Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Залуу эрдэмтдийг шагнажээ

ikon.mn
2014 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Академич Х.Намсрайн санаачилгаар залуу судлаачдыг дэмжих зорилгоор Монгол Улсын Шинжлэх ухааны Академи ба Дэлхийн хөгжиж буй орнуудын Шинжлэх Ухааны Академи (TWAS)-тай хамтран “Залуу авьяастныг хөхүүлэн дэмжих сан”-г байгуулсан байна.

Уг сан 1995 оноос одоог хүртэл Физик-хими болон математик-биологи гэсэн чиглэлээр ээлжлэн шалгаруулалт хийж шалгарсан залуу судлаач тус бүрийг 1000 ам.доллараар шагнадаг уламжлалтай. Өнгөрсөн хугацаанд нийт 44 залуу судлаачид Дэлхийн гуравдагч орны шагналыг хүртсэн байна.  
 
Энэ жилийн хувьд тус нэр хүндтэй шагналаар

  • МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуульд дэд профессор Б.Мөнхбат,
  • Шинжлэх ухаан технологийн "ОЮУН ОНОШ" төвийн ерөнхий захирал, Монголын анагаах ухааны холбооны Ерөнхийлөгч Г.Цэрэнчунт нар шагнагдсан байна.

Тус шагналыг олгохдоо докторын зэрэгтэй, 40 хүртэлх насны залуу судлаачдыг оролцуулдаг бөгөөд тэдний шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, судалгааны үр дүнг үндэслэн шалгаруулалт хийж Дэлхийн хөгжиж буй орнуудын Шинжлэх Ухааны Академи (TWAS)-д дэвшүүлдэг байна.

Доктор Б.Мөнхбатын хувьд хагас дамжуулагч шинэ материал үйлдвэрлэх зориулалттай цөмийн судалгааны реакторын дизайны судалгаа хийж, үр дүнгээ гадаад, дотоодод болсон эрдэм шинжлгээний уулзалт, хурал, форумд удаа дараа оролцон илтгэл тавьж, олон улсын болон гадаад улсын мэргэжлийн сэтгүүлд олон тооны өгүүлэл хэвлүүлсэн байна.

Мөн тэрээр мэдээллийн технологийн мэдлэгтээ тулгуурлан, Цөмийн судалгааны төвд хандиваар авсан компьютерүүдийг угсран өндөр хүчин чадал бүхий кластер сервэр угсран, зүгшрүүлж, реакторын хийцийн холбогдолтой тооцоог шавь нарынхаа хамт амжилттай хийж гүйцэтгэж байгаа юм.

Эрдэмтэн Г.Цэрэнчунтын хувьд иммуногистохими, молекул биологийн орчин үеийн судалгаа, шинжилгээний шинэ арга дээр суурилан, хавдрын үүсгэх шалтгаан, мөн чанараас нь эхлэн оношлогоо, эмчилгээний асуудлуудыг цогцоор шийдвэрлэхийн тулд өмнө нь хийгдэж байгаагүй шинэ судалгаа шинжилгээний ажлуудыг Европын Холбооны Улсад сүүлийн 10 гаруй жил ажиллаж хийсэн ба эдгээр нь хавдар судлалын оношилгоо, эмчилгээнд чухал үр дүнгээ өгсөн байна.