Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ү.Содномцог: Онгоц осолдсон хэрэг байтугай хөдөө орон нутагт гарсан ослыг мөрдөж чадах мөрдөгч бараг “алга”

Г.Нацаг-Эрдэнэ, Үндэсний шуудан
2018 оны 10 сарын 4
Үндэсний шуудан
Зураг зураг

Тээврийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ү.Содномцогтой ярилцлаа.

ПРОКУРОРЫН ДЭРГЭДЭХ МӨРДӨН БАЙЦААХ АЛБЫГ ТАТАН БУУЛГАСАНД ХАРАМСДАГ

-2017 оны долоодугаар сараас шинэ хуулиуд хэрэгжиж эхэлсэн. Нэг үеэ бодвол иргэд, хууль хяналтын байгууллагууд нэгдсэн нэг ойлголтод хүрч байх шиг байна. Гэтэл цагдаа, АТГ-аас илрүүлсэн хэрэг прокурорын шатанд очоод замхарч байна гэдэг асуудал яригдаж байна. Үүнийг батлах мэт зарим автын осол прокурорын шатанд очоод замхарсан, хэрэгсэхгүй болсон тохиолдол цөөнгүй байна. Энэ байдал даамжирвал прокурорт итгэх иргэдийн итгэл үнэмшил буурах эрсдэлтэй юм шиг. Хэргийн шийдвэрлэлтээ танай байгууллага нийтэд мэдээлэх боломж бий юү?

-Прокурорын байгууллага анх байгуулагдсан цагаасаа хаагдмал байсан. Гэхдээ цаг үеэ дагаад гэх үү, олон нийтэд аль болох нээлттэй байх тал дээр анхаарч байгаа. Гэлээ гээд энэ хэргийг ингэж шийдлээ гэж ярьж явдаггүй. Харин дотооддоо маш чанга хяналттай байдаг. Иргэд юу гэж ярьдаг вэ гэхээр “Прокурор энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон гэнэ” гэдэг. Гэтэл бие даан, хараат бусаар ажиллах нөхцөлийг нь хангаж хяналтын прокуророор хянуулж шийдвэр гаргуулдаг. Ингэхдээ “Хяналтын прокурорын шийдвэр тухайн иргэнд ойлгомжтой байна уу. Тогтоолыг нь хууль, дүрмийн дагуу бичиж үү” гэдгийг шалгаж нягталдаг.

Нөгөөтээгүүр, “Прокурорын шийдвэр буруу байна” гэж гомдол гаргавал дараагийн шатны прокурор хянаж үздэг. Ийм л арга хэлбэрээр ажилладаг. Тиймээс хэн нэгэн прокурор дураараа хэргийг дарж, хэрэгсэхгүй болгодог зүйл огт байхгүй. Би хэллээ шүү дээ. Дотоод хяналтаараа үүнийг хянаж, шалгадаг. Түүнчлэн ямар нэгэн байдлаар алдаатай шийдвэр гаргаж, иргэдийг хохироовол дээд шатны прокурор буюу надад гомдлоо гаргаж, дахин шалгуулах боломжтой.

Харин нийтэд өгөх мэдээллийн хувьд хэргийн шийдвэрлэлтийн тоо ярихаас биш хэргийн талаар ярих эрх бидэнд байхгүй. Ингэхээр та нарт сонирхолтой биш биз дээ. Ард иргэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хэргийн талаар ярихаас илүүтэй прокурорын байгууллага ажил үүргээ хэрхэн гүйцэтгэдэг юм бэ, ямар үндсэн чиг үүрэгтэй, иргэд гомдлоо хэрхэн гаргах вэ, Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуульд таны эрхийг хэрхэн тусгаж өгсөн юм бэ гэдгийг таниулах маш чухал. Энэ утгаараа байгууллагадаа уулзалтын тусгайлсан өрөө байгуулж, хууль журмыг ойлгомжтой тайлбарласан гарын авлагууд бэлтгэж хэвлүүлсэн.

-Хэрэгт холбогдсон иргэдэд зориулж уу?

