Энэ удаагийнхаа “Өглөөний зочин” буландаа УГЗ зураач Д.Цэдэндоржийг урьж, ярилцлаа.
-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Эхлээд манай уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Би Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрж, өссөн. Хантайшир уулын өвөрт Бэлийн ам гэх газар бага нас маань өнгөрсөн. Ам бүл олуулаа. Эцэг, эхтэйгээ мал маллаж, газар тариалан тарьж өнөөг хүрлээ.
-Нутгийн тань зон олон таныг анддаггүй юм билээ. Ингэхэд зураач болох зам, мөр тань яаж нээгдсэн юм бэ?
-Манай ах их уран хүн байсан л даа. Ахыг маань Д.Сайнбилэг гэдэг. Ахыгаа дагаж, багаасаа л уран зураг оролдож, сонирхож эхэлсэн. Хээр, гадаа мал хариулж явахдаа л хунгарласан цас, элсийг зүгээр байлгадаггүй дээр нь мод, чулуугаар зураг зурдаг хүүхэд байлаа.
Сургуульд орсон хойноо ч гэсэн дэвтрийнхээ арын хуудсанд янз бүрийн зураг зурчихдаг, нэг тийм зүггүй ч гэмээр хүү байсан даа. Ингэж явсаар анх тухайн үед Урчуудын эвлэлийн дарга байсан хүн л намайг мэргэжлийн зураач болоход түлхэц болж, нөлөөлсөн гэх үү дээ.
-Тэр үед та хэдэн настай байв?
-Тэгэхэд 16 настай л байсан санагдана. Бүтэн өдөр пионерын тэмдэг зурж сая нэг юм Урчуудын эвлэлийн хороонд дагалдан зураачаар орж байлаа.
Уран бүтээлч хүн, тэр дундаа зураач хүн энэ нутагт амьдарч, аж төрөхөд маш их өнгөний баялагтай.
Ингээд уран зургийн курст сурахаар болж Улаанбаатар хотод ирсэн юм. Ингэж л зураач болох гараагаа эхэлж, уран зураг гэдэг сайхан урлагтай танилцаж, анхны мэдэгдэхүйнтэй болж байсан даа.
-Тэгэхээр хэдэн оноос хойш зураачаар ажилласан гэсэн үг вэ?
-1962 оноос хойш өдийг хүртэл үнэнчээр зүтгэж явна.
-Уран бүтээлч хүн бүр хот, суурийн газар бараадаж бүтээлээ туурвих сонирхолтой байдаг. Таны хувьд нутагтаа эргэж очих шалтаг, шалтгаан юу байв аа?
-Манай Говь-Алтай аймаг бол их сайхан нутаг. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн, уран бүтээлч хүнд бол их санаа, сэдэл өгдөг газар юм даа. Уран бүтээлч хүн, тэр дундаа зураач хүн энэ нутагт амьдарч, аж төрөхөд маш их өнгөний баялагтай шүү дээ.
-Зураачид нэг төрлөөр дагнаж зургаа зурдаг юм шиг санагддаг. Таны хувьд ямар төрлийн зургийг түлхүү зурах дуртай вэ?
-Би ихэвчлэн байгалийн зураг зурдаг. Нутагтаа эргэж очих шалтгаан маань ч үүнтэй холбоотой байх. Дээр нь хүний хөрөг их зурдаг хүн дээ. Өөрөөр хэлбэл, Говь-Алтай аймгийнхаа үзэсгэлэнт, сайхан байгалийг зурж, түүгээрээ амьдардаг уран бүтээлч юм.
-Байгалийн болон хөрөг зургийг хүмүүс ихэвчлэн захиалгаар зуруулдаг. Нөгөөтэйгүүр зураач хүний нэг бүтээл дахин давтагддаггүй гэж ярьдаг. Магадгүй дахин зурахдаа өөр өнцгөөс харж бүтээлээ туурвидаг байх. Харин таны хувьд хамгийн олон удаа зурсан зураг юу вэ?
-Ихэвчлэн хүмүүсийн захиалгаар л зурдаг. Ээж хайрхан уулыг бол мөн ч олон зурсан даа.
-Мөн ч олон гэдгээ тоогоор илэрхийлж болох уу?
-Бараг 200-гаад удаа зурсан санагдаж байна. Захиалгаар зурсан байна. Өөрөө хүнд бэлэглэх гэж ч их зурсан байдаг юм. Анх 1964 онд нэг бүтээл хийж, тэр маань Улсын төв галларейд хадгалагдаж байлаа. Тэгэхэд сургуульд ч яваагүй хүүхэд байсан юм. Бас Сутай хайрханыг ямар ч их зурав даа. Зүүн нутгийн иргэд намайг зорьж ирж, аймаг руугаа дагуулж явж зураг зуруулдаг шүү дээ.
-Тэгвэл хамгийн их гарын ур шаардаж, сэтгэл шингээж зурсан зураг гэвэл ямар бүтээл байна вэ?
