Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

С.Баяр: Энхбаяр ер нь эрүүл байна уу?

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг

"Хоёрдугаар суваг" телевизээр өчигдөр орой цацагдсан "Цензургүй яриа" нэвтрүүлгийн зочин нь Монгол Улсын Ерөнхий сайд асан, улс төрч С.Баяр байлаа.

Түүний ярианаас онцлох эшлэлүүдийг түүвэрлэн хүргэж байна.


 

МАНАН 1-ийн тухай

 

Хоёр том нам эвсэхээр улс төрийн шийдвэр гаргах явцаас хоцорчих гээд байдаг улс төрчид МАНАН-г эсэргүүцдэг. Ингэж хэлэхээр тодорхой дүрүүд нүдэнд чинь харагдаж байна уу?

 

Хоёр нам хамтарсны хүчинд 2008-2010 оны эдиийн засгийн хямралыг харьцангуй хохирол багатай даван туулсан

 

2008 онд эдийн засгийн өсөлт бараг тэг хувь байсныг дэлхийд байхгүй хэмжээнд буюу 17.6 хувьд хүргэсэн байдаг

 

Инфляци 35-40 хувь хүрч байсныг 2010 оны эхээр хамтарсны хүчинд 8 хувьд хүргэж чадсан

 

Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 1200 доллараас 3200 руу бараг нугараад ороод ирснийг хэлэх хэрэгтэй

 

Атарын гуравдугаар аянаар гурван жилийн хугацаанд үр тарианы 75 хувийг гаднаас авдаг байснаа 100 хувь дотоодоос хангадаг болсон

 

Оюутолгойн төслийн үр дүнд дотоодын 1000-аад аж ахуйн нэгжийн байгуулсан гэрээний дүн нэг их наяд хүрч бизнесийн салбар сэргэсэн

 

Харин сүүлийн гурван жилд хямдхан, бүдүүлэг популизм явагдсаны улмаас гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг алдлаа

 

Сүүлийн гурван жилд тоогоор илэрхийлэгдэх алдагдлаас илүүтэй эргэж олж авахад хэцүү гадаадынхны итгэлийг алдсанд их харамсаж явдаг

 

Миний авчирсан шинэ зүйл бол хамтарсан засгийн газар, МАНАН-гийн автор нь би

 

Олон түмэн МАНАН-д дургүй биш, харин ч эвтэй байхыг эрхэмлэдэг

 

Намуудыг хамтруулж чадсан нь миний улс төрийн амьдралын хамгийн том ололт. Бусад бүх эерэг үр дүн энэ ололтоос үүдэлтэй.

 


 

Шинэ Засгийн газар буюу МАНАН 2-ын тухай

 

 

Үнэндээ шинэ засгийн газар бол МАНАН биш, суудлын тоогоороо дараалбал АН+МАН+… гээд өөр нэр үүсээд явна

 

Ажлаа эхлээгүй, гараан дээрээ байхад нь элдвээр хэлэх нь Монгол хүний ёс биш л дээ.

 

АН-ын урилгыг хүлээж авах тал дээр хатуу зогссон хүн нь би

 

МАН-ыг урих болсон нь АН-ын хувьд хамгийн хэцүү шийдвэр байсан

 

2012 оноос хойш МАН хэрэггүй гэцгээчихээд одоо МАН-гүй бол улс орон өөдлөхгүй гэж ярих нь АН-ын хувьд маш хэцүү.

 

Хэцүү хэцүү асуудлуудыг сая давж чадлаа. Аль аль намд эрүүл ухаан байгаа нь харагдлаа.

 

Шинэ засгийн газраас айхтар том үр дүн хүлээхгүй байна

 

Одоогийн эдийн засгийг босгоод хөгжүүлнэ гэвэл худлаа. Хугацаа ч байхгүй.

 

Зорилго нь эдийн засгийг ядаж тогтворжуулах. Цаашилбал тогтворжуулсан дээрээ жаахан ч болтугай ахиулах боломж бий эсэх нь гол

 

Шинэ сайд нарыг би азтай хүмүүс гэж бодохгүй байна. Үнэндээ унаж байгаа онгоцонд шүхэргүй сууж байгаа нисгэгч нар шүү дээ.

