Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

Зөвхөн бага татвартай байснаар үр ашиг эрэлхийлсэн хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж чадахгүй

ikon.mn
2018 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Бодлогын хэлэлцүүлгийн тэмдэглэл

Хөгжиж буй улс орнуудад хөрөнгө оруулалт хийсэн компаниудын удирдах ажилтнуудтай хийсэн ярилцлагад хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа харгалзан үздэг хүчин зүйлсээс:

  1. улс төрийн тогтвортой байдал,
  2. эрх зүйн болон зохицуулалтын орчин,
  3. дотоодын зах зээлийн хэмжээ,
  4. макро эдийн засгийн тогтвортой байдал зэрэг үзүүлэлтүүд эхэнд эрэмбэлэгдэж байна.

Хөгжиж буй улс орнуудад чиглэгдсэн гадаадын хөрөнгө оруулалт нь дэлхий даяар хийгдэж буй нийт хөрөнгө оруулалтын 40 орчим хувийг (1,75 их наяд ам.доллар, 2017) эзэлж байгаа юм.

Улс орнууд бизнес хөрөнгө оруулалтын ерөнхий орчныг сайжруулахаас гадна хөрөнгө оруулалтын төрөл тус бүрт чиглэсэн ялгаатай бодлого боловсруулан хэрэгжүүлж байна. 

Энэ тухай “Улаанбаатар аналитик” хөгжлийн судалгааны хүрээлэнгээс “Хөгжиж буй орнуудад чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын хандлага” сэдвийн дор бодлогын хэлэлцүүлгийг энэ сарын 20-нд зохион байгуулсан юм.

Энэхүү хэлэлцүүлэгт Аюулгүй Байдал Судлалын Хүрээлэн хамтран зохион байгуулагчаар оролцсон бөгөөд онцлог санаануудыг хүргэе.

Эдийн Засгийн Бодлого, Өрсөлдөх Чадварын Судалгааны Төвийн Ерөнхий захирал Б.Лакшми “Гадаадын шууд хөрөнгө оруулалтын бизнесийн орчны нөлөө”, Монголын Бизнес Хөгжлийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Дөлгөөн “Хөрөнгө оруулалтын шийдвэр ба дотоод орчны нөлөө” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв. Панелистээр Дэлхийн Банкны (Австрали) хяналт, үнэлгээний зөвлөх Б.Болор-Эрдэнэ, “Голомт” Банкны ахлах шинжээч Г.Ганзориг оролцсон бол модератороор “Улаанбаатар Аналитик” Хөгжлийн Судалгааны Хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн дарга М.Чимэддорж ажиллалаа.

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын төрөл

Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нөөц баялаг эрэлхийлсэн, зах зээл эрэлхийлсэн, үр ашиг эрэлхийлсэн, стратегийн нөөц/чадавх эрэлхийлсэн гэж ангилан судалж, хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогод ашиглаж байна.

Ингэж ангилан авч үзсэн нь хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулахад чиглэсэн бодлого боловсруулахад чухал ач холбогдолтой. Эдгээрээс үр ашгийг эрэлхийлсэн хөрөнгө оруулалтад тааламжтай бизнесийн орчин бүрдүүлсэн улс орнуудад эдийн засгийн үйл ажиллагааны олон салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засгийн төрөлжилтөд эерэгээр нөлөөлжээ.

Бусад хөрөнгө оруулагчтай харьцуулахад үр ашиг эрэлхийлсэн хөрөнгө оруулагчид макро эдийн засгийн тогтвортой байдал болон ханшийн тогтвортой байдлыг илүү чухалчлан үздэг нь судалгаагаар батлагдаж байна. Түүнчлэн дэд бүтцийн хүрэлцээ хангамж нь үр ашиг эрэлхийлсэн хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргагчдын чухал хүчин зүйл юм.

Хөрөнгө оруулалтын болон бизнесийн орчин

Бизнесийн орчны ерөнхий төлөв нь бүх төрлийн хөрөнгө оруулагчдын хувьд харгалзан үздэг суурь хүчин зүйл.

Үүнд бизнесээ эхлүүлэх, үйл ажиллагаагаа явуулах, ногдол ашгаа буцаан татах, бизнесээс гарах зэрэг бизнесийн үйл ажиллагааны бүх үе шат дахь эрсдлүүд болох эрх зүйн орчны тогтвортой байдал, бодлого, зохицуулалтын тодорхой байдал, төрийн байгууллагуудын ил тод байдал зэргийг голчлон анхаардаг.

Хууль эрх зүйн орчны гэнэтийн өөрчлөлт нэгэнт хөрөнгөө оруулж бизнесээ эхлүүлсэн хөрөнгө оруулагчдад илүү хүнд тусдаг.

Бизнесээ эхлэх үетэй нь харьцуулахад бизнесийн орчныг дордуулсан эрх зүйн орчны өөрчлөлтүүд нь итгэлцлийг сулруулж, улмаар тогтвортой үйл ажиллагаагаа явуулах эсэх, төлөвлөсөн хөрөнгө оруулалтаа царцаах эсэх, цаашилбал бизнесээ зогсоох эсэх зэрэг олон хүсээгүй шийдвэр гаргах шаардлага бий болгодог.

