Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Зөвшөөрөлгүй эмнэлгүүдэд үр хөндөлт хийлгэсний улмаас биеийн байдал нь хүндэрсэн тохиолдлууд гарч байна"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: mpa.mn

Сүүлийн үед хууль бус үр хөндөлтийн тохиолдол ихээр гарах болсон. Монгол Улсын хэмжээнд үр хөндөлт хийлгэж буй нийт эмэгтэйчүүдийн 70 гаруй хувь нь 20-35 насныхан аж.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хууль бус үр хөндөлтөөс сэргийлэх, бууруулах зорилгоор Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй эх барих, эмэгтэйчүүдийн өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр ажилладаг улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт хийж, үр дүнгээ танилцууллаа.

Хяналт, шалгалтад нийт 46 эмнэлэг хамрагдсан байна. Эдгээр эмнэлгийн дийлэнх нь Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй эмэгтэйчүүдийн эх барих чиглэлийн эмнэлгүүд багтжээ.

Эмнэлгүүдээс эмчилгээний хяналтын чиглэлээр гарсан зөрчлүүдийг дурдвал:

  • Тусгай зөвшөөрөлдөө заагдсан хаяг байршилдаа үйл ажиллагаа явуулдаггүй,
  • Тусгай зөвшөөрөлд заагдсанаас өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан эмнэлгүүд- “Энхлэг”, “Сүйжин”, “Ач арвижих”, “Ди Эл Өү”, “Энхмөнхманал”,
  • Эмчлэх, сувилах, эх барих үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй явуулж байсан "Бяцхан Гүнж", "Цэцэгс", "Сэцэнгоо" зэрэг эмнэлгүүдэд зөрчил илэрчээ.
 
Гэрэл зургийг: mpa.mn

Сүхбаатар дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандорж “Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй эмнэлгүүдийн өдөр тутмын үйл ажиллагаа, чиглэлд нарийн судалгаа хийж гүйцэтгэсэн. Үүнээс эмнэлгүүд тусгай зөвшөөрөлтэй хэдий ч бүртгэлтэй газраа үйл ажиллагаа явуулдаггүй, зөвшөөрөл аваагүй чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг нь илэрсэн. 

Мөн огт тусгай зөвшөөрөл аваагүй эмнэлгүүд ч үйл ажиллагаа эрхэлж байсан. 

Үүнээс гадна эрүүл мэндийн үйл ажиллагаа эрхэлж буй эмч нар эрүүл мэндийн яамнаас олгодог эмчилгээ, үйлчилгээ эрхлэх лицензгүй ажиллаж байгаа нь илэрсэн ба энэ нь хууль тогтоомж зөрчсөн тохиолдол юм. Төрийн өмчит эмнэлгүүдэд ажиллаж буй эмэгтэйчүүдийн эмч нар өөрсдийн нэр дээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг авч,  давхар ажил хийж явж буй нь ашиг сонирхлын зөрчил гаргаж буй явдал юм” гэв. 

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Эмнэлгүүдэд хийсэн хяналт, шалгалтыг иргэдийн мэдээлэл, утсаар ирсэн гомдол болон удирдах дээд байгууллагын өгсөн үүрэг даалгаврын дагуу, ард иргэдэд сэрэмжлүүлэх зорилгоор хийж гүйцэтгэлээ.

Үр хөндөлт дотроо хоёр янз байдаг. Эмийн аргаар бол гурван өдрийн хугацаа шаардагдана. Багажийн аргаар бол ердөө тавхан минут болдог. Үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн 50 хувь нь дахин жирэмсэн болоход ямар нэгэн асуудал үүсдэг ба үргүйдлийн асуудалтай болох магадлал ихэсдэг гэсэн үг” гэлээ.

Хууль бус үр хөндөлт хийлгэсний улмаас биеийн байдал нь хүндэрч ирсэн үйлчлүүлэгчдийн тохиолдлыг МХЕГ судалжээ. Үүнд, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг болон Амгалан амаржих газруудад энэ оны эхний найман сарын байдлаар нийт 21 эмэгтэйн биеийн байдал хүндэрч, хандсан тохиолдол бүртгэгдсэн талаар НМХЕГ мэдээлэв.

Эдгээр тохиолдлын шалтгааныг тодруулахад:

  • Эрээнээс 3,
  • Интернэт болон нийгмийн сүлжээгээр 2,
  • Нарантуул захаас 3,
  • Зүүн хараагийн захаас 4,
  • Хувь хүнээс 2 үйлчлүүлэгч тус тус зулбуулах эм авч уусан байжээ.

Мөн үр хөндөлтийн улмаас хүндрэл өгч умай нь цоорсон хоёр тохиолдол гарч мэс заслын аргаар эмчилсэн байна.

Зөрчил, дутагдал гаргасан этгээдүүдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу дөрвөн хуулийн этгээд, гурван эмчид 2,900,000 төгрөгийн шийтгэлийг ногдуулжээ.

Иймд хууль бус зөвшөөрөлгүй эмнэлэг, хувь хүнээс үр зулбуулах эм худалдаж авахгүй, эмчилгээ хийлгэхгүй байхыг зөвлөж байна. Учир нь зөвшөөрөгдсөн эмнэлгийн нөхцөлд мэргэжлийн эмч нар үр хөндөлт хийдэг юм. Хийлгэсэн ч цаашид эхийн биед сөрөг нөлөө ихтэйгээс гадна, бүрэлдэж бий болсон хүнийг алж байгаагаас өөрцгүй хэрэг тул аль болох үр хөндөлт хийлгэхгүй байхыг Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар анхаарууллаа.