 

Эдийн засгийн байдал маш муу байгаа учраас АН нүүрээ ширлэж байгаад урилга явуулж байна

 

Ерөнхий сайд бүх асуудлыг шийдэж чадахгүй. Таваас илүүгүй цөөхөн хэдэн асуудал дээрээ төвлөрөөд ажиллах ёстой

 

Шинэ засгийн газрын хувьд гадаад орчин харьцангуй таатай байна

 

Яагаад АН-тай хамтрах ёсгүй вэ? гэдэг дээр Ц.Нямдорж 5-6 үндэслэл хэлж байгаа, харин би бол 56 үндэслэл хэлж чадна

 

Бид улс төрийн намынхаа хувьд ямар ч ашиггүй, тэнэг ч гэж хэлж болохоор шийдвэр гаргасан

 

Улс орноо бодоод аргагүй эрхэнд шинэ засгийн газарт орж байна. Бидэнд хойш суух эрх байхгүй

 

Мөнгө гол биш, бодлого чухал болохыг өмнөх засгийн газар харууллаа

 

Шинэ засгийн газарт нэгд үнэн үг, хоёрт итгэл хэрэгтэй

 


 

2008 оны тухай

 

Долоон сарын нэгний үйл явдал хамтарсан засгийн газар байгуулагдахад нөлөөлсөн нэг шалтгаан байсан.

 

Өөр нэг шалтгаан нь Оюу толгойн гэрээ зэрэг улс орны өмнө тулгарсан том асуудлуудыг шийдэх шаардлага байв

 

Гурав дахь шалтгаан нь улс төрийн тогтвортой байдлыг бий болгож гадаадын хөрөнгө оруулалтыг татах байлаа

 

Олимпын анхны алтан медаль авсан нь чухал үйл явдал болсон.

Ямар сайндаа төрийн гурван өндөрлөг гэгддэг гурван нөхөр юутай хээтэйгээ талбай дээр олны өмнө согтуу гарч ирж нүдний булай болж байхав дээ

 

Н.Түвшинбаяр бидэнд бахархлаас гадна ухаарал өгсөн. Тэр оройноос хойш эвлэрэх тал руугаа явж эхэлсэн

 

Монголчуудын хамгийн эрхэм зүйл эв нэгдэл. Эзэн Чингисээс үлдээсэн захиас.

 

Н.Түвшинбаярын шагнал багадаагүй байх. Гэхдээ Эзэн Чингисийн одонг өгчихөөсэй гэж боддог.

 

Ямар ч улс төрчдөөс илүү нийгэмд эерэг нөлөө үзүүлсэн хүн бол Н.Түвшинбаяр аварга

 

Ц.Элбэгдоржийн засгийн газар огцорсон шалтгаан Ш.Отгонбилэг агсан биш, банкуудыг нэгтгэсэн асуудал байсан

 

Долоон сарын нэгэн бол шинэ Монголын түүхэн дэхь хоёр дахь том эмгэнэл. Эхнийх нь С.Зоригийн аллага

 

С.Зоригийг ерөнхий сайдад санал болговол хэлэлцэхэд бэлэн гэсэн албан бус хариуг ерөнхийлөгчийн зүгээс өгсөн байсан. Гэхдээ албан ёсоор нэр нь орж ирээгүй

 

Би С.Зориг агснаас илүү түүний ээж болон ах С.Баяр нартай нь илүү ойр дотно байсан

 

С.Зоригийн хэрэг илрээсэй гэж бодож явдаг хүмүүсийн нэг нь би. Гэхдээ бодит байдал дээр илрэх магадлал бүдгэрсээр байна

 

Ерөнхий сайд байхдаа С.Зоригийн хэргийг шалгах явцтай танилцаад, цааш нь үргэлжүүлэх даалгавар өгөөд орхисон. Үүнээс илүүг хийх боломж байгаагүй

 


 

Оюу толгойн гэрээ

 

Улс төрч хүнийхээ хувьд би Оюу толгойн гэрээг байгуулж чадсан гэдгээрээ бахархаж явдаг

 

Монголд ашигтай гэрээ болсон гэдэгт итгэлтэй байдаг

 

