Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ломбардууд барьцаалсан эд зүйлийг борлуулаад, зөрүү мөнгийг иргэдэд өгөх ёстой

Ж.Отгонмягмар
2014 оны 12 сарын 9
Монголын мэдээ
Зураг зураг

Эдийн засгийн таагүй байгаа энэ үед иргэд ломбардад эд зүйлээ барьцаалан зээл авах тохиолдол их байгааг холбогдох хүмүүс хэлж байна. Харамсалтай нь ломбардын эзэд хугацаа дууссан эд зүйлсийг борлуулахдаа эздэд нь хэлэхгүйгээр борлуулах нь хууль бус зүйл гэдгийг иргэд тэр бүр мэддэггүй. 

Тиймээс энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

-Ломбардууд ихэвчлэн ямар зөрчил гаргадаг вэ. Энэ үүнд цагдаагийн байгууллагаас хэрхэн хяналт тавьж байна вэ?

-Цагдаагийн байгууллага дан­гаараа 2014 оны гуравдугаар сарын 3-нд нэг удаа шалгалт хийсэн. Мөн өнгөрсөн аравдугаар сарын 6-нд шалгалт явуулсан. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 532 аж ахуйн нэгж байгууллагуудад холбогдох шалгалтуудыг хийсэн.

Тус шалгалтаар үйл ажиллагаа явуулах, эрхлэх зөвшөөрөлтэй 482 аж ахуйн нэгж, зөвшөөрөлгүй 50, байнгын харуул хамгаалалттай 148, дохиоллын систем хяналтын камертай 352 аж ахуйн нэгжийг хамруулан шалгасан. Энэ мэтээр шалгалтын ажлыг тогтмол хийдэг. 

-Ломбардууд ихэвчлэн ир­гэ­дээс ямар эд зүйлийг барь­цаалан авч байна вэ. Нийт­лэг зөрчил нь юу байна вэ?

-Барьцаалан зээлдүүлэх газ­рууд ихэвчлэн алт, мөн­гө, эртний эдлэл, хөөрөг, авто­машин гар утас, зургийн аппа­рат, зөөврийн компютер цахилгаан бараа, утасны дугаар, пүүз зэргийг барьцаалан иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа.

Гэмт хэргийн замаар алдагдсан эд зүйлсийг барьцаанд авдаг гээд олон зөрчил илрүүлсэн. 

Шалгалтын хүрээнд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн ихэнх нь стандартын шаардлага хангаагүй. Үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл нь тодорхой бус, зөвхөн улсын бүртгэлийн гэрчилгээгээр ажилладаг. 

Ажлын байранд тавигдах шаардлага хангаагүй, иргэдийн эд зүйлийг хадгалах сейф байхгүй, хяналтын камергүй байдаг. Иргэдээс эд зүйлийг нь авахдаа гэрийн хаяг, холбогдох утасны дугаарыг нь бүртгэж авдаггүй.

Гэмт хэргийн замаар алдагдсан эд зүйлсийг барьцаанд авдаг гээд олон зөрчил илрүүлсэн. Тиймээс хулгайн гэмт хэргийг улам өөхшүүлэх гол хөшүүрэг нь ломбард байж магадгүй гэсэн хардлага бий болоод байгаа.

-Хулгайн эд зүйлийг барь­цаа­лсан тохиолдол шал­­гал­таар илэрсэн хэрэг үү? 

-Энэ төрлийн 10 гаруй гэмт хэргийг цагдаагийн байгууллага бүртгэж аваад, хэрэг бүртгэх мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа.

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн харьяат О гэгч нь хулгайн эд зүйл болох иж бүрэн компьютерыг ломбардад тавиад 30 мянган төгрөг авсан байсныг тус дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа. 

Мөