2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс НӨАТ-ын тухай хууль шинэчилсэн найруулгаар хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг хуулийн хүрээнд иргэд НӨАТ-ын хоёр хувийн урамшуулал авах, бараа үйлчилгээ худалдан авсан баримтаараа сугалаанд оролцох эрхтэй болсон юм.
Сугалааны тав дахь тохирол өчигдөр /2016.02.28/ 19:30 цагаас болж, нийт 13,688 азтан тодорлоо.
Та төлбөрийн баримтаа бүртгүүлсэн бол ebarimt.mn цахим хуудсанд өөрийн эрхээр хандан, хянах самбарынхаа "Сугалаанд хожсон дүн" хэсгээс сугалаанд хожсон эсэхээ харна уу.
20,000 болон 100,000 төгрөгийн хонжворыг иргэдийн бүртгэгдсэн данс руу шилжүүлэх бөгөөд 500,000-аас дээш төгрөгийн хонжворыг иргэд өөрт хамгийн ойр байгаа татварын хэлтэс дээр бичиг баримттайгаа очоод, маягт бөглөвөл тухайн хүний данс руу шилжүүлэх юм байна.
Журмын дагуу хонжворыг 20 хоногт багтаан олгоно.
Энэ удаагийн сугалааны тохирлоор супер шагналын эзэн тодроогүй бөгөөд супер шагналын сан 350,000,000 төгрөг болж өсөөд байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!