Холбоотой мэдээ
УИХ-ын сонгуулийн 76 тойргийг хуваасан байдал
Сүхбаатар аймгийн нэг мандатыг хасаад Увс аймагт нэмэх саналыг ДЭМЖЛЭЭ
Сонгуулийн Ерөнхий хорооноос ирүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Төрийн байгуулалтын Байнгын хороогоор хэлэлцэн баталлаа.
“Сонгуулийн хуулийг өөрсдөдөө тааруулж өөрчилж, тойргийг хувьчилж байна” хэмээн эсэргүүцлээ илэрхийлж байсан МАН-ын гишүүд завсарлага авах хүсэлт гаргав.
Гэсэн ч тус Байнгын хорооны дарга А.Бакей цаг хугацаа давчуу байгаа тул МАН-ын бүлгийн саналыг хүлээж авсангүй. Ийнхүү завсарлага авах хүсэлтийг нь хүлээж аваагүй тул МАН-ынхан хуралдааныг хаяж гарав.
Харин үлдсэн гишүүд зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалт явуулж Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжлээ.
Уг хуулийн төсөлтэй санал нийлээгүй гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргасан ч дэмжигдээгүй юм.
Харин АН-ын бүлгээс гаргасан Увс аймагт нэг мандат нэмж гурван мандаттай болгох зарчмын санал дэмжигдлээ.
Мөн Багахангай, Чингэлтэй, Багануур дүүрэгт хуваарилсан нэг мандатыг хасах санал дэмжигдсэн юм.
Түүнчлэн Багахангай дүүргийг Хан-Уул дүүрэгтэй, Налайх дүүргийг Чингэлтэй дүүрэгтэй, Багануур дүүргийг Сүхбаатар дүүрэгтэй нэг тойрог болгох санал гаргаж дэмжигдэв.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Дашдорж Хэнтий аймгийн мандатыг нэгээр цөөрүүлж Говь-Алтай аймгийн мандатын тоог нэгээр нэмэх санал гаргасан нь дэмжигдсэнгүй.
Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны дарга А.Бакей "МАН-ын бүлгийн гишүүдгүйгээр чуулганы ирц бүрдвэл энэ асуудлыг хэлэлцэнэ" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!