Хүний үүсэл хөгжлийн талаар эрдэмтэд өнөөг хүртэл судалсаар ирсэн билээ. Түүний дотор алмас буюу хүн гөрөөсний тухай ам дамжсан яриа дэлхийн олон улс оронд байдаг.
Алмас бол хүн үүссэн цагаас эхлэн хүнтэй зэрэгцэн амьдарч, байгалийн урт хугацааны шалгарлын явцад дэлхий дээр устан үгүй болж буй хүн төрхт нэгэн зүйлийн зэрлэг садан төрөл юм гэсэн таавар эрдэмтдийн дунд байдаг. Эртний дорно дахины судар шастирт алмасыг "сан шин", "рийдэг саншин" гэж тэмдэглэсэн байх ба энэ нь хүн гөрөөс гэдэг утга илэрхийлдэг байна.
Хадны сүг зурагт алмасыг аргаль, янгир, буга, гөрөөс даган явж буй байдлаар дүрсэлсэн байх нь олонтаа. Монголчууд эртнээс л хүн гөрөөс алмасын талаар мэддэг ард түмэн байжээ. Алмасыг монголчууд хүн гөрөөс, өвөг гөрөөс, хүн хар баавгай, хүн хар гөрөөс, хүн аюу, хар авхай, загийн шар эмгэн гэх мэтээр заавал хүнтэй холбон нэрлэдэг байсан. Монголд алмас хэмээх хүн гөрөөсийг хайж дорвитой судалгаа хийсэн хүн бол Равжирын Равжир юм.
Тэрээр алмасын мөрөөр Монгол Алтайн нуруугаар 1,340 хоног аялж олон арван домог, хууч яриануудыг цуглуулж, хэд хэдэн удаа алмасын мөрийг олж хэвжүүлж буулган авсан байдаг бөгөөд тэрээр гурван ч удаа алмасыг харсан гэдэг. Равжир өөрийн судалгааны ажлын үр дүнгээ нэгтгэн "Алмас сурвалжилсан тэмдэглэл" " Энэ хүн мөн үү" хэмээх ном хэвлүүлсэн байдаг.
Алмасыг барихын тулд бүр Сайрын уулыг цэргээр бүслүүлэхийг хүртэл оролдож байсан гэдэг яриа Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын хөгшчүүлийн дунд байдаг. 1973 оны 7 дугаар сард Равжир Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутгийн заагт орших Сайрын уулнаас алмасны мөр олж, түүнийгээ хэвжүүлж, зургийг нь аваад ШУА, болон Б. Ренчинд захидлаар илгээсэн байдаг.
Доктор Хайбалманс 1974 онд бичсэн өөрийн номондоо "Монгол Алтайгаас Равжирын олсон алмасын мөр 36.5 см урт байгаа нь хэрвээ түүнийг хүн байна гэж үзвэл 2 метр 24 см өндөр нуруутай байх бөгөөд түүнд гутал өмсгөвөл 52-54 размерын гутал таарах ёстой" гэж бичжээ. XVIII зууны дунд үед амьдарч байсан Өвөрлөгч хошууны найман вангийн хүү Жамбалдорж маарамба гэгч этгээд " Омон түмбий"гэдэг ном бүтээж, номондоо алмасын зургийг зурж, алмасын цөсийг эмэнд хэрэглэдэг "Лха эрдэнэ" гэдэг гэж тэмдэглэн үлдээжээ.
1837 онд Үзэмчний алтан үүрэгт бадарчин гэж алдаршсан Лувсандоной бадарчин Лхас ороод буцаж явахдаа Цэнхэр номингийн говиос заган дунд үхсэн байсан эрэгчин хүн гөрөөс олжээ. Тэрээр түүнийгээ өвчиж арьс, цөсийг нь аваад Богдын хүрээнд ирсэн байдаг. Тухайн үед зөв хатаасан хүн гөрөөсний цөс маш үнэтэйд тооцогддог байжээ. Маарамбууд түүгээр хүнд анагаадаггүй өвчнийг эмчлэх эм хийхэд хэрэглэдэг байваас л сонирхон судалж холбогдох мэдээ сэлтүүдийг цуглуулсан байдаг.