-Тэгж ойлгож болно. Мөн өмгөөлөгч, хэргийн оролцогчид, иргэдэд зориулж. Ямар зорилготой вэ гэхээр прокурорууд тухайн иргэнтэй зөв харьцаж байна уу гэдгээс эхлээд хяналт тавих зорилготой. Нөгөө талаасаа хэргийг өөрийнх нь бодлоор шийдэж өгөхгүй болохоор зарим иргэд “Энэ прокурорт хахууль өгсөн”, “Намайг дарамталсан” гэх зэргээр янз бүрээр ярьдаг. Үүнээс урьдчилан сэргийлнэ. Ингэхээр таны хэлсэн иргэдийн итгэл, үнэмшлийг бий болгох гол зорилго биеллээ олно гэсэн үг.

-Тэгэхээр зам тээврийн осол гаргасан этгээд, эсвэл хохирогч хэргийг буруу зүйлчилсэн байна гэж үзвэл гомдлоо танд гаргана. Үүнийг нь та хянаж үзнэ гэсэн үг үү?

-Тэгнэ. Мөрдөгчид хэргийг шалгаж байх явцад прокурорууд давхар хянаж үздэг. Мэргэжлийн удирдлагаар хангана гэсэн үг. Хэрвээ “Мөрдөгч аль нэг талд хэт үйлчилж байна”,  эсвэл “Миний асуудлыг шийдвэрлэж чадахгүй байна” гэж үзвэл прокурорт гомдол гаргах эрхтэй. Хяналт тавьж байгаа прокурор нь шалгаад хуулийн дагуу арга хэмжээ авдаг. Харин “Прокурорын гаргасан шийдвэр хууль бус байна”, “Хувийн эрх ашгийн зөрчилдөөн байна”, “Шийдвэрлэж чадахгүй байна” гэж гомдол гаргавал би хянаж үзэх ёстой.

-Хуульд зааснаар хэд хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байдаг юм бэ?

-Шийдвэрийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор гомдол гаргах ёстой. Гомдлыг 14 хоногийн дотор шалгаж бичгээр хариу өгдөг. Хариу авсан эсэхийг нь гарын үсгээр нь баталгаажуулдаг. Гэтэл гомдол гаргачхаад эргэж холбогддоггүй иргэд байдаг. Энэ тохиолдолд гар утсаар холбогдох, эсвэл и-мэйлээр өргөдлийн хариуг явуулахдаа хариуг хүлээж авснаас хойш хэд хоногийн дотор дараагийн шатны байгууллагад гомдол гаргах эрхтэйг дурддаг.  

-Мөрдөгчид шинжээчийн дүгнэлттэй дутуу танилцсанаас болж зарим хэргийг буруу зүйлчилдэг. Үүнд нь прокурорууд хяналт дутуу тавилаа гэх гомдол цөөнгүй гардаг юм билээ?

-Шинжээчийн дүгнэлттэй бүх оролцогчид танилцдаг. Мөрдөн байцаалтын ажиллагаа дууслаа гэхэд хэргийг прокурор руу хэрэгсэхгүй болгуулах, эсвэл шүүх рүү шилжүүлэх саналтай шилжүүлдэг. Энэ үед ч оролцогчид хэргийн материалтай нэг бүрчлэн танилцдаг.

Шинжээчийн дүгнэлтээс эхлээд ямар нотлох баримт авагдсан байна гээд бүх материалтай танилцах эрхтэй. Гэтэл энэ эрхээ сайн мэддэггүйдээ тэр юм уу, дутуу хагас танилцаж гарын үсэг зурдаг. Дараа нь “Хавтаст хэрэгт ийм материал байсан юм уу, би мэдээгүй” гэдэг.

-Ийм гомдол хэр олон ирдэг вэ?

-Харьцангуй цөөхөн. Иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг дээшилсэн байна. Түүнчлэн өмгөөлөгчөөр дамжуулж танилцдаг болсон учир маргаан гарах нь багассан. Би тээврийн прокурорын газрынхантай холбоотой зөрчлийг дотор нь арилгах нь зүйтэй гэсэн зарчмыг  баримталдаг. Энэ ч утгаараа манай шийдсэн асуудал Улсын прокурорт шилжсэн ч хүчингүйд тооцогдох тохиолдол тун цөөхөн.

-Тэгэхээр танайх маш сайн хянаж байна гэсэн үг байх нь ээ?

-Бид хууль дүрмийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаа. Үүнд иргэд эргэлзэх хэрэггүй.

-Танайх 15 прокурортой. Хэр ачаалалтай ажилладаг вэ?

