Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Тасалгааны агаар цэвэршүүлдэг НАЙМАН ургамал

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 4 сарын 28
iKon.MN

Гадаах агаар, тасалгаанд байгаа агаар хоёрын аль нь илүү бохирдолтой вэ? Тасалгааны агаарын бохирдол нь эрүүл мэндэд сөрөг нөлөө ихтэй болохыг баталжээ.

Анзаардаггүй л болохоос бидний гэр, албан тасалгаанд мөөгөнцөр, тоос, бактери, элдэв химийн бодис хуримтлагдсан байдаг аж. Тэгвэл азаар энэ бүх асуудлыг шийдэж, өрөөнд цэвэр агаар “бэлэглэдэг” тасалгааны ургамлууд гэж бий. Тэдэнтэй танилцацгаая.


Хонин нүдэн /Garden Mum/

 

Энэ ургамлыг НАСА-гаас хамгийн сайн агаар цэвэршүүлэгч гэж тодорхойлжээ. Хонин нүдэн таны гэр орон, албан тасалгааны агаараас аммиак, бензол, формальдегид болон ксилолыг устгана. Мөн үнэ өртгийн хувьд хямд бөгөөд гадаа ургуулах боломжтой гэдгээрээ давуу талтай юм.

Мөлхөө цэцэг /Spider Plant/

 

Мөлхөө цэцэг нь амархан ургадаг бөгөөд цэцэг тарих туршлагагүй хүнд хамгийн тохиромжтой. Мөлхөө цэцэг хурц гэрэлд дуртай бөгөөд нарны гэрэлтэй ойр байлгавал амархан нахиалдаг. Мөн агаарыг цэвэржүүлж, формальдегид, ксилолыг устгадаг.

Луун мод /Dracaena/

 

Луун модны төрлийн 40 гаруй ургамал байдаг. Аль ч байсан өрөө тасалгааны агаарыг маш сайн цэвэршүүлнэ. Тэр танай өрөөний агаараас бензол, формальдегид, трихлороэтилиний болон ксилолыг устгана. Гэхдээ муур, нохойтой айлд тохиромжгүй ургамал тул анхаарууштай.

Инжир /Ficus, Weeping pig/

 

Инжирийн мод 60 сантиметрээс гурван метр хүртэл янз бүрийн хэмжээтэй байдаг. Агаарыг цэвэршүүлэх онцгой чадвартай бөгөөд хүсвэл хавар, зуны улиралд гадаа хашаанд, тагтан дээрээ байлгаж болно. Агаараас бензол, трихлорэтилен болон формальдегидыг устгадаг байна.

Сараана /Lily/

 

Таны авах дуртай Сараана цэцэг агаар цэвэршүүлэх увидастай гээд бод доо. Сараана цэцэг нь чийглэг хөрс, сүүдэрлэг байдлыг илүүд үздэг. Тасалгаанд ургуулснаар аммиак, бензол, формальдегид болон трихлорэтилен устгах чадвартай.

Ойм /Fern/

 

Ойм бусад ургамлаа бодвол сэрүүн, нарны шууд бус тусгалтай газар байх дуртай. Тиймээс оймыг угаалгын өрөөн байршуулах нь бий. Мэдээж угаалгын өрөөнд байхдаа тэд ксилен болон формальдегид зэрэг бохирдуулагч бодисуудыг устгадаг.

Мөнхрөө /Snake Plant/

 

Үхүүлэхэд хамгийн хэцүү ургамал гээд хэлчихэд болно. Тиймээс оффис, хоолны газруудад хамгийн тохиромжтой байдаг. Учир нь усгүйгээр нэг сар шахуу амьдарч чадахын зэрэгцээ хуурай нөхцөлд маш сайн дасдаг. Мөн нарны хурц гэрэл хэрэггүй. Гэрт байхдаа бензол, формальдегид, трихлорэтилен болон ксилолыг устгана.

Зуун наст /Aloe/

 

Зуун настыг бараг л зуун янзаар ашиглаж болно гэхэд хилсдэхгүй. Багахан хэмжээгээр хэрэглэх нь эрүүл мэндэд тустай төдийгүй түлэгдсэн шарханд сайнаар нөлөөлнө. Мөн агаарт буй формальдегидийг устгах бөгөөд хүний арьсыг чийгшүүлдэг давуу талтай. 

 

Эх сурвалж: Greatist