ЦДБЭЧ-ын уран бүтээлчид өмнөд хөршид тоглолтоо хийхээр бүрэн бүрэлдэхүүнээрээ мордохын өмнө тус чуулгын дарга, хурандаа Ч.Гансүхтэй уулзаж ярилцлаа.
-Энэ аялан тоглолтынхоо талаар ярихгүй юу?
-Өнгөрсөн наймдугаар сард БНХАУ-ын тэргүүн Си Зинпинь манай улсад албан ёсны айлчлал хийх үеэр ЦДБЭЧ уран бүтээлээсээ сонирхуулсан юм.
Энэ нь Хятадын тэргүүнд таалагдаж, бидэнд урилга илгээсний дагуу энэ сарын 8-17-ны өдрүүдэд Бээжинд хоёр удаа, Шанхайд нэг удаа тоглолтыг 100 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулахаар төлөвлөөд аян замдаа гарч байна.
Ер нь ЦДБЭЧ өргөн бүрэлдэхүүнтэйгээр хоёр дахь удаагаа БНХАУ-д тоглохоор болж байгаа нь энэ. Тэртээ 60 жилийн өмнө манай уран бүтээлчид 120 хүний бүрэлдэхүүнтэй урд хөршид зочилж, уран бүтээлээ хүргэж байсан түүхтэй.
Саяхан хятадын цэргийн ансамбелийн удирдлагатай уулзсан, Бээжинд зохион байгуулах эхний тоглолтод хятадын төрийн өндөр албан тушаалтнууд, цэргийн ансамбль, цэргийн атташе нар хүрэлцэн ирэх юм билээ. Мөн Шанхайн цэргийн тойргуудаар тоглоно.
-Урлагийн ямар тоглолт, үзүүлбэрүүд сонирхуулах вэ?
-100-110 минутын хөтөлбөртэй ЦДБЭЧ-ын нэгдсэн тоглолтууд бий. Түүн дээр нэмж дөрвөн дуу дуулахаар бэлтгэж байна. Үүний гурвыг хятад хэлээр, нэгийг нь эх хэлээрээ орчуулан дуулах болно.
Өөрөөр хэлбэл, манай дуучид хятад хэлний чадвараа ард түмэнд нь шалгуулна гэсэн үг. Түүнчлэн Хятадын цэргийн ансамбль манай бүрэлдэхүүнд өөрсдийн тоглолтоосоо сонирхуулахаар болсон.
-ЦДБЭЧ-ын чансаа олон улсад ямар түвшинд байна вэ?
-БНХАУ-ын цэргийн ансамбль болоод Хятадын ард түмэнд тоглолтоо сонирхуулна гэдэг нэгэн том зорилгын биелэлт юм. Дараа жилийн ялалтын баяраар Москвад очиж тоглох туйлын зорилго бий.
ЦДБЭЧ-ын уран бүтээлчид монголын соёл урлагийн байгууллагуудтай өрсөлдөхөөсөө илүү, хятад, оросын цэргийн ансамбелийн мэргэжилтэнгүүдийн түвшинд хүрсэн байх зорилт тавьдаг.
Тиймээс ч ЦДБЭЧ аль түвшинд байгааг харьцуулж харах нэгэн боломж бүрдэж байгаад олзуурхаж байгаа.
Нөгөөтэйгүүр ОХУ-ын Москва хотод “Большой Опера” мэргэжлийн дуурийн дуулаачдын олон улсын уралдаанд манай дэд ахлагч Ч.Бадрал оролцоод 180 уран бүтээлчээс дөрөвдүгээр байрт шалгарсан. Энэ нь манай уран бүтээлчдийн чансааг олон улсад харуулж буй нэг явдал болсон.
Одоо М.А.Глинкийн нэрэмжит уралдаанд ахлагч Б.Батбаатар оролцох гэж байна. 2011 оноос манай уран бүтээлчид олон улсын чанартай дуулаачдын уралдаанаас таван Гранпри авчихаад байгаа нь уран бүтээлчдийн чансаа жилээс жилд хэрхэн ахиж байгааг харуулах нэг үзүүлэлт юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!