Гэтэл гадаадын хөрөнгө оруулагчид тухайн орны бизнесийн орчныг судлах явцдаа өмнө хөрөнгө оруулагчдын сэтгэгдлийг чухалчлан үздэг. Тийм ч учраас улс орнууд хөрөнгө оруулалтын бодлогодоо нэгэнт хөрөнгө оруулсан бизнес эрхлэгчдийн сэтгэл ханамж, үйл хөдлөлийг ажиглаж, хожмын хөрөнгө оруулагчдийн хандлагад сөрөг нөлөө үзүүлэхгүй байхад анхаарч байна.

Хөрөнгө оруулалтын болон салбарын бодлого, засгийн газрын түвшин дэх зохицуулалтын тодорхойгүй байдал нь ЗГ-ын байгууллагууд бизнес эрхлэгчдэд ялгавартай, үзэмжээр хандах нөхцөл болдог бол ил тод бус байдал нь гэнэтийн, мөн өрсөлдөгч бизнест давуу тал олгосон шийдвэр гаргах нөхцөл болдог.

Монгол улсын өнөөгийн байдал

Монгол улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын төрөл

Манай улсад 2012-2016 онд хийгдсэн нийт хөрөнгө оруулалтын 81 хувийг нөөц баялаг эрэлхийлсэн 16 хувь нь зах зээл эрэлхийлсэн, гурван хувь нь стратегийн нөөц, чадавх эрэлхийлсэн хөрөнгө оруулалтад тооцогдож байна.

Харин үр ашиг эрэлхийлсэн хөрөнгө оруулалт бараг байхгүй гэж үзэж болохоор байна.

Нөөц баялаг эрэлхийлсэн хөрөнгө оруулалт нь Монгол Улсын хөгжилд чухал хувь нэмэр оруулж буй боловч бусад төрлийн хөрөнгө оруулалт татахгүйгээр эдийн засгийг төрөлжүүлэх боломжгүй.

Зах зээл эрэлхийлсэн гадаадын хөрөнгө оруулалт бага байгаа нь дотоодын зах зээлийн хэмжээ бага байгаатай холбоотой.

Гэхдээ эрдэс баялгийн бус нөөцөд суурилсан экспортод чиглэсэн үйлдвэрлэл хөгжүүлж, хөрш орнуудтай худалдааны интеграцийг нэмэгдүүлж чадвал газарзүйн байршил нь зах зээл эрэлхийлсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах эерэг хүчин зүйл мөн.

Стратегийн нөөц эрэлхийлсэн хөрөнгө оруулалт гэдэг нь аль нэг улсын, ихэнхдээ хөрөнгө оруулагч субьектийн, бизнес, эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой, тухайн улс оронд байхгүй нөөцөд хийгдэж буй хөрөнгө оруулалтыг ойлгож болно. Үүнд тухайн орон нутгийн мэдлэг чадавх, технологийн нөөц, инновацийн хөрөнгө оруулалтууд багтаж байна. Ийм төрлийн хөрөнгө оруулалтыг ихэвчлэн үндэстэн дамнасан корпорациуд хийх нь түгээмэл байна. Манай улсын хувьд энэ төрлийн хөрөнгө оруулалт маш бага байгаа нь шинжлэх ухаан технологийн хөгжил сул байгаатай илүү холбоотой юм.

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын дээрх хэлбэрүүдээс үр ашиг эрэлхийлсэн хөрөнгө оруулалт манай улсад хийгдэхгүй байгаа нь анхаарал татаж байна.

Үр ашиг эрэлхийлсэн хөрөнгө оруулалт гэдэг нь чухамдаа харьцангуй давуу талд суурилсан, илүү бага зардлаар илүү үнэ цэнэ бүтээхэд хийгдэж буй хөрөнгө оруулалт юм. Энэ төрлийн хөрөнгө оруулалт өрсөлдөх чадварыг сайжруулж, экспортыг нэмэгдүүлдэг.

Өөрөөр, үр ашиг эрэлхийлсэн хөрөнгө оруулалтад таатай орчин бүрдүүлэх нь эдийн засаг төрөлжих урьдач нөхцөл гэж хэлж ч болно. Тийм ч учраас хөгжиж буй улс орнууд энэ төрлийн хөрөнгө оруулалт татахын тулд өрсөлдөж байна. Зөв бодлого хэрэгжүүлсэн улс орнуудад үр ашгийг эрэлхийлсэн хөрөнгө оруулалт төвлөрөх хандлагатай байдаг талаар өмнө дурдсан. Учир нь эрдэс баялгийн бус салбарын бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрэлдсэн, шударгаар өрсөлдөх нөхцөл бий болсон тохиолдолд эдийн засгийн олон салбарт үр ашиг эрэлхийлсэн хөрөнгө оруулалт хийгддэг.

Гадаадын хөрөнгө оруулалтын орчин

Улс төр, эрх зүйн орчны тогтвортой байдал нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх түвшин хангалтгүй байна.

