Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

ТҮҮХ: Хүрээний Майдар эргэх ёслол

ikon.mn
2016 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдэд Майдар эргэх их ёслол болсон билээ. Майдар бурхан Бурхан багшийн дараачаар Замбу тивд залран өөрийн сургаал номоо дэлгэрүүлэх сайн цагийн мянган бурхадын 5 дахь Бурхан юм байна. Их хүрээнд Майдар эргэх ёслолыг хэрхэн хийдэг байсан талаарх түүхээс хүргэж байна.

Хүрээний Майдар эргэх ёслол

Асрал нигүүслийн галаар хилэнг түлэн шатаагч
Аугаа билгүүний гэрлээр мунхагын харанхуйг арилгагч
Асар номын ялгуусны орлооч амьтны тусыг зохиогч
Ариун Түшитын оронд оршигч түүнд мөргөе.

Майдар бурхан бол энэрэл нигүүлсэл, эв нэгдэл, сэргэн мандалт, амар амгалан, хөгжил дэвшлийн бэлэг тэмдэг билээ.

Их хүрээнд хаврын адаг сар 10 ны орчим тогтмол өдөргүй тохирсон хоёр өдөр сонгож эхний өдөр нь "Их бурханы" өргөөнөөс "Чодин Жамба" гэдэг 80см орчим босоо дүрийг 4н дугуйтай өндөр том тэргэн дээр залж, "Их Майдар" гэж Зүүн хүрээний гадуур тойрон эргэж ёсолдог байв.

Энэ нь  Их Хүрээний  бүх аймгууд оролцдог нэгэн сонирхолтой зан үйлбайжээ. Дүг-шүхэр, Жанцан, Бадан, Тахил, Эрдэнэ зэрэг торгон чимэг хэрэгслүүдийг олон том, жижиг тэрэгнүүд дээр байрлуулж бэлтгэхийг гучин аймаг тус бүрд хувиарлан хариуцуулдаг байжээ.

 

Майдарын том тэрэгний орой дээр гол шүхрүүдийг Андуунар, Сангай, Зоогой гэх мэт аймгууд хариуцдагаас гадна Дүг-Шүхэр чимэг маш олон байсан учир аймгуудад 1-4 буюу 5-8 шүхэр, чимэгнүүд тус тус оногддог байжээ. Аймгууд чимэгнүүдээ жижигхэн 4-н дугуйтай модон тэргэн дээр авч явдаг бөгөөд үүнд "чимэг тулгуулах" гэж шүхэр чимгэндээ хор халгүй зөвхөн модон тэрэгнүүдээ хүчтэй тулгаж мөргөлүүлдэг байжээ.

Тийм учраас их хүрээний залуу лам нар өөрсдөө мөнгө төгрөгөө хуралдуулж энэхүү тэмцээнд зориулсан бөх бат хамгаалалт бүхий чимэгтэй тэрэгнүүдийг хоёр эгнэн урт оосроор чирч явахдаа өмнөө явсан нөгөө аймгуудын тэрэгнүүдтэй мөргөлдүүлэн тулгаж баяр хөөр болдог” байсан байна.

"Их бурханы"  Майдар эргэсний дараах өдөр нь  Богд хаан Живзундамба хутагтын орд өргөөний шар хашаан дотор "Дэргэдийн Майдар" гэж цөөн тооны голлох хүмүүс оролцсон Майдар эргэх ёслол болдог байжээ. Энэхүү Майдар эргэх хоёр ёслолын аль нь түрүүнд үүссэн талаар баримт алга хэмээн Д.Дамдинсүрэн "Их хүрээний нэрт урчууд" номондоо бичсэн байна. Мөн энэ ёслолын талаар А.М.Позднеев нэгэн тэмдэглэлдээ Их Майдар эргэх буюу ирээдүйн бурхан Майдарыг хүндэтгэх ёслол нь өргөөний хамгийн гайхалтай үйл явдалуудын нэг болдог байсан тухай бичсэн байна. Үүнээс үзэхэд Их Хүрээнд Майдар эргэх ёслол нь олон нийтийг хамарсан хамгийн чухал томоохон шашны зан  үйл байжээ.

Их Хүрээнд хэдий үеэс Майдар эргэх болсоныг Өндөр гэгээн Майдар бурханы суугаа босоо дүрүүдийг урласнаас эхэлэн Майдар эргэх ёслол бий болсон болвуу гэж бодож байна. Үүнийг цааш нь судлууштай юм.

