Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хотод тохиолдож байсан томоохон үерүүд

Б.Ану
2018 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

- 2018 -6-12 -нд нийтлэгдсэн нийтлэлийг дахин нийтлэв -   

Хур бороо оролгүй удаж ган гачгаас болж гэнэт орсон хүчтэй борооноор үер болох магадлал хамгийн их байдаг. Тэгвэл бид Монгол Улсад их хэмжээний хохирол дагуулсан үер болоод үерийн эрсдэлийн талаарх мэдээллийг хүргэж байна. 

Хүн төрөлхтөн амь нас, эрүүл мэнд, эдийн засагт асах их хэмжээний хохирол учруулдаг гамшигт үерүүдтэй олон зууны турш тулгарсаар ирсэн. 

Түүхэнд тохиолдож байсан томоохон үерүүдийг гарал үүсэл учруулсан хохирлын түүхээр авч үзвэл 20-р зуун хүртэлх хугацаанд голын үер давамгайлах хандлагатай байсан бол 20-р зууны дунд үеэс суурьшил эхэлсэнтэй холбогдон гадаргын усны үерийн тоо ба хөнөөлийн хэмжээ тасралтгүй нэмэгдсэн байна. 

Үерийн тухай статистик мэдээллийг харвал: 

  • Байгалийн гамшгийн 40 хувь нь үер байдаг
  • Сүүлийн 100 жилд 6.8 сая хүн амь насаа алдсан
  • Жилд 9.7 сая хүн үерт автаж 18,600 хүн амь насаа алддаг
  • Жилд 6 тэрбум долларын эдийн засгийн хохирол учирдаг

Дэлхий дахинд тохиож байсан томоохон үерүүдээс дурдвал 1931 онд төв Хятадад болсон Хөх мөрний үер дэлхийн түүхэнд хамгийн их хүний амь насыг авч одсон үер байжээ. Олон хоногийн асар хүчтэй аадар бороо хэд хэдэн далайн хар салхины улмаас Хөх мөрөн, Шар мөрөн зэрэг хятадын томоохон голууд үерлэж уг үер Их Британийн газар нутгаас том хэмжээг хамарч хэдэн мянган хүн живж үхсэн ба үүгээр зогсохгүй үерийн дараа дэгдсэн олон төрлийн өвчин, өлсгөлөнгөөс болж нийтдээ 3.7 сая орчим хүний амь насыг авч одсон түүхтэй. 

Сүүлийн үеийн түүхээс гэвэл,  2011 онд Австралид нүүрсний олборлолтоороо тэргүүлдэг Күинслэнд мужид тохиолдсон үерийн улмаас тус мужид олборлолт явуулдаг “Рио Тинто”, “Xsastra”, “Vale” зэрэг компанийн бүх талбайн ажил зогсонги байдалд орж байсан бол 2016 онд Чилид олон хоног орсон аадар борооны улмаас дэлхийн хамгийн том зэсийн уурхайн олборлолтын үйл ажиллагаа тасалдаж байсан билээ.

Энэ үеэр жилд 880 мянган тонн олборлолт явуулах хүчин чадалтай зэсийн хоёр том уурхай усанд автаж хаагдсан бөгөөд Англи-Америкийн хамтарсан “Plc” компанийн олборлолт явуулдаг “Los Bronces”, “El Soldado” уурхай үерт автсанаас олборлолтоо зогсоосон байна. Түүнчлэн дэлхийн тэргүүлэх зэс үйлдвэрлэгч “Codelco” компани “El Teniente” далд уурхайн олборлолтоо зогсоосноор  гурав хоногт 5,000 тонны алдагдал хүлээжээ.

Монгол улсын хувьд урин дулаан цагтай холбогдон нийслэл хотод гарч ирдэг эрсдэлийн нэг бол үер юм. Зуны улиралд ордог түрхэн зуурын аадар борооны улмаас Улаанбаатар хотын гудамжнууд усанд автдаг нь ус зайлуулах шугам сүлжээ хангалтгүй, үерийн эрсдэл бодитоор оршин байгааг харуулдаг. 