-Дүүрэг, нийслэлийг бодвол харьцангуй гайгүй. Манай байгууллага ямар үндсэн чиг үүрэгтэй ажилладаг вэ гэхээр Иргэний нисэхийн цагдаагийн хэлтэс, Төмөр замын цагдаагийн газар, Замын цагдаагийн газар буюу шинэ байгуулагдсан Тээврийн цагдаагийн газрын шалгасан эрүүгийн хэргийн ажиллагаанд хяналт тавьдаг. Зам тээврийн ослын хэргийг тухайн орон нутгийн Цагдаагийн байгууллага шалгаж, прокурорын байгууллага хянах үүрэгтэй.

-Тухайн хэргийг мөрдөгчид хэдий хэр хугацаанд мөрдөж, прокурорт шилжүүлэх ёстой юм бэ?

-Хуульд хөнгөн гэмт хэргийг 14 хоног, хүнд гэмт хэргийг нэг сарын хугацаанд мөрдөж дуусган, хавтаст хэргийг оролцогчдод танилцуулах ёстой. Хэрвээ хугацаа сунгах шаардлагатай гэж үзвэл долоо хоногийн өмнө прокурорт үндэслэлээ тайлбарладаг. Ээдрээ түвэгтэй, ажиллагаа ихтэй, оролцогчид олонтой бол 16 сар хүртэлх хугацаагаар сунгах боломжийг хуульд заасан байгаа.

Өмнөх хуулиар эхлээд орлогч прокурор гурван сар, дараа нь газрын дарга найман сар хүртэлх хугацаагаар сунгадаг байсан. Харин шинэ хуулиар хугацааг зөвхөн прокурорын газрын Ерөнхий прокурор өөрөө тогтоол үйлдэж, сунгадаг болсон. Ингэхээр газрын даргын хяналтад орж байгаа биз. Хэрэг дарагдлаа, хугацаа сунжирч байна гэдэг асуудал үндсэндээ цэгцлэгдсэн гэж ойлгож болно.

-Тэгвэл тээврийн прокурорын хянаж байгаа хэрэг удааширвал танаас тодруулах ёстой. Та хариуцлага хүлээнэ гэж ойлгож болох нь ээ?

-Ямар учраас хугацаа сунгасан, юу нь болохгүй байна вэ гээд бүх асуудлыг надад танилцуулах ёстой. Шахаж шаардах эрх нь надад бий. Би энд нэг зүйлийг нэмж хэлж болох уу.

-Бололгүй яах вэ?

-Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгасанд харамсдаг. Учир нь тухайн гэмт хэргийг шалгаж байгаа хүмүүс энэ байгууллагаас эмээдэг байлаа. Бид ч гэсэн жийрхдэг байсан. Гэтэл энгийн иргэд “Прокуроруудад үйлчилдэг байгууллага” гэж ойлгодог байсан юм. Уг нь тийм биш шүү дээ. Ерөнхий прокурорын дэргэд байдаг учраас хуульчид ажлаа сайн хийж байна уу үгүй гэдэгт хяналт тавьдаг байсан юм. Тэгтэл энэ байгууллагыг татан буулгасан. Үр дүнд нь юу болж байна. Хамгийн наад захын жишээ гэхэд зарим аймаг гурав, дөрөвхөн мөрдөгчтэй. Айлын үнээ хулгайлсан хэрэгт нэг нөхрийг сэжиглэж саатууллаа.

Мөрдөгчийн ур чадвар тааруу болохоор “Хэргээ хүлээ” гээд хорьж  дарамталдаг. Уг нь хөндлөнгийн нотлох баримтаар хэрэг үйлдсэн эсэхийг нотлох ёстой. Хэрэг тулгасан учир тухайн иргэн гомдол гаргаж таарна. Иргэний гомдлыг харьяаллын дагуу орон нутаг дахь хууль хяналтын байгууллага шалгах ёстой. Ингэхээр нөгөө баалуулсан мөрдөгчтэй хамт нэг өрөөнд хамт суудаг “найз” мөрдөгч нь гомдлыг шалгах болдог. “Цагдаа цагдаагаа шалгана гэж хаана байсан юм” гэдэг байх аа. Асуудал шийдэгдэх үү.

Гэтэл Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба нь иргэдийг эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэй байгууллага байсан. Уг нь иргэдэд нэн шаардлагатай. Дарга нарын, албан тушаалтнуудын болон иргэдийн эрх ашгийг хамгаалдаг байгууллага байсан юм шүү дээ.  Татан буулгасан нь үнэхээр харамсалтай.