Ирээдүй цагийн Майдар Бурханы морилон залрахыг билэгддэг энэ  ёслолыг "Зүүн хүрээ" Дашчойлин хийд нь хуучны хурал номын зан үйл, ёс заншилийн дагуу Майдар эргэх ёслолыг 1992 онд зуны эхэн сарын шинийн 3-ны өдөр дахин сэргээснээс хойш жил бүрийн зуны эхэн сарын шинийн 3-ны өдөр сүсэгтэн олонтойгоо хамтран үйлдэж байгаа билээ. 1992 онд анх Майдар эргэх ёслолд  Монгол түмнээ элчин багш хэмээн алдаршсан архад Күшок Бакула Түвдэнчогнор морилон ирж Майдар эргэх ёслолд оролцож байсан.

Хүрээ Майдар

Энэрэн нигүүлсэхүй ирээдүй цагийн их шүтээн Майдар бурханы тайлбар оршвой.

Майдар бурхан Бурхан багшийн дараачаар Замбу тивд залран өөрийн сургаал номоо дэлгэрүүлэх сайн цагийн мянган бурхадын 5 дахь Бурхан юм.

Майдар бурхны тэргүүн дээр залран буй суврага нь түүний багш Бурхан Буддаг бэлгэддэг ба ирээдүйд дээдийн номыг дэлгэрүүлэхийн бэлгэдэл болгож Номын хүрдээр мутрын тэмдэг хийж, удахгүй Замбу тивд залрахын бэлгэдэл болгож хагас суугаа байдлаар залран байдаг бөлгөө.

Тийм ч учраас бурхны шашинт орнууд ирээдүй цагийн тус амгалангийн бэлгэдэл болсон Майдар бурхныг бүтээж, ирээдүйнхээ сайн сайхан бүхнээ даатган дээдлэн шүтэж ирсэн уламжлалтай.  

 

Хутагтын Их Хүрээ буюу өнөөгийн Монгол улсын Нийслэл Улаанбаатар хотод ирээдүй цагт залран ирэх Майдар бурханыг 1834 онд 5-р Жэвзүндамба хутагт Лувсан-Чүлтэм-Жигмэд-Дамбий-Жанцан богдын санаачилгаар олноо “Жидорын их хамба Агваанхайдав” хэмээн алдаршсан хамба номун хан Агваанхайдав голлон удирдан бүтээж нийт монголчуудын их шүтээн төдийгүй соёлын чухал нандин өв  болж байсан тухай гадаадын жуулчдын тэмдэглэл болон түүхийн баримтанд тодорхой дурьдагдсан байдаг.

Майдар бурхныг бүтээх их ажил өрнөн байх тэр үед ажлыг голлон удирдаж байсан хамба номон хан Агваанхайдавэнэхүү үйлс бүтэлтэй сайн болохын олон сайхан шинж, бэлгэ тэмдэгүүд үзэгдэж байсан гэдэг. Ялангуяа нэгэн удаад гэрийн гадаа нь үл мэдэгдэх бурхны өлмийн мөр тодоос тод үлджээ.

Хамба номон хан тэрхүү мөрийг сайтар үзэж шинжилсэний эцэст Майдар бурхны мөр болохыг тогтоон, тэрхүү өлмийн мөрний хэмжээнд үндэслэн, бүтээж буй Майдар бурхныхаа тиг хэмжээг тогтоосон ба энэ нь 5 настай балчир хүүхдийн тохойгоор хэмживэл 50 тохой болно хэмээн үзэж Хүрээ Майдар бурхныг дуганы хамт бүтээсэн түүхтэй.

Майдар бурхныг Долнуур хотод урлуулжээ

 

Майдар бурхны дуган нь Монгол, Төвд, Хятад үндэстэнүүүдийн уран барилгын онцлогыг нийлмэл цогц болгон тусгасан хэдий ч үндэснийхээ хэв шинжийг түлхүү хадгалсан 3 давхар модон дуган байсан.

Уг Майдар дацан нь шүтээн мөргөлийн дацан байсан бөгөөд шашин соёлын зан үйл, хурал номын үйлийг түлхүү эрхэлдэг ба жил бүрийн “Майдар эргэх” зан үйлийг голлон гүйцэтгэдэг байжээ.

Гэвч XX зууны 20-30 онуудын цаг төрийн өөрчлөлтөөр шашин номын үйл ажиллагааг хааж, сүм дугануудыг нураан газар дээр нь шинэ барилга байшингууд барьсанаар 1943 онд Майдар бурханыг дуганы хамт үгүй болгосон билээ.

