Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

SpaceX компани ирэх жил хоёр хүнийг Сар руу аялуулахаар болжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 2 сарын 28
IKON.MN
Зураг зураг

Хагас зууны өмнө NASA саран дээр хүний мөрийг гаргаснаас хойш анх удаа SpaceX компани манай дэлхийн дагуул руу хүн илгээхээр болжээ.

Энэ мэдээллийг тус компанийн үүсгэн байгуулагч Илон Маск олон нийтэд саяхан дэлгэсэн байна. SpaceX компанид хандсан хоёр хүн сар руу долоо хоногийн хугацаатай аялуулж өгөхийг хүсчээ.

Ингэхэд мэдээж багагүй мөнгө хэрэгтэй. Хүсэлт гаргасан хүмүүс хангалттай хэмжээний урьдчилгаа мөнгө шилжүүлсэн тухай Маск хэлсэн байна.

SpaceX компани 2018 оны дунд гэхэд Олон Улсын Сансрын Станц руу сансрын нисэгчдийг илгээхээр бэлдэж байгаа. Харин үүнээс зургаан сар орчмын дараа буюу оны сүүлээр дээр дурдсан сарны аялал болох ажээ.

Хэдийгээр хоёр хүнтэй аялал байх ч тэднийг тээвэрлэх Dragon хөлөг нь автомат жолоодлоготой байх гэнэ. Маск “Энэ аялал тодорхой хэмжээний эрсдэлтэй гэдгийг тэд мэдэж байгаа. Гэхдээ бид эрсдлийг хамгийн бага байхаар ажиллана” гэж хэлсэн байна.

Аялагчид өмнө нь мөн эрчимтэй бэлтгэл хийх ажээ.

Маск аялах хүмүүсийн нэр, тэр ч байтугай эрэгтэй, эмэгтэй эсэхийг ч хэлэлгүй, нууцалсан байна. Ганц баталж байгаа зүйл нь тэд Холливүүдийн хэн нэг алдартан биш гэнэ.

Аялагчид сарыг тойрч, гадаргууд нь ойрхон өнгөрөх боловч газардахгүй гэжээ. Аялалын нийт урт 480,000-640,000 км орчим болно.

Энэхүү зоригтой алхам нь сансарт хүн төрөлхтөн жуулчлах цаг үеийн эхлэл болох юм.

Цаашдаа олон олон хүн ийм аялал хийх хүсэлтээ ирүүлнэ гэдэгт Маск итгэлтэй байгаагаа ярьжээ.

 

Эх сурвалж: Independent