-Татан буулгасан шалтгаан нь прокурор прокурортоо үйлчилж байна гэдгээс улбаатай зүйл яригдсан санагдаж байна?

-Тэр бол өнгөцхөн дүгнэлт. Ерөнхий прокуророор ажиллаж байсан хүний эрх мэдлийг хасах зорилгоор татан буулгасан улстөрчдийн шийдвэр. Монгол Улсын Ерөнхий прокурор нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрүүгийн хууль тогтоомжийг нэг мөр хангуулах үндсэн үүрэгтэй байгууллагыг толгойлж байгаа хүн. Энэ байгууллагын дэргэд Мөрдөн байцаах алба байсан нь зөв шийдэл байсан юм.

-Одоо эргэж байгуулах тухай яригдаж байгаа юм уу?

-Байгуулна, байгуулахгүй гээд яриад л байна. Улстөрчид шийдэх байх.

-Долоон хүний амь насыг хохироосон хэргээр жишээ авахад магадгүй энэ байгууллага нь татан буугдаагүй байгаад, хохирогчийн талынхан гомдол гаргасан бол хэрэг хурдан шийдэгдэх байжээ?

-Тэгэлгүй яахав. Энэ хэргийн хувьд Улсын прокуророос анхааралдаа авч, Замын цагдаагийн алба шалгаж, манайх хяналт тавихаар болсон.  Бүх зүйлийг нь үзэж шалгана. Хөдөө орон нутагт гарсан авто осолд нэг зовлонтой зүйл тулгардаг. Энэ нь хэргийн газрын үзлэгийг чанаргүй хийж, дутуу шалгадаг. Үүнээс нь болж буруу зүйлчлэх, ял завших, хэргийг шийдвэрлэж чадахгүй удаах асуудал цөөнгүй гардаг.

-Хэргийн газрын үзлэгтэй холбоотой гомдол их гарах юм. Нэг мөр эцэслэж болдоггүй юм уу?

-Ганцхан зам тээврийн ослын хувьд ч биш. Бусад эрүүгийн хэрэгт ийм асуудал олон гардаг. Прокурорын хяналтаас илүү мөрдөгчийн ур чадвар маш чухал. Яагаад гэвэл, мөрдөгч нь хавтаст хэрэгт авагдах бүх нотлох баримтыг цуглуулж, баримтжуулах ёстой. Үүнийг нь прокурор хянаж, дүгнэлт гаргадаг.

Сүүлийн үеийн мөрдөгчдийн ур чадвар илт буурсан. Сайдын ажлын хүрээнд олон асуудлыг шийддэг, завгүй байдаг байх. Гэхдээ мөрдөгчдийг гадаадад сургаж, бэлтгэх тал дээр анхаарах хэрэгтэй санагддаг. Хэргийн халуун мөрөөр орж илрүүлэх нь баргийн аавын хүүгийн хийх ажил биш. Үүнд тусгай арга техник, сургалт чухал.

-Ур чадварыг нь дээшлүүлэх арга хэмжээ авахыг танайхаас зөвлөдөг үү?

-Прокурор, мөрдөгчдийн хамтарсан зөвлөгөөнөөр хэрэг шалгах явцыг хэлэлцдэг. Улиралд 1-2 удаа хийдэг юм. Эндээс ямар хүндрэл бэрхшээл байна вэ гэдэг шалтгааныг нь сонсоод шийдвэр гарга. Нөгөө талаасаа хэрэг хянах явцад зөрчил гаргавал прокурорын шаардлага хүргүүлдэг. Дээр нь мөрдөгчийн ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулж, мөрдөгч, прокуроруудад гарын авлага тараах гэж байна. Учир нь орон нутагт замын цагдаагийн дагнасан мөрдөгч байдаггүй.

Ингэхээр дагнасан мөрдөгч, энгийн мөрдөгч хоёрын хооронд ажлын ялгаа гарна биз дээ. Энгийн мөрдөгч ослын газарт бүрэн шинжилгээ хийж чадаж байгаа эсэх нь тодорхойгүй. Ингэхээр хэрэг илрүүлэлт, шийдвэрлэлт сөргөөр нөлөөлнө. Тиймээс “осол гарсан газарт үзлэгт яаж хийх вэ”, “А цэгээ яаж тодорхойлох вэ” гээд зүйлийг нь зөвлөх үүднээс сургалт хийж, гарын авлага тараахаар төлөвлөсөн.