-Уран сайхны хэлбэртэй бүтээл байдаг даа. Тээр жил манай аймагт их лут зуд болсон юм. Тэр үед би “Халуун тос” гэсэн нэртэй сэдэвт зураг зурж байлаа. Энэ зураг маань их сэтгэл, ур болон цаг хугацаа шаардсан даа. Тэр маань миний их сайн бүтээл. Энэ мэтчилэн олон бүтээл бий.
-Таны тэр уран бүтээл туурвих онгодыг байгаль эх өөрөө хөглөдөг юм уу, эсвэл өөр ямар нэгэн зүйлээс шалтгаалж бүтээлээ туурвидаг юм уу?
-Байгаль дэлхий л хөглөнө шүү. Байгалийнхаа үзэсгэлэнт газруудыг харж л, сэтгэл хөдөлж түүнийгээ цаасан дээр буулгадаг. Өөрөөр хэлбэл, байгаль гэж том багш байна шүү дээ уран бүтээлч бидэнд. Яах вэ, хүн гэдэг амьтнаас онол л сурна. Харин яг жинхэнэ дадлагыг байгаль эхээсээ л сурдаг юм.
-Та түрүүн Ээж хайрхан уулыг 200-гаад удаа зурсан гэж хэлсэн. Тэгж олон зурахдаа тэр том хайрханыг зурсан зургийнхаа тоогоор өөр өнцгөөс олж харсан гэсэн үг үү?
-Үгүй ээ, 200 гаруй өнцгөөс ч олж хараагүй л дээ.
-Зурах бүрт өөр харагдахгүй байна уу?
-Ер нь бүтэн тойрсон л доо. Гэхдээ гурав, дөрвөн талаас л харж зурсан.
-Үгүй ээ, танаас зүгийнх нь хувьд биш харах өнцгөөс нь асуугаад байна л даа?
-Аан, хол болон ойроос гээд үү.
-Тийм ээ?
-Тэгэлгүй яах вэ, тэр ойлгомжтой шүү дээ. Гэхдээ хүний захиалга янз бүр байна. Аль талаас нь их гоо үзэмжтэй харагддаг вэ, тэр талаас нь л зуруулахыг хүсдэг юм.
-Зургийг захиалгаар зурах хэцүү юу?
-Яалаа гэж дээ. Тийм хэцүү зүйл байхгүй.
-Ингэхэд орон нутагт оюуны бүтээлийг үнэлэх үнэлэмж хэр байдаг юм бэ?
-Тааруухан шүү. Гэхдээ аймаг, орон нутгийнхаа хэрэгцээнд тааруулаад л янз бүрээр үнэлдэг. Би ч мөнгө нь их, бага байна гэж ярьдаггүй. Хамгийн гол нь, чанартай л зураг зурж өгөхийг хичээдэг, боддог доо.
Нөгөөтэйгүүр тэр бүхнээр дамжуулж миний бүтээл, чадвар цаашид сурталчлагдаад л явж байна. Уран бүтээлч хүний нэр төр гэж байна шүү дээ. Түүнээс тэр үнэ, үнэлэмж нь нэг их чухал биш байдаг.
-Таны зурсан зургийг гадаадын иргэд хэр сонирхож, худалдан авдаг юм бол?
-Өө, их. Миний бүтээл тараагүй газар гэж бараг л байхгүй. Би 1998 онд БНХАУ-ын нийслэл Бээжинд үзэсгэлэнгээ гаргасан юм. Тэгэхэд би 40 бүтээлтэй явж байсан. Тэгсэн хэрнээ нэг ч зураггүй эх орондоо ирж байлаа шүү дээ.
-Жилийн дөрвөн улиралд байнга л зургийн захиалгад дарагдана биз?
-Тийм зүйл байхгүй шүү дээ. Одоо бол хааяа л нэг захиалгаар зураг зурдаг. Харин дээх нь үед бол захиалгаар дарагддаг байсан. Зөнгөөрөө л бүтээлээ туурвиж байна даа.
-Хамгийн ойрын төлөвлөгөө юу байна вэ?
-Бүтээлээ хийгээд л нэг хүнд өгдөг байсан нь буруу байж. Одоо бол бүтээлээ зарах гэхээсээ илүү хадгалахыг хүсч байна. Үр хүүхдэд маань үлдэх юм хэрэгтэй.
-Яг одоо ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Сутай хайрханы том бүтээл зурж сууна даа. Хоёр метр гаруй урттай цаасан дээр л зурж байна. Ирэх жилийн аймаг, орон нутгаа сурталчилах үйлд л гар бие оролцох санаатай зурж байгаа юм.
-Сүүлийн асуулт. Та өөрийнхөө туулж өнгр¬үүлсэн амьдралаа өнгөөр илэрхийлэхгүй юу?
-Янз янзын л өнгөтэй амьдарч ирлээ дээ.
-Ярилцсанд баярлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!