Гадаадын хөрөнгө оруулалтад тааламжтай эрх зүйн зохицуулалтуудыг сайжруулах нь чухал ч асуудлыг бүрэн шийдэхэд хангалтгүй. Үүнээс гадна, хууль хэрэгжүүлэх байгууллагууд, шүүхийн үйл ажиллагааны нээлттэй ил тод байдал, хуулийн хэрэгжилтийг сайжруулах нь хөрөнгө оруулалтын орчны чухал хүчин зүйл юм.

Түүнчлэн, хөрөнгө оруулалттай холбоотой өмчийн маргаан, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээлэл хомс байгаагаас хөрөнгө оруулах сонирхол бүхий этгээдүүд ам дамжсан гуйвсан мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргах явдал байсаар байна.

Монгол улсад 2009-2011 онуудад гадаадын шууд хөрөнгө оруулалтын сөрөг нөлөөний талаар нийгмийг хамарсан хэлэлцүүлэг өрнөж, үр дүнд нь “Стратегийн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хууль” батлагдсан нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг огцом бууруулсан. Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлцлийг бууруулсан эрх зүйн орчны энэхүү өөрчлөлтийн сөрөг үр дагавар нь өнөөг хүртэл үргэлжилсээр байна.

Бусад хүчин зүйлс

Макро эдийн засгийн, ялангуяа ханшийн тогтворгүй байдал нь хөрөнгө оруулагчдын хүлээлтэд сөргөөр нөлөөлж байгааг дурдах нь зүйтэй.

Гадаадын хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийн нэг нь дэд бүтцийн салбарын хөгжлийн сул байдал юм.

Хэдийгээр манай улс Doing Business Index (DBI)-ээр 190 орноос 74 дүгээр байранд байгаа боловч эрчим хүчний системд холбогдох боломжоор 148 дугаары байранд байна.

Түүнчлэн далайн боомт хүртэлх тээврийн тонн/км тутмын зардал бусад далайд гарцгүй орнуудтай харьцуулахад өндөр байна.

Бизнесийн байгууллагуудын эрх ашгийг хамгаалдаг төрийн бус байгууллагууд, бизнес эрхлэгчид нийгмийн хариуцлагаа ухамсарлах бизнесийн орчныг сайжруулах чухал хүчин зүйл. Ялангуяа хамтын эрх ашгаа хамгаалах чиглэлээр бизнесийн байгууллагууд хамтран ажилласнаар тухайн салбарын бодлого зохицуулалтууд сайжирч авилга буурах нөхцлийг бүрдүүлнэ.

Гадаадын төрийн өмчит компаниудын хөрөнгө оруулалт нь зарим талаар бизнесийн ашиг, эрсдлийг үнэлэн гаргадаг шийдвэрээс өөр байдгийг анхаарах ёстой. Тодруулбал зах зээлд давуу байдал олж авахын тулд бизнесийн бус шийдвэр гаргах хандлага ажиглагдсан хэд хэдэн тохиолдууд дурдагдсан. Хувьцаа нь олон нийтэд нээлттэй компаниудын хөрөнгө оруулалт нь илүү хариуцлагатай, сайн засаглалыг бэхжүүлэхэд тустай байдгийг бусад улс орны туршлага харуулж байна.

Бодлогын зөвлөмж

Эрдэс баялгийн салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эрдэс баялгийн бус салбар дахь хөрөнгө оруулалтыг урамшуулахад чиглэсэн бодлого боловсруулах нь чухал.

Ялангуяа үр ашиг эрэлхийлсэн хөрөнгө оруулалтыг татахад чиглэгдсэн бодлого боловсруулж хэрэгжүүлснээр эдийн засгийг төрөлжүүлэх нэг урьдач нөхцлийг бий болгоно.

Зөвхөн бага татвартай байснаар үр ашиг эрэлхийлсэн хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж чадахгүй. Тиймээс үр ашгийг эрэлхийлсэн хөрөнгө оруулалт татахад сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг судлах, бусад улс орнуудын туршлага, судалгааны үр дүнд суурилсан хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах бодлого боловсруулах шаардлагатай байна.  

Хөрөнгө оруулалт, бизнесийн эрх зүйн орчныг тогтворжуулах, өөрчлөх тохиолдолд хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн саналыг тусгаж ажиллах шаардлагатай. Энэ нь зөвхөн өнөөгийн бус хожмын хөрөнгө оруулах шийдвэрт нөлөөлдөг чухал хүчин зүйл юм.

2009-2011 оны үед гадаадын шууд хөрөнгө оруулалтыг эсэргүүцэх нийгмийн сэтгэл зүй бүрдсэн шалтгаан нөхцлийг судалж дүгнэлт гаргах нь хөрөнгө оруулалтын бодлогын цаашдын шийдвэрт чухал ач холбогдолтой.

Дэд бүтцийн хөгжлийн сул байдал нь гадаадын хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж буй хүчин зүйл болж байна. Засгийн газраас юуны өмнө дэд бүтэц, ялангуяа эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, тээвэр ложистикийн системийн үр ашгийг нэмэгдүүлэхэд боломжийг эрэлхийлэх хэрэгтэй.  

 

Бэлтгэсэн: М.Чимэддорж  @chimeddorjm