ПРОКУРОР БОЛГОН ЁС ЗҮЙГҮЙ БИШ

-“Прокурор өөрийн дотоод итгэл үнэмшилдээ тулгуурлаж...” гээд их утга агуулгатай үг байна. Иргэдийн олонх нь үүнийг ойлгодоггүй. Тиймдээ ч прокуроруудад итгэх итгэл үнэмшил буурсан гэх асуудал яригддаг юм билээ?

-Прокурор хүний дотоод итгэл үнэмшил маш чухал. Дотоод итгэл гэдгийг хүмүүс хэргийг өөрийнхөө үзэмжээр шийдэж байна гэж ойлгодог. Гэтэл үгүй юм аа. Хуульч хүн асуудлыг хуулийн хүрээнд яаж шийдэх вэ гэдгийг бодох ёстой биз дээ. Дотоод итгэл үнэмшил гэдэг нь мэдлэг, боловсрол, туршлагын цар хүрээг хэлнэ гэж ойлгох хэрэгтэй. Дараа нь ёс зүйгээ баримтална. Дотоод итгэлээрээ шийднэ гэхээр хуулийн гадуур шийднэ гэсэн үг биш.

-Тээврийн прокурор асан Х.Тамир хар тамхины хэрэгт холбогдсон нь прокурорын нэр хүнд унах шалтгаан болох шиг болсон. Прокурорууд хэр ёс зүйтэй хүмүүс юм бэ. Ёс зүйгээ баримталж чадаж байна уу гэдэг эндээс харахад л эргэлзээтэй юм шиг?

-Уг нь хамгийн ёс зүйтэй төрийн алба хаагчид. Би тэгж боддог. Хамгаалж байгаа юм биш шүү. Прокурор хүн бол алхам бүрээ хянаж сурдаг. Ерөнхий прокурорын дэргэд ёс зүйн зөвлөл, дотоод хяналтын хэлтэс гэж бий. Хамгийн наад зах нь гудамжинд биеэ яаж авч явах вэ гэдгийг ёс зүйн дүрмэнд заасан байдаг. “Нэг үхрийн эвэр доргивол 1000 үхрийн эвэр доргино” гэдэг шиг хар тамхины хэрэгт холбогдсон нэг прокуророос болж прокурорууд болохоо байчихсан юм биш шүү дээ.

-Ганц Х.Тамирын асуудал биш л дээ. Ш.Чимгээгээс эхлээд олон прокурорын асуудал яригдаж байгаа?

-Олон хүн дунд янз бүрийн ааш авиртай хүн байлгүй яах вэ. Дээр нь тэр алба хаагчдыг хариуцдаг дарга гэж хүн байна. Ажилтныхаа биеэ авч яваа байдалд анхаарал хандуулах ёстой биз дээ.

-Аравдугаар сарын 1-нээс иргэдээс ирүүлсэн бичлэг, зургаар хариуцлага тооцохоор болсон. Тээврийн прокурорын ачаалал нэмэгдэх болов уу?

-Зөрчлийг тухайн дүүргийн зөрчлийн прокурор хариуцаж ажилладаг. Монгол Улсын хэмжээнд 500 гаруй прокурор бий. Зөрчил, гэмт хэргийн гаралт нэмэгдэхээр орон нутгаас татсаар байгаад орон тооны хувьд хэцүү байдалд орсон. Орон тоо нэммээр байгаа юм. Жишээлбэл, “Прокурорууд ажлын ачаалал их юм чинь зөрчлийн хэргийг хянах хэрэг байна уу” гэж мэргэжлийн хяналт, гаалийнхан хэлэх байх.

Гэтэл зөрчил байна гээд орхитол тэр нь гэмт хэрэг байвал яах вэ. Нөгөө талаасаа Зөрчлийн хуулийг ихэнхдээ хуульч биш хүмүүс хэрэгжүүлж байна. Сая хэлсэн мэргэжлийн хяналт, гааль, ойн байцаагчид. Гэтэл хуулийг хэрэгжүүлэхэд хүн хохироож байна уу, хэлмэгдүүлсэн үү. Бүр эрүүгийн хэргийг зөрчлийн хэрэг гээд нуун дарж байна уу гэдэг асуудал маш чухал. Тиймээс л прокурор заавал хянах ёстой. Бид эрх мэдэлд дуртайдаа биш.