Статистик мэдээлэлд тулгуурлан тооцдог “Үндэсний Эрсдэлийн Индекс”-ээр үерийн эрсдэлийг хэрхэн дүгнэж байгаа тухай мэдээллийг харвал: 

График 1, Монгол Улсын үерийн эрсдэлийн индекс,  Уг индекс нь 1-9 оноогоор үнэлэгдэх бөгөөд индексийн тоон утга их байх нь эрсдэлийн түвшин өндөр байгааг илэрхийлнэ. Эх сурвалж: Гамшиг судлалын хүрээлэн

2016 оны үерийн эрсдэлийн индексийн утга 3.4 байна. Энэ нь өнгөрсөн оны үзүүлэлтээс 1.1 нэгжээр өссөн дүн бөгөөд үүнд нийт 7 аймгийн 16 сум болон нийслэлд тохиолдсон гамшигт үзэгдлийн учруулсан хохирлын дүн гол нөлөө үзүүлсэн байна. Зөвхөн Баян-Өлгий аймагт болсон үерийн гамшигт 361 өрхийн 1,661 иргэн өртөж 2.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. 

График 2, Үерийн тохиолдлын тоо болон хохирлын хэмжээ, Эх сурвалж: Гамшиг судлалын хүрээлэн 


Иргэд аюултай бүсэд суурьшсан болон ус зайлуулах шугам сүлжээний хангалтгүй байдал зэргээс шалтгаалж манай оронд тохиолдож буй үерийн эрсдэл илүү их хэмжээний хор хохирлыг учруулдаг. Мөн иргэдийн болгоомжгүй хайнга байдлаас болж үерлэсэн гол цөөрөмд орж осолдох тохиолдол зуны улиралд ихээр тохиолддог. 2016 оны эхний 8 сарын байдлаар 93 хүн усанд осолдож нас барсан байна. 

Нийслэл хотод тохиолдож байсан томоохон үерүүд:

1. Улаанбаатарт болсон 1966 оны үерийн улмаас Үйлдвэр комбинат усанд автаж, цахилгаан станцууд зогсоход хүрч байсан.

 
 

2. 1982 оны намар Улаанбаатар хотод болсон үер.

 

3. 2016 оны 7-р сард орсон усархаг борооны улмаас Баянзүрх дүүргийн 1-8, 12-19 дүгээр хороо бүрэн усанд автсан.

 

Үерийн аюулыг усны хэмжээгээр, хамарсан газар нутгаар, амь насаа алдсан хүний тоогоор, эсвэл эвдэрч сүйдсэн хөрөнгийн өртгөөр нь хэмжиж болно. 

Гэхдээ эдгээр үзүүлэлтийг эс тооцон хамгийн аюултай үер бол өөрт тань болон ойр дотны хүмүүст тань тохиолдож нөлөөлж байгаа үер юм. Үерт өртөн хайртай дотны хүнээ, гэр орон, өмч хөрөнгөө алдаж байгаа бол ямар хэмжээтэйгээс үл хамааран тэр үер хамгийн том хохирол учруулж буй гэсэн үг. Манай орны хувьд зарим оронтой харьцуулахад хэдэн зуу мянган хүний амь нас эрүүл мэнд эд хөрөнгийг хохироосон том үер тохиолдох магадлал бага ч 1966 оныхтой ижил үер дахин давтагдахгүй гэх баталгаа байхгүй, үерт өртөх эрсдэл байсаар байна. 

Тиймээс эрсдэлээс хамгаалахын тулд үерийн аюултай бүс нутгаас нүүх, зориулалтын далан, суваг, шуудуу, хашлага барих, бага насны хүүхдүүдэд үерийн аюулыг ойлгуулах, үерлэсэн гол цөөрөмд орохгүй байх, эд хөрөнгө эрүүл мэндээ даатгуулах зэргээр учирч болзошгүй эрсдэлээс зайлсхийх шаардлагатай байна.

Хэрэв танд энэхүү эрсдэлийг бууруулах талаар шинэ санал, санаачилга байвал info@mandal.mn цахим хаягаар холбогдоорой. Мандал Даатгал компанийн “Эрсдэлийн удирдлагын клуб”-ын хаалга та бүхэнд үргэлж нээлттэй байна.

 

Мэдээллийг хамтран бэлтгэсэн: МАНДАЛ ДААТГАЛ