Шинэ жилийн үдшийг “Цөмөөхэй” балетгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тайзан дээрх сүрлэг том гацуур мод, будран хаялах цасан ширхэг, бяцхан багачуудын инээд баяслаас шинэ жилийн уур амьсгал, халуун дулаан мэдрэгддэг.
Тэгвэл тус балет энэ сарын 12-27-ны хооронд гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн дэглэлтээр тайзнаа амилахад бэлэн болжээ. Энэ бүтээл манай тайзнаа 1981 оноос эхлэн тавигдсан бөгөөд өнгөрсөн жил 180 гаруй хүүхдийн бүрэлдэхүүнтэйгээр анх удаа шинэчлэгдэн тоглосон.
Жил бүрийн тоглолт өөр, өөрийн онцлогтой. Өнгөрсөн жил баавгай тайзан дээр бүжиглэж, цас будар байсан бол энэ удаад шинэ жилийн гацуурыг дуурийн театрын тайзанд тохируулан шинэчилж хурга хэмээх өхөөрдөм амьтнаар шинэ дүрээ нэмжээ.
Энэ удаагийн сонгон шалгаруулалтад 30 гаруй хүүхэд оролцсон байна. Үүнээс 22 нь дүр бүтээж байгаа бол үлдсэн нь олны хэсэгт бүжиглэх аж. Цөмөөхэйтэй хамт үлгэрийн орноор аялах Клара охины дүрд таван авьяаслаг охиныг сонгосон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!