ТӨМӨР ЗАМ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ ДАХИН ҮНЭЛГЭЭ ХИЙЛГЭНЭ

-Ховд аймгийн онгоцны буудлаас хөөрөх гэж байсан МИАТ-ын онгоц хөөрөх зурвасаас гарч осолдсон. Энэ хэргийг шалгаж дууссан уу?

-Шалгаад дуусаж байгаа. Ажиллагаа ихтэй хэрэг л дээ.

-2016 онд болсон осол. Гэтэл бүтэн хоёр жил гаран шалгадаг нь ямар учиртай юм бэ?

-Иргэний нисэхийг ганцхан мөрдөгч хариуцаж ажилладаг. Тиймээс Улсын мөрдөн байцаах албанд хүсэлт гаргаснаар ажлын хэсэг байгуулсан. Шалгах явц наашилсан. Хүн харахад онгоцны мотор эвдэрсэн мэт. Гэтэл цаанаа маш нарийн ажиллагаатай. Бүхэл бүтэн онгоц шүү дээ. Юунаас болж осолдсоныг тодорхойлж дүгнэлт гаргах мэргэжилтэн нь Зам тээврийн яаманд байхгүй. Иргэний нисэхийн мэргэжлийн хүнд ханддаг. Гэтэл “Цуг ажиллаж байгаа хүн маань ингэчихсэн байна” гэж дуугарах уу. Тиймээс л энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай байна.

-Дорнод аймагт 150 метр төмөр замыг хуулж, 25 сая төгрөгөөр зарсан гэх хэрэг гарсан. Энэ хэргийг танай байгууллагад шилжүүлсэн юм билээ. Шалгаж дууссан уу?

-Үнэлгээг нь хэт багаар үнэлсэн учир дахин үнэлгээ хийлгэх гэж байгаа. Хэргийн хувьд гэвэл орон нутгийн нөөцийн хэрэгцээнд ашигладаг байсан төмөр замыг хуулж зарсан. Худалдаж авсан иргэн нь төмөр замд ажилладаг ажилтны эхнэр байсан юм билээ. Ингээд цааш дамлаж зарсан. Уг нь энэ хэрэг шүүхээр орсон. Гэхдээ орон нутагтаа шалгахад хүндрэлтэй байна гэж үзэн манай байгууллагад харьяалал өөрчлөн шилжүүлсэн юм. 150 метр төмөр замын анхны үнэлгээ нь хэт бага байсан.

Тиймээс дахин үнэлгээ хийх гэж байгаа. Төмөр замын үнэлгээ гэхээр хэдэн 100-хан метр төмрийн асуудал гэж ойлгож болохгүй. Анх тавихад хэдэн төгрөг зарцуулсан үүнээс хойш ямар үр ашиг өгсөн, дахин энэ хэмжээний  зам тавихад хэдэн төгрөгийн зардал гарах вэ гээд үнэлгээнд бүх талын зардлыг тусгаж өгөх ёстой.

-Буруу хүрдтэй автомашины гэрлийн хугарлыг өөрчлөх наалт наана гэж нэг хэсэг яригдсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Буруу хүрдтэй автомашиныг хөдөлгөөнд оролцуулахыг хориглох гэхээр хэн нэгний захиалга гэж хардсан. Гэрлийн тохиргоо өөр байдаг учраас л хориглох гэсэн санаа. Өөрөөр хэлбэл, эсрэг талаас ирж байгаа машины жолооч руу шууд тусдаг. Ингэхээр осол гарах эрсдэлийг бий болгоно. Гэрлийн хугарлыг өөрчлөх наалт наалгая гэтэл бас л “Бизнес хийх гэж байна” гэж хардсан. Их зовлонтой. Буруу хүрдтэй автомашиныг хөдөлгөөнд оролцуулах л юм бол гэрлийн солиболцлын асуудлыг шийдэхээс өөр яах юм бэ.

Судалгаанаас үзвэл, энэ оны эхний арван сарын байдлаар улсын хэмжээнд 420 иргэн нас барсан. Дотор нь задалбал, 172 жолооч, 90 явган зорчигч, 157 зорчигч нас барсан. Тэр дундаа онхолдох хэлбэрээр 174 удаагийн осол гарсан байна. Энэ нь жолооч нар хотоос гараад л хурд хэтрүүлдэг. Цагдаа харагдахгүй бол эрсдэл гаран гартал хурд хэтрүүлдгийг харуулж байгаа юм. Дээр нь замын чанарын асуудал байна. Замын эвдрэлийг тойрч гарах гэж байгаад эсрэг урсгалаас ирсэн машинтай мөргөлдсөн осол их гардаг.

