлага өндөр болсон энэ үед хуулийн үйлчилгээ үзүүлэх платформыг бий болгох нь зөв гэж үзэж бид мэргэжлийн хуульч өмгөөлөгчдийг, хэрэглэгч үйлчлүүлэгчтэй холбож өгөх платформыг бүтээх ажлыг эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн хуульч, өмгөөлөгч нараар дамжуулан хууль эрх зүйн туслалцаа, үйлчилгээг хүссэн иргэн, аж ахуйн нэгжид зориулсан хууль зүйн цогц үйлчилгээг үзүүлэх платформ юм.

2018 онд судалгаа, шинжилгээний ажлаа бүрэн дуусгаж, 2019 оны нэгдүгээр сараас эхлэн программынхаа хөгжүүлэлтийг хийж эхлэсэн ба шинэ платформ маань үйлчлүүлэгчдэд хүрэхэд бэлэн болоод байна.

- Шинэ платформоор дамжуулан үйлчлүүлэгчдэд ямар үйлчилгээг хүргэхийг зорьсон бэ?

- Хууль зүйн уламжлалт үйлчилгээг технологи болон программ хангамж ашиглан хэрэглэгчдэд хүргэх явдал юм. Энэ платформ нь нэг хуульчийн, эсвэл нэг хуулийн фирмийн хийх ажил биш. Манай улсын мэргэжлийн бүх хуульч, өмгөөлөгч болон иргэд, байгууллагуудад хамааралтай юм.

Одоогийн байдлаар эхний ээлжид дараах зургаан үйлчилгээг хэрэглэгчдэд танилцуулахаар бэлдсэн.

  1. Хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл /техт, аудио, видео хэлбэрээр /
  2. Загварын дагуу бичиг баримтыг өөрөө боловсруулах
  3. Бичиг баримтыг захиалгаар боловсруулах
  4. Хуульчтай видео дуудлага хийж зөвлөгөө авах
  5. Хуульчид зурвас илгээж зөвлөгөө авах
  6. Хэрэглэгч өөрт байгаа ач холбогдол бүхий бичиг баримтыг платформд байршуулан худалдах

Платформыг бүрэн нэвтрүүлсний дараагаар үйлчилгээнүүд нэмэгдэж нийт 15 гаруй үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгохоор төлөвлөсөн.

Дээрээс нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэдээллээр тэгш хангах боломжийг олгох, хууль зүйн гэрээ хэлэлцээрийг маш бага өртгөөр санал болгох, хууль эрх зүйн мэдлэг олох мэдээллийн хэрэгсэл төдийгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэрэгсэл, үйлчлүүлэгч тухайн өмгөөлөгчөөс авсан үйлчилгээндээ оноо өгч жагсаах боломж олгох зэрэг шударга өрсөлдөөнийг бий болгож өгөх давуу талуудтай.

Ингэхдээ шинэ платформоороо дамжуулан хууль, эрх зүйн үйлчилгээг хялбар, энгийн, цаг хугацаа, орон зайн хувьд хэмнэлттэй мөн илүү хямд үнээр хэн ч авах боломжтой  гэдгийг ойлгуулахыг зорьсон юм.

- Ер нь одоогийн байдлаар манай улсын хэмжээнд хэчнээн хуульч, өмгөөлөгч ажиллаж байгаа бол?

- 2018 оны судалгаагаар Монгол Улсад нийт 5,640 хуульч, үүний дотор 2,114 өмгөөлөгч, 188 хуулийн фирм үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг бүртгэл байна. Энэ бүх хэрэг маргаан шийдвэрлэгдэхэд хууль зүйн процесс заавал явагддаг ба дээрх тоонууд жил ирэх тусам нэмэгдэж байгааг судалгаа харуулдаг. Цаана нь шүүх дээр очихгүйгээр шийдэгдэж байгаа хэрэг маргаанууд ч олон бий. Нөгөө талаар платформ маань өмгөөлөгчдийн хувьд ч гэсэн ажлаа шинэ арга барилаар хийж гүйцэтгэх давуу талыг олгоно.

Хүснэгт 1,  Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэсэн байдал

- Шинэ платформ нэвтэрч үйлчлүүлэгчдэд илүү хялбар аргаар хууль зүйн туслалцаа авах боломж олгож буй нь сайн хэрэг.  Гэхдээ үйлчлүүлэгчдэд эрсдэл учирсан тохиолдолд хэрхэн зохицуулалт хийх вэ?

- Мэдээж хэрэг бид эрсдлийг ч гэсэн сайн судалж давхар тооцсон. Манай платформын сервер гадаадад хадгалагдах тул халдлагад өртөх, нууцлал алдагдах зэрэг асуудал гарахгүй ба хохирол учрах боломжгүй. Түүнчлэн мэдээллийн аюулгүй байдал, хувь хүний нууцын асуудлыг чандлан хадгалахад олон улсын гэрээ хэлэлцээр болон дотоодын хууль тогтоомжийн дагуу зохицуулан хамгаалж онцгойлон анхаарч ажилласан.

Түүнчлэн өмгөөлөгч хүн бол мэргэжлийн туслалцаа үзүүлэх үүрэгтэй. Бид ашиг сонирхлын болон ёс зүйн зөрчил үүсэхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн. Өмгөөлөгчид нь мэргэжлийн хариуцлагын даатгалд хамрагдсан байдаг бөгөөд манай платформ ч мөн давхар даатгалд хамрагдсан. Бид тус платформын эхний ээлжийн танилцуулгыг буюу Demo Event-г удахгүй зохион байгуулах гэж байна.

-  Танилцуулгыг хэзээ хийх гэж байгаа болон платформ нэвтрэх хугацааны талаар тодруулж хэлээч?

- Бид энэ сарын 29-нд МУИС-ийн шинэ номын санд Demo Event хийхээр ажиллаж байна. Харин платформ маань энэ оны зургаадугаар сарын сүүлээр зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Одоогийн байдлаар тестүүд хийгдэж байгаа ба давхар гар утасны аппликейшн хэлбэрээр гаргах юм.

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.