Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос энэ жилийн Хүний эрхийн Олон улсын өдөр “Хүний эрх 365” уриаг бодитойгоор хэрэгжүүлэх аяныг орон даяар зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү үйл ажиллагааныхаа талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
/Жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдрийг НҮБ-ээс Хүний эрхийн Олон улсын өдөр болгож зарладаг билээ. 1948 оны энэ өдөр “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг баталсан нь хүний эрхийг дэлхий даяар тунхаглан зарласан баримт бичиг болсон юм/
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын амин сүнс болсон санаа нь “Хүн айх аюулгүй, гачигдах зовлонгүй байх ёстой”. Хүний эрхийн асуудал үүнээс л эхэлдэг гэдгийг ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж онцолсон юм.
Энэ өдрийн хүрээнд ХЭҮК-оос олон үйл ажиллагаа зохион байгуулах бөгөөд энэ өдрийг баяр ёслол гэхээсээ илүү тодорхой ажил хийж, түүнийхээ үр дүнг үзэж өнгөрүүлэхийг уриалав.
ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж
-Таны илтгэл дээр дурдагдлаа. ХЭҮК-оос энэ жил 25 хорих ангид сургалт явуулсан байна. Энэ талаараа дэлгэрүүлнэ үү?
-Бид зарим юмныхаа ололттой талыг хэлэх ёстой. Би 1996 онд УИХ гишүүн байхдаа бүх хорих ангиудаар явж байсан.
Тухайн үед байсан хорих ангиуд одоогийн хорих ангиудын байдал маш өөр болсон. Үндсэндээ ХЭҮК-оос хийсэн цагдан хорих газар, хорих ангиудыг олон улсын жишигт нийцүүлэх ажил тодорхой хэмжээгээр үр дүнд хүрсэн шүү.
Гадны хүний эрхийн байгууллагуудын төлөөлөл ирж үзээд өндрөөр үнэлдэг.
ХЭҮК-ийн гишүүн П.Оюунчимэг
-Хүний Эрхийн Үндэсний Комиссоос хамгийн сүүлийн үед ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ. Мөн ямар ямар шалгалт хийсэн бэ?
-Салбар салбарын хүрээнд хүний эрх зөрчигдөж байна уу гэдэг дээр томоохон хэмжээний шалгалтууд хийсэн.
Хамгийн сүүлд гэвэл ломбард ажиллуулагчид иргэдийн өмчлөх эрхийг хөндөж байгаа эсэхийг шалгасан. Дараагийн долоо хоногт эрх зүйн боловсрол олгодог их дээд сургуулиудад боловсролыг тэгш олгож байна уу гэдгийг шалгана.
Хүний эрхийг хамгаалагч нарын эрх зүйн байдал ямар байгаа вэ гэдгийг бас судалж, шалгана. Үндсэндээ он дуусахаас өмнө хийх гурав дөрвөн томоохон шалгалт байгаа.
Шалгалт зүгээр нэг хийгдээд өнгөрөхгүй. Бидний зүгээс тодорхой шаардлага, зөвлөмж хүргүүлнэ.
Холбогдох хууль тогтоомжинд нэмэлт өөрчлөлт оруулах санал тавина. Аль болохоор хоёр талын ашиг сонирхлыг эрх зүйн актаар тэнцвэржүүлэх бодлого баримталж ажиллаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!