-Төмөр замынхан энэ жил их баартай байна. Дархан-Уул аймагт вагон замаасаа гарсан. Дараа нь Замын-Үүд суманд осол болж олон иргэн гэмтлээ. Энэ хэргийг танайх шалгаж байгаа. Шийдвэрлэлт ямар шатандаа яваа вэ?

-Төмөр замтай холбоотой ослыг төмөр замын цагдаа шалгаад манайх хяналт тавина. Одоогоор эцэслэн шийдээгүй байна. Бид хяналтаа тавьж ажиллана. Нөгөөтээгүүр, ослын шалтгаан тогтоогдохоор прокурорын мэдэгдэл бичиж, гэмт хэрэг зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах арга хэмжээ авна.

-Дархан-Уул аймагт болсон ослыг дэр мод муудсантай холбож тайлбарлаж байсан?

-Үүнийг мэргэжлийн байгууллага шалгаж тогтооно. Дараа нь бид дүгнэлтээ бичих ёстой.

-Шалгаж дуусаагүй гэсэн үг үү?

-Дуусаагүй. Яг хэзээ шалгаж дуусахыг хэлж мэдэхгүй.

178 АВТОБУСЫГ НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД АШИГЛАХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨСӨН. ГЭВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ БАЙНА

-Өнгөрсөн онд нийтийн тээврийн компаниудад шалгалт хийхэд олон зөрчил илэрсэн. Танайхаас албан шаардлага хүргүүлсэн юм билээ. Гэвч төд удалгүй хөдөө орон нутаг, захын хорооллууд хэд хэдэн автобус шатсан хэрэг гарсан. Энэ асуудлыг хэн хариуцах ёстой юм бэ?

-Нийтийн тээвэрт мөрдөх ёстой стандарт гэж бий. Стандарт дагаж мөрддөг компани байна. Хэрэгжүүлдэггүй компани ч бий. Осол аваарын шалтгааныг судалж үзэхэд парк шинэчлэлтэй холбоотой юм байна. 10 жилээс дээш насжилттай техникийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй журамласан. Гэтэл 10 жил гэдэг хугацаа нь их байна. Компаниуд ашиг олж байна уу гэвэл олж байгаа. Гэтэл парк шинэчлэлт хийхгүй болохоор насжилтаас болж хурд хэмжигч нь эвдэрдэг. Дээр нь жолооч хариуцлагагүй байна.

Зорчигчийг сууж амжаагүй шахуу байхад хөдөлдөг. Бүр хоёр автобус уралдсан тохиолдол хүртэл бий. Тиймээс осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх шаардлага бичиж хүргүүлсэн. Одоо ч бичиж байна. “Хөдөлгөөнд оролцохоос өмнө техникийн бүрэн бүтэн байдлыг бүрэн шалгаач ээ” гээд шаардаж, зөвлөөд байхад хэрэгжүүлдэггүй. Дээр нь нийслэлийн Тээврийн газарт бид албан бичиг хүргүүлсэн. “Шалгах хуудсыг нэгдсэн журмаар бүх газарт хэрэгжүүлээч ээ” гээд журмыг нь бид боловсруулж өгсөн. Уг нь тэдний ажил шүү дээ. Гэтэл ажлыг нь өмнөөс нь хийж өгөөд байхад хэрэгжүүлдэггүй. Сураг тавихад яамнаас зөвшөөрөл авах гээд хүлээж байна гэсэн.

-Албан бичгийн агуулгыг танилцуулж болох уу?

-“15 аж ахуйн нэгжийн 178 автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглахыг хориглох, шаардлага биелүүлээгүй аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, парк шинэчлэл хийх зэрэг тодорхой арга хэмжээ авах шаардлагатай байна. Тиймээс Замын цагдаагийн албанаас санал авч, шалгах хуудсын загварыг хүргүүллээ. Судалж үзээд нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглуулах арга хэмжээ авна уу” гэсэн.

-Албан бичгийг хэзээ явуулсан юм бэ?

