Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Аргальхүү" баатраар дамжуулж хүүхдэд сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгоно

А.Намуун, iKon.mn
2018 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс "Аргальхүү" хэмээх баатрын дүрээр хүн амын дунд сэтгэцийн эрүүл мэндийн тухай ойлголтыг эергээр таниулж, эрүүл мэндийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх төслийг эхлүүлжээ. Энэхүү төсөл нь ялангуяа хүүхэд, өсвөр үеийнхэнд зонхилон тохиолддог сэтгэцийн эмгэг, тулгамдсан асуудалд хандах ард иргэдийн хандлагыг өөрчлөх зорилготой аж. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

"Өнөөдөр дэлхий даяар 5 хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй гэж оношлогдож байна"

СЭМҮТ-ийн Ерөнхий захирал Л.Насанцэнгэл "СЭМҮТ өнөөдөр Аргальхүү хэмээх төслийн үйл ажиллагаагаа өнөөдөр "Бусдыг ойлгоё- Хүлээн зөвшөөрье" уриатайгаар эхлүүлж байна. Сэтгэцийн эрүүл мэнд нь улс орны хамгийн тулгамдсан чухал асуудлын нэг байдаг.  Өнөөдөр дэлхий даяар 5 хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй гэж оношлогдож байна. 

Манай улсын хувьд энэ тоо руу ойртсон үзүүлэлттэй байгаа. Энэхүү эмгэгээс олон аргаар урьдчилан сэргийлэх боломжтой байдаг. Ялангуяа хүүхэд, өсвөр үеийнхний хувьд эмч, мэргэжилтэн, багш, эцэг эхчүүд хамтран ажиллаж чадвал сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх боломжтой. 

Зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ сэтгэцийг хэвийн байгаа эсэхийг ялгадаггүй тал бий. Тиймээс хүүхэд, эцэг эхчүүдэд ойлголт өгөх нь маш чухал. 

Ингээд бид өнөөдөр Аргальхүү төслөө эхлүүлж байгаа юм. Энэхүү төслөөрөө дамжуулан нийт хүн амд сэтгэцийн эрүүл мэндийн талаарх ойлголтыг өгнө. Хүүхдэд шууд эмч хэлээд ойлгохгүй үе байна. Тиймээс Аргальхүү баатраар дамжуулж хүүхдэд эрүүл мэндийн боловсрол олгох зорилготой юм" гэв.

"2018 оны эхний 5 сарын байдлаар 350 хүүхэд аутизмтай гэж СЭМҮТ-д оношлогдсон"

СЭМҮТ-ийн дэд захирал В.Баярмаа "Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал дэлхий дахинд эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг хэсэг болж байна. Өнөөдөр дэлхий дахинаа бүх хүүхдийн 20 хувь нь буюу тавны нэг нь сэтгэцийн болон зан үйлийн эмгэгтэй байгаа бөгөөд ихэнх сэтгэцийн эмгэг хүүхэд, өсвөр насанд эхлэн илэрдэг байна гэсэн ДЭМБ-ын тооцоо судалгаа байна. 

ДЭМБ-ын 2001 оны Эрүүл мэндийн тайланд дурдсанаар 9-17 насны хүүхдийн дунд сэтгэл түгших эмгэг 13 хувь, зан үйлийн эмгэг 10.3 хувь сэтгэл хөдлөлийн эмгэг, 6.2 хувь нь тус тус зонхилон тохиолддог байна.

Хүүхэд, өсвөр үеийнхэнд сэтгэцийн хүнд болон хөнгөн хэлбэрийн эмгэг нь 5 хүүхэд тутмын нэгд тохиолддог. Бага сургуулийн насанд хөвгүүдэд, өсвөр насанд охидод сэтгэцийн эмгэг илүү их тохиолдож байна.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд өсвөр үеийн клиникт хандан үзүүлж зөвлөгөө авсан хүүхдүүдийн статистик үзүүлэлтээс харахад жил ирэх тусам хандаж буй хүүхдүүдийн тоо ихсэж байна.

 Жишээ нь,  Цахим донтолтын улмаас Хүүхэд өсвөр үеийн клиникт 2015 онд 35, 2016 онд 68, 2017 онд 94 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн байна.  2018 оны эхний 5 сарын байдлаар Аутизм эмгэгтэй гэж оношлогдсон 470 хүүхдийн 350 нь СЭМҮТ-д оношлогдсон" гэв.

 
Гэрэл зургийг mpa.mn
"Маргааш Аргальхүү төслийг таниулах өдөрлөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно"

Хүүхэд өсвөр үеийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Мандхай "Төслийн эхний танилцуулга болох “Аутизм гэж юу вэ" комик маань олон нийтийн хүртээл болоход бэлэн болоод байна.

Цаашид бидний хийх комикуудын сэдэв нь:

  • Хэт хөдөлгөөнтөх, анхаарал дутмагших эмгэг
  • Цахим донтолт
  • Булчин татгаваганах эмгэг
  • Айдсын эмгэг
  • Сэтгэл гутрал
  • Оюуны хомсдол 

Мөн "Аргальхүү" төслийг олон нийтэд хүргэх, сурталчлах, таниулахын тулд “Аргальхүү” өдөрлөгийг төслийн багийнхан маргааш буюу тавдугаар сарын 31-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна. Олон гэнэтийн бэлгээр дүүрэн байх болно.

Аргальхүү баатарт маань тохиолдох олон адал явдлыг уншигч хүүхдүүд, эцэг эхчүүд, иргэдэд хүргэхэд та бидний оролцоо чухал учир нийгмийн хариуцлагаа ухамсарласан, ирээдүй хойч үеийнхнийхээ төлөө халуун зүрх нь цохилдог иргэн бүрийг энэхүү төслийг дэмжин хамтран ажиллахыг уриалж байна" гэлээ.

Өдөрлөгт хүрэлцэн ирсэн хүмүүст зориулж

  • “Аутизм гэж юу вэ?” комик цувралыг эхний 200 хүүхдэд үнэгүй
  • Өдөрлөгт хүрэлцэн ирсэн эхний 300 хүүхэд бүр бэлэгтэй.
  • “Voice of Mongolia"-д оролцож олонд танигдсан дуучид оролцон өөрсдийн ая дуугаараа бэлэг барина.
  • Хүүхдэд зориулагдсан олон олон хөгжөөнт тоглоомууд зохион байгуулагдах бөгөөд оролцсон хүүхдүүд бүр шагналтай.
  • Өөрийн хүссэн зургаа нүүрэн дээрээ зуруулах "FACE-ART" үйлчилгээ
  • Flash mob үзүүлбэр
  • Хүүхдийн сэтгэцийн эрүүл эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө үнэгүй хийгдэнэ.