Алмасыг Америкт-бигфут /big foot/, Канадад Сасквач, Хойд Кавказад Каптар, Түвдэд ети /yetti/, Орост снежный человек гэж нэрлэдэг байна. Тэдний цуглуулсан баримт мэдээллүүд ч гэсэн монголчуудын дунд байдаг алмас буюу хүн гөрөөсний төрх байдалтай адил байгаа нь энэ амьтныг үнэхээр байдаг гэдэг итгэл үнэмшлийг өөрийн эрхгүй төрүүлнэ.
1950-иад онд ЗХУ-д Шинжлэх ухааны академи сурвалжлагч гишүүн В.Л. Обручевийн санаачлагаар алмасын мөрөөр мөшгөх судалгааны багийг байгуулж 1958 онд Памирт судалгааны экспедицийг зохион байгуулж олон баримт мэдээллийг цуглуулсан байна. Алмасын тухай хамгийн шуугиан тарьсан нэгэн явдал 1967 оны 10 дугаар сарын 20-ний өдөр АНУ хойд Калифорнийн уулс Блаф Крикийн хөндийд болжээ. Хээрийн судалгаа хийж байсан судлаач Рожер Паттерсон, Роберт Гимлин нар алмастай тулгарч түүнийгээ кино хальсанд буулгасан байдаг. Энэхүү кино хальсанд буусан бичлэгийн үнэн худал, зохиомол зүйл байсан уу гэдэг нь одоог хүртэл хүмүүсийн дунд маргаантай хэвээрээ байдаг байна.
АНУ-ын Техасын малын эмч Мельба Кэтчум хоёр жилийн өмнө алмасын ДНК-д шинжилгээ хийгээд энэ бол хүн, зэрлэг хүний эрлийз гэж мэдэгджээ. Тэр бүү хэл тэрээр алмасыг Засгийн газар “уугуул иргэнээ гэж үзэн хамгаалалтад авч, үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь эдлүүлэх ёстой” гэж шаарджээ.
Америкийн Вашингтон муж дахь Сент-Хеленс галт уул 1980 онд оргилсны дараа эндээс шатаж түлэгдсэн алмасын шарил олсон гэж шуугьсан. Гэрчүүд галт уул оргилсны дараа холбооны албаны нисдэг тэрэг алмасын хэд хэдэн шарилын үлдэгдэл ачаад явахыг харсан гэж ярьсан байдаг. Галт уул оргилохоос өмнө энд “сармагчин төрлийн хүмүүс” амьдардаг, бүр 1920 оноос хойш байсан, заримтай нь хүмүүс тааралдаж уулзаж байсан гэсэн яриа байдаг. Ийм түүх олон байдгийн нэг нь “сармагчны хавцал” нэртэй газар ч бий.
Ванкувер арлын оршин суугч Роберт Уилсон 2007 онд эхлээд баавгай гэж бодсон ер бусын амьтантай уулзсан тухайгаа ярьсан байдаг. “Би явж байгаад гэнэт үсэрхэг биетэй том хүнийг харсан. Яг баавгай шиг тэр хүн-амьтан бол агуйн хүн” гэж ярьжээ. Үүн дээр үндэслээд 2011 онд “алмас бол асар том сармагчин биш, харин эртний хүний төрхийг агуулсан хүн” гэсэн санал дэвшүүлсэн байдаг.
Пенсильваны иргэн, харь гаригийн хөлөг нисдэг биет судлаач Стэн Гордон 1973 онд харь гаригийн хөлгөөс гарч орж байгаа алмасуудыг харсан тухайгаа мэдэгдсэн байна. Эндээс энэ нууцлаг амьтан үнэхээр өөр гаригаас гаралтай байж болох юм гэсэн санаа гарч, Гордон ч “Харь гаригийн нисдэг биет-алмас” гэсэн шууд нэвтрүүлэг хийж олныг шуугиулсан байна.