1990-ээд оны эхэн үеэс Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн Тэргүүнхамба Ч.Дамбажав ламтан тэргүүлэн бусад лам нарын хамтуламжлалт шашин соёлын нандин өвболох ХүрээМайдар бурхныг дуганы хамт дахин сэргээх буянтай үйлсийг санаачлан эхлүүлсэн юм. Уг ажлыг амжилттай бүтээхийн үүднээс Хүрээ Майдар бурхан болон дуганы тухай судалгааны ажлыг хийж уг бурханыг Хутагтын Их хүрээнд бүтээсэн үйл ажиллагааны талаар тодруулж ажлынхаа суурь болгосон. Улмаар 2005 онд Хүрээ Майдар бурханыг дахин бүтээх ажлыг албан ёсоор нийтэд танилцуулж эрчимжүүлсэн бөгөөд хуучин уламжлалт хэв шинжийг хадгалж бүтээх судалгааг хийж дуусгасан.

2007 онд Хүрээ Майдар бурхны бүтээх эх загварыг Чойжин ламын сүм музейд залагдаж байгаа Анхдугаар богд Өндөр гэгээн Занбазарындэг сургуулийн дагуу бүтээгдсэн Майдар бурханаас хуулбарлан томруулах аргаар МУЭ-ийн барималч Н.Оргил 1.6 метрийн өндөртэй бүтээсэн.

Энэ нь Төвд, Хятад болон бусад бурханы шашинт азийн орнууд бүтээгдсэн Майдар бурхадаас ялгаатай, ур хийц, харагдах байдлын хувьд Өндөр гэгээн Занабазараас уламжлагдаж ирсэн монгол шинжийг агуулсан онцлогтой бүтээл болж чадсан. 2010 онд  БНХАУ-ын Бээжин хотын Найралт Найрамдах / Yong He Gong/ хийд нь Зүүн Хүрээ Дашчойлин хийдэд Хүрээ Майдар бурханыг өөрсдийн хөрөнгөөр бүтээж Монголын бурхан шашинтануудад үнэ төлбөргүй, буцалтгүй тусламж болгон өргөхөөр тохиролцож бурхан бүтээх ажил эхэлсэн.

2013 онд Хүрээ Майдар бурханыг БНХАУ-ын Сычуан мужийн Чэндү хотын “Sichuan Karma Bisno-Tibetan Artand Culture Development Co., LTD”компанид Төвд болон Балба урчууд барималч Н.Оргилын бүтээсэн эх загварын дагуу зэсээр бүтээж дууссан. Бид Чэндү хот руу Майдар бурханыг бүтээх үйл явц, эх загварын дагуу  бүтээж байгаа эсэхийг хянуулахаар ажлыг хэсгийг шаардлагатай үе болгонд явуулан ажиллуулж байсан.

2014 оны 06-р сарын 13-ны өдөр Хүрээ Майдар бурханыг Зүүн Хүрээ Дашчойлин хийдэд хүлээн авах ёслол болсон бөгөөд 2015 онд бурханаа барьж угсран бүрэн дуусгаж сүсэгтэн олондоо өргөн барихаар төлөвлөн ажиллаж байна.

Майдарын дуганы зураг төслийг “BALDAN’S” ХХК-ны архитекторч Д.Балдан хийж гүйцэтгэсэн. Дуганы хувьд орчин үеийн  барилгийн шаардлагад нийцсэн хүүхэд залуучууд, нийслэлийн иргэд,  сүсэгтэн олны эрэлт хэрэгцээг хангасан 5 давхар шилэн бүтээцтэй барилга байх бөгөөд давхар болгондоо олон нийтэд зориулсан шашин соёл,зан үйл, хурал цуглаан, дээдийн номын сургаалыг тайлбарлах лекц сименар, бясалгал хийх зэрэг өрөө танхимуудтай байхаар тусгасан. Мөн дуганы барилгад гал унтраах автомат төхөөрөмж, дохиолол мэдээлэл, теле хяналтын систем зэрэг орчин үеийн техник технологийг ашигласан SMARTшийдлийг нэвтрүүлсэн дуган байхаар төлөвлөн ажиллаж байна.

Хүрээ Майдар бурхныг дуганы хамт бүтээснээр нийслэл хотын маань өнгө үзэмжтэй нэгэн сайхан цогцолбороор нэмэгдэж, гадаад дотоодын жуулчин мөргөлчдийн очих дуртай эрхэм газруудын нэг болох нь дамжиггүй юм.Үүнээс гадна цаашид  бурхны шашинт орнуудад үйл ажиллагаагаа явуулж буй Майдарын төвүүдтэй холбоо тогтоон хамтран ажиллаж олон улсын Майдарын төв болгох эрхэм зорилготой болно.

Эх сурвалж: МБШТөв Гандантэгчэнлин хийд