Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Монголын соёл урлагийн тогтвортой хөгжлийг дэмжих эрхэм зорилгынхоо хүрээнд уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл явцыг дэмжих, Монголын орчин цагийн дүрслэх урлагийн авьяаслаг залуу уран бүтээлчдийг гадаад дотоодод таниулан сурталчлах үйл ажиллагааг “Улаан гэр” нүүдлийн галерейгаар дамжуулан хүргэдэг билээ.
Энэ удаад залуу уран бүтээлч Эрдэнэбаярын Жанцанхоролын “Холимог дархлаа” бүтээлийг Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд 2015 оны 12-р сарын 04-23-ны хооронд толилуулж байна.
Уран бүтээлч хүн авьяасаа мэдлэгээр баяжуулан өөрийгөө хурцлан хөгжүүлсэнээр өөрийн үзэл бодлыг бий болгодог. Энэхүү үзэл бодол нь тухайн уран бүтээлчийг бүтээлээ туурвихад нь чиглүүлж өгдөг ба бидний хэлж заншсанаар тухайн уран бүтээлч “өөрийгөө олсон байна” хэмээн ярьдаг. МУЗ нь үүнийг гэрчлэх нэгэн залуу авьяастныг танилцуулж байна.
Тэр бол уран бүтээлч гэр бүлийн гишүүний нэг Эрдэнэбаярын Жанцанхорол (Жанцаа) бол төрөлхийн даруу төлөв, өөртөө итгэлтэй, сониуч бас шийдэмгий зантай залуу уран бүтээлч. Орчин үеийн урлагийн томоохон төлөөлөл Нари Вард (Nari Ward)-ийн шавь болж, АНУ-ын Нью-Йорк хотын Хантэр (Hunter) коллежид элсэн орж суралцсан.
Түүний уран бүтээлийн урлангаар аялахад эргэн тойрон хэнд ч хэрэггүй эд зүйлс: картон цаас, хайрцаг, эвэр, төмөр, банз, хавтан... Харин эцсийн дүнд ямар санааг юугаар яаж илэрхийлэх нь чухал.
Холимог буюу hybrid баримлын төрлөөр түүний бүтээлүүд хийгджээ.
Hybrid бүтээл нь сүүлийн үед эрчтэй хөгжиж буй орчин үеийн урлагийн төрөл юм. Бид ямар цаг үед амьдарч байна вэ? Юунд итгэж амьдрах вэ? Эдгээр асуултад уран бүтээлч хариулт хайх ба гол санаагаа авгалдай, авгалдайн хэв, барилгын хөөс, картон цаас, амьтны эвэр, хэвлэлийн цаас, хөсрий мод зэрэг материалыг ашиглан гаргана.
Цаашилбал түүний бүтээлүүд бидний оршин тогтнолын тухай асуулт дэвшүүлнэ. Бид байгалийн амьтад хэвээрээ юу, эсвэл бид өөрсдийн бүтээсэн холимог зүйлс үү?
Эрхэм та энэхүү асуултын хариуг эрэлхийлбэл залуу уран бүтээлчийн “Холимог дархлаа” анхны бие даасан үзэсгэлэнг үзэж сонирхоорой!.
Монголын Урлагийн Зөвлөл
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!