-Энэ оны хоёрдугаар сард явуулсан. Одоо болтол хариу ирээгүй.

-Энэ жилийн хувьд шалгалт хийсэн үү?

-“Эрдэм транс” компанийг шалгаж байна. Шалгалтын хариу эцэслэж гараагүй. Ажиллах хүч хүрэлцээгүй учир бүх компанийг нэг дор шалгалтад хамруулах боломжгүй. Уг нь нийтийн тээвэр нь цагаараа явдаг, цэвэр цэмцгэр, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажилладаг бол иргэд нийтийн тээврээр үйлчлүүлдэг болно.

Тэгвэл замын түгжрэл буурна. Гэтэл эвдэрхий, бохир автобусанд суухыг хэн хүсэх юм бэ. Автобусны жолооч огцом тоормосолсноос болж зорчигч гэмтэж, бэртсэн тохиолдол цөөнгүй гарсан. Нэг талаас нь харахад жолоочийн хариуцлагатай холбоотой мэт. Гэтэл автобусны насжилт өндөр учир эд ангиуд нь эвдэрдэг. Ийм автобус олон бий.

-Танайхаас нийслэлийн Тээврийн газарт албан бичиг явуулсан. Гэтэл шаардлагын хэрэгжилт хангалтгүйгээс болж осол аваар гарч, хүний амь эрсдлээ гэхэд нийслэлийн Тээврийн газарт гомдол гаргах эрх бий юү?

-Эрх нь бий. Бид албан бичгээ явуулсан. Гэтэл өнөөдрийг хүртэл хариу ирээгүй. Уг нь нийтийн тээврийн компаниудыг хариуцсан байгууллага нь манайх биш. Осол аваараас урьдчилан сэргийлэх үүднээс Замын цагдаатай хамтарч шалгалт хийж байна. Нийслэлийн Тээврийн газраас шалгаж, стандарт мөрдүүлэх чиг үүрэгтэй.

-Хоёр машин мөргөлдөж осол гарахад хүн гэмтээгүй, техникийн хэрэгсэл багахан гэмтлээ гэхэд жолооч нар хоорондоо тохиролцож даатгалын компаниар хохирлоо төлүүлэх гэхээр заавал замын цагдаад мэдэгдэх ёстой гэдэг. Уг нь хэн хэндээ гомдолгүй юм чинь даатгалаараа зохицуулж болдоггүй юм уу. Хамгийн гол нь дундаас нь даатгалын компаниуд ашиг хүртдэг явдал олширлоо. Даатгалын компаниар төлүүлэх гэж байна гээд оноогоо хасуулснаас халааснаасаа төлсөн нь дээр гэж үзэх иргэд олон байна. Энэ дутагдлыг нэг мөр болгож болохгүй юм уу?

-Даатгал байх ёстой юу гэвэл зайлшгүй байх ёстой. Авто осол нь хайхрамжгүй, болгоомжгүй үйлдлээс болж үйлдэгддэг. Осол боллоо гэхэд хүн гэмтээгүй, онц их хэмжээний хохирол учраагүй л бол заавал цагдаа очих шаардлагагүй.  Яах ёстой вэ гэхээр жолоочийн хариуцлагын даатгалаараа хохирлыг төлөх ёстой. Тиймээс хоёр тал тохиролцоод л, даатгалд хэрэгтэй зураг энэ тэр аваад даатгалд хандахад болох л асуудал.

-Уг нь хар ухаанаар төсөөлбөл ингэж болмоор. Гэтэл хоёр тал тохиролцсон ч гэсэн оноо хасдаг. Үүнийг зохицуулах арга байхгүй юу?

-Зөрчил гаргасан бол оноо хасахаас өөр аргагүй. Өөрөөр хэлбэл, жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ёстой гээд дүрмэнд заасан байгаа. Таны хэлснээр бол Зөрчлийн хууль хаягдах гээд байна л даа. Хуулийг яах гэж баталдаг юм бэ. Мэдээж амьдралд хэрэгтэй болоод л дагаж мөрдөж, хэрэгжүүлэх гэж баталдаг. Хөгжингүй орнуудад таны хэлсэн шиг даатгалаараа төлүүлээд оноо хасуулдаггүй журам байдаг юм билээ. Магадгүй бид үүнийг судлах хэрэгтэй байх. Гэхдээ тухайн орондоо хэр үр дүнтэйг нь мэдэхгүй шүү дээ.

Зураг