Гэрээ хийгдэхээс өмнө гадаадын хөрнгө оруулалт БНХАУ-аас 3 тэрбум доллар, ОХУ-аас үүнээс 30 дахин бага, гуравдагч орнуудын нийлбэр ОХУ-ынхаас ч бага байсан

 

Хоёр хөршийн хөрөнгө оруулалтын нийлбэрээс илүү хэмжээний хөрөнгө оруулалт татаж чадсан нь эдийн засгийн ач холбогдлоос гадна үндэсний аюулгүй байдлын хувьд чухал үйл явдал болсон

 

БНХАУ, ОХУ-ын хөрөнгө оруулалт нийлээд 3.1 тэрбум доллар байхад Оюу толгойн гэрээгээр 4.5 тэрбумыг оруулж ирж чадсан

 

Монголын талаас нэг ч төгрөг гаргалгүйгээр төслөөс олсон ашгийн 53 хувийг авах тохироо хийж чадсан

 

Эдгээр тооноос гадна эдийн засагт үзүүлсэн дам нөлөө их. Нийт нэг их наяд төгрөгний бараа үйлчилгээ нийлүүлэх гэрээг дотоодын мянга гаруй аж ахуйн нэгж хийж чадсан нь том ололт

 

Бид юу хүссэн есөн хүслээ гэрээнд оруулж чадахгүй

 

Одоо Рио Тинто 2008 оны гэрээгээ эргэж харахыг шаардаад эхэлсэн. Хэрвээ үнэхээр тэдэнд их ашигтай гэрээ байсан бол өнөөдөр ингэж өөрчлөе гэхгүй байх

 

Муугүй гэрээ болсны баталгаа нь одоо яригдаж эхэлсэн гэрээний өөрчлөлтийн асуудал

 

Оюу толгойн төслийг бусад гадаадын хөрөнгө оруулагчид ямар нэг дохио гэж ажиглаж байна

 

Монголын талын эзэмшлийн 34 хувь бол бүх зардлаа нөхөж дууссаны дараа сайн эд, тэр хүртэл бол энэ нь хөлөнд зүүгдсэн туухай

 

Хамгийн их ачаа болох эд нь 34 хувь гэдгийг мэдэж байсан ч хуулинд заасан учир дагахаас өөр арга байгаагүй

 

34 хувийг өөрчлөх улс төрийн бололцоо байгаагүй

 

М.Энхболдын засгийн газар 2007 онд Оюу толгойн гэрээг өргөн барихад үнэлгээ нь 2.7 тэрбум байсан. Бид гэрээ байгуулахад 4.5 болсон. Тиймээс эртдээгүй, харин ч оройтсон гэж боддог.

 

Хэрвээ хуулинд 34 хувь гэж заагаагүй байсан бол бид зөвхөн ашгаа хүртээд, зардлаас нь хуваалцахгүй байж болох байсан

 

Одоо 34 хувиа зарах тухай яригдаж байгаа нь буруу. Гэрээ байгуулж байх үеийн үнэлгээгээр зарж чадахгүй шүү дээ. Харин өссөн үед нь зарах боломжийг би үгүйсгэхгүй.

 

Айвенхо Майнзтай биш Рио Тинтотой гэрээ хийнэ гэдэг шаардлага тавьсан. Учир нь том, олон нийтийн компанитай гэрээ байгуулах нь ямар нэг авлига зэрэг сөрөг зүйлсээс зайлсхийх арга юм.

 


 

Жастын хэмээх Ш.Батхүүгийн тухай

 

Батхүү өр ширтэй Хадгаламж банкыг Оросуудтай холбоогүй болгож өгч чадсан хүн. Түүнд нь талархдаг. Харин бусад бизнесийнх нь талаар мэдэхгүй.

 

Батхүү өөрөө хуурамч гарын үсгээр баталгаа гаргуулснаа хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ би үүнд нь итгэдэггүй. Батхүү тэгэхээр хүн биш

 

Би түүний хэргийн талаар хууль хяналтынханд мэдүүлэг өгсөн. Намайг ерөнхий сайдын ажлаа өгсний дараа болсон хэрэг юм билээ.

