Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барих ажлыг эхлүүлээд явж байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2018 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий сайдыг өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө 48 цагийн дотор өргөн барихгүй бол Засгийн газрыг огцруулах бичигт гишүүдийн гарын үсгийг цуглуулна гэдгээ УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдэгдсэн билээ.

Гишүүний заасан 48 цагийн хугацаа өчигдөр дуусаад байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас тодрууллаа.

- Ерөнхий сайдын хамаарал бүхий компани ЖҮДХС-гаас зээл авсан учраас өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгөх ёстой гэж та мэдэгдсэн. 48 цагийн хугацаа ч дууссан. Одоо та яах гэж байна?

- Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮХС-тай холбогдсон талаар мэдээлэл хийсэн. ХОМ-тээ байгаа хөрөнгийн эх үүсвэрийг нотлох шаардлага тавьсан. Цаг хугацааны хувьд өчигдөр 13:30 цагт 48 цагийн хугацаа дууссан.

У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар ажиллах ёс зүй, хуулийн боломжгүй гэж үзсэн учраас энэ ажлыг эхлүүлээд явж байна. Энэ талаар албан ёсны мэдээллийг ирэх Даваа гарагт хийнэ. Мөн нэмэлт мэдээллүүд өгнө.

- Энэ ажлыг эхлүүлээд явж байна гэхээр гарын үсэг цуглуулаад эхэлсэн гэж ойлгож болох уу?

- Эхлүүлээд явж байна гэдэг нь хуулийн хүрээнд албан бичгээ боловсруулна, үүнийгээ нотолно гэсэн үг. Мөн нэмэлт материалуудыг танилцуулна.