Олонх “шинжээч” алмасыг үсэрхэг мичний нэг төрөл гэж үздэг. Зарим нь болохоор энэ амьтан мутацид орсон аварга сармагчин гэдэг. Үнэхээр алмасны зураг сэлтээс үзэхэд бие дүүрэн үстэй, хойд хөл дээрээ явдаг гээд гадаад төрхөөрөө мич, сармагчны төрөл байж болно гэдэг байна.
Алмасууд заримдаа цусаараа бэлгийн таашаал авдаг гэнэ. Ер амьтны ертөнцөд нэг төрлийн амьтан өөр амьтадтай эвсэлдэх нь тийм ч ховор биш. Зарим фермер алмас өөрийн нь үхэртэй эвсэлдэж байхыг харсан гэсэн яриа бас байдаг гэнэ.
Зарим судлаач Библи сударт гардаг аварга амьтан нь алмасыг дүрсэлсэн гэж үздэг. Үнэхээр библид “үсэрхэг аварга амьтан агнах” гэсэн өгүүлбэр байдаг, тэр нь бүх биеэрээ үстэй, муухай үнэртэй, хачин дуу гаргадаг гэнэ. Хүн төрхтэй ийм сонин амьтны тухай Коран сударт ч бас байдаг байна.
Амьтны гаж дуршил судлаач Лорен Коулман нэг удаа “Алмасуудын 10 хувь нь гей байдаг” гэж мэдэгджээ. Тэгснээ хэдэн өдрийн дараагаар өөрийн электрон шуудандаа “алмас бол гомо” гэж бичсэн байна.
Алмас байдаг гэдэгт хатуу илтгэлтэй байдаг хүмүүсийн ихэнх нь тэд талийгаачдаа оршуулдаг гэж итгэдэг. Америкийн алмас судлаач Бенжамин Чемберлин тэднийг яг л хүмүүс шиг нэгнээ халамжилж тэтгэдэг, нас барахаар нь шарилыг нь хамгаалж оршуулдаг гэж итгэн мэдэгдэж байв. Түүнийхээр бол алмасууд талийгаачдаа мөн л бид шиг аятайхан газарт оршуулдаг, энэ агуй, хавцал байдаг гэнэ. Хүйтнээс болоод шарил цогцос маш сайн хадгалагддаг болохоор хэрэв эрдэмтэд олж чадвал ийм оршуулгын газар нь жинхэнэ дуулиан болно гэнэ.
1999 онд Невада мужийн Батл-Маунтинд их хэмжээний түймэр гарч нэг алмас түлэгдэж шархадсаныг хүмүүс барьж авсан гэнэ. Энэ тухай алмас судлаачдын Bigfoot Field Research Organization нийгэмлэгийн нэг ажилтан өөрийнхөө захидалд дурдсан байдаг. Тэрээр бүхий л бие нь түлэгдэж шархадсан, дөрвөн хөл дээрээ явдаг баавгай гэхээсээ сармагчинтай илүү төстэй амьтан байсан гэжээ. Түүнийг эхлээд гал сөнөөгчид олсон ч дараа нь мал эмнэлгийнхэнд өгсөн байна. Дараа нь орон нутгийн захиргааныхан, анчид, загасчид хаа нэг тийшээ авч явсан гэнэ. Хүн төрхтэй энэ амьтан эр алмас байсан. Өндөр биетэй, бүх бие нь үсээр бүрхэгдсэн ч сармагчин биш байсан гэсэн байна. Нүүр нь хагас хүн төрхтэй, хагас сармагчны төрхтэй энэ амьтан цээжиндээ харин бага үстэй байсан гэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!