 

Батхүүтэй холбох улс төрийн сонирхол байдаг байх. Гэхдээ тийм зүйл байхгүй.

 


 

АМХЭГ-ын дарга асан Д.Батхуягийн тухай

 

Батхуягийг танилгүй яахав. Манай нутгийн залуу шүү дээ.

 

2012 оны сонгуульд гараад ирж болох манай намын боловсон хүчин байна даа гэж хардаг байсан.

 

Гэмтэй болоод л ял авсан байлгүй. Ерөнхий сайд байхдаа томилсон гэдэг утгаар холбох сонирхол байдаг л байх.

 

Батхуягийн талаар хэн ч надаас юу ч асуугаагүй.

 

Батхуягийг томилохдоо би лицензийн асуудлыг тараах биш, хумих даалгавар өгч байсан.

 

Батхуягийг би итгэл даах эр хүн байна гэж хардаг

 

Яг бодит үйлдлээр нь биш, авлига өгнө гэж бодож байсан цаад талынх нь санаагаар л ял өгч дээ гэж бодсон

 


 

Анод банкны тухай

 

Анод банкны асуудал их ярвигтай хэрэг. Намайг ерөнхий сайд болсны дараа үр дүн нь гарч эхэлсэн байх. Учир шалтгаан нь бүр өмнө эхэлсэн.

 


 

Н.Энхбаярын тухай

 

Н.Энхбаяртай зөндөө уулзсан. Надад таатай биш байсан ч намынхаа удирдлагуудын хүсэлтээр хэд хэд уулзаж байсан.

 

Н.Энхбаяр намайг сонгуулийн үеэр сэтгэлээсээ дэмжиж ажиллаагүй гэдэг юм.

 

Н.Энхбаярын нэвтрүүлгийг сайн анхаарч үзсэн. Бүр дахиж үзсэн.

 

Н.Энхбаярын хэлсэн санаа нь Тавантолгойг ард түмэнд 100 хувь өгөх гэхэд нь эдгээр намын дарга нар хилс хэрэгт унагачлаа гэсэн утгатай байсан

 

Энэ нь хэвлэл дээр гарч л байдаг зүйлсээс их өөр байгаа юм. Хэрвээ хэлж байгаа үг нь үнэн бол маш ноцтой асуудал.

 

Хэрвээ Н.Энхбаярын ярьсан үнэн бол тэр биш би болон бусад нэр нь гарсан хүмүүс яллагдах ёстой

 

Хэрвээ ийм ноцтой зүйлсийг ерөнхийлөгч байхдаа мэдэж байсан юм бол яагаад тухайн үедээ ил гаргаж тавиагүй юм бэ?

 

Ийм ноцтой баримтыг тийм хүндтэй нэвтрүүлгээр ярианы далиманд сонирхуулаад өнгөрч байгаа нь хачин хэрэг

 

Үүнийг зүгээр өнгөрөөж болохгүй. Монголын ард түмэн үнэнийг мэдэх эрхтэй.

 

Өнөөдрийн нэвтрүүлэгт миний оролцож байгаа гол шалтгаан нь энэ хэрэгт анхаарлаа хандуулахыг хэвлэл мэдээллийнхэнд уриалах байлаа

 

Н.Энхбаярын хэлсэн зүйлс үнэн үгүйг шалгахад тавхан минут хангалттай. MMC компаний Хонг Конгийн биржэд IPO хийхдээ бүрдүүлсэн бичиг баримтыг аваад шалгачихад болно.

 

Уг нь нэвтрүүлгийг нь би хүндэлдэг. Гэтэл ийм хүндтэй нэвтрүүлгээр тулга тойрсон хов жив яриад эхэлсэнд гайхсан. Ийм байдлаар Н.Энхбаяр дарга түүхэнд мөнхөрч үлдэх юм байх даа.

 

Ийм гоё нэвтрүүлэг хийдэг уран бүтээлчид заавал ийм байдлаар Н.Энхбаярыг харуулах хэрэг байсан юм болов уу?

 

Би энэ асуудлыг шалгуулна гэж бодож байгаа. Буруутай бол ямар ч ял хүлээхэд бэлэн байна.

 

Би Н.Энхбаярыг намайг гүтгэсний төлөө яллаач гэхгүй. Үнэн мөнийг зарлаач л гэж хүсмээр байна.

 

Өмнө нь би Н.Энхбаярыг мэддэг байсан. Одоо бол огт ойлгохоо больсон.

 

Миний бодлоор Н.Энхбаяр сайхан намтраа өөрийн гараар баллаад байх шиг. Ер нь эрүүл байна уу энэ хүн.

 

Энэ бол Монгол төрийн дархлааг сулруулж байгаа ноцтой хэрэг

 

Хувь хүнийхээ хувьд Н.Энхбаярт оноосон ялд эргэлзэж байснаа нуухгүй. Гэхдээ шүүхийн шийдвэрийг шүүмжлэх утгагүй.

 


 

Гадаад дахь байр сууцны тухай

 

Зүлэг услаад зогсож байгаа зураг өнгөрсөн хавраас тарсан. Гэхдээ компьютерын мэргэжилтнүүдээс асуугаарай. Бодит зураг мөн үү? Фотошоп эвлүүлэг үү?

 

Энэ бол захиалгаар хийсэн ажил гэдэг нь тодорхой. Гэхдээ захиалагчаа хулхидсан хэрэг байна л гэж харж байгаа.

 

Надад гадаадад, өөрийн эзэмшлийн ямар нэг байр сууц байхгүй. Байх шаардлага ч байхгүй. Би Монголдоо амьдарч байгаа, цаашид ч амьдарна. Бодвол эндээ ясаа тавих байлгүй.

 

Миний насны, миний намтартай хүн гадаадад цагаачлах ямар ч хэрэг байхгүй. Тэнд амьдарна гэж байхгүй.

 

Хүн бол нийгмийн амьтан. Дассан орчиндоо л хаан байж чаддаг.

 


 

Улс төрийн карьерын тухай

 

Манай үеийнхэн улс төрд дэндүү удлаа. Биологийн бус, улс төрийн насны хувьд.

 

Үе өөрчлөгдөж байж нийгэм урагшилна гэдэгт итгэдэг

 

Улс төрч байх дурлаад байх ажил биш. Сайхныг нь ч бас мэднэ.

 

Би хийдгээ хийсэн. Цаг хугацаа шүүхээс аль нэг хэвлэл намайг шүүхгүй.

 

Би улс төрөөс хоёр удаа гарч гурван удаа буцаж ирсэн хүн

 


 

Засаглалын тухай

 

1992 онд Үндсэн хууль батлахад би Ерөнхийлөгчийн ч биш, Парламентын ч биш засаглалтай болж бантан хутгалаа гэж хэлээд Улсын Бага Хурлын гишүүнээс татгалзаж байсан хүн

 

Миний 22 жил бодож шаналж яваа зүйл бол засаглалын асуудал

 

Өнөөдрийн тогтолцоо манайд хамгийн их хэрэгтэй байгаа хариуцлагын тогтолцоог бий болгож чадахгүй байгаад асуудлын гол нь байна.

 

Хэн нь юугаа хариуцаж байгаа нь төрийн дээд түвшинд ихэнхдээ ойлгогдохоо больчихдог

 

Хүнээсээ хамаарч эрх мэдлээ янз бүрээр эдэлдэг. Эцэст нь хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй үлддэг.

 

Хариуцлага нэг талдаа гарах хэрэгтэй. Нэг бол АНУ шиг ерөнхийлөгчөө сонгодог, үгүй бол намууд нь өрсөлдөөд ерөнхий сайдаа томилдог.

 

Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байж болно.

 

Үнэндээ үндсэн хуулийн хэдэн заалтыг л солих тухай асуудал. Үүнд ойлголцол, зөвшилцөл хэрэгтэй.

 

Би Монгол улсын гурван ерөнхийлөгчөөс энэ тухай асууж байсан. Хэн нь ч хийгээгүй.

 

Засаглалын тогтолцоо өөрчлөгдөх боллоо гээд би улс төрд буцаж ирэхгүй.

Надад албан тушаал хэрэггүй. Харин хар бор ажилд нь оролцоход бэлэн байна.

 

Нэвтрүүлэг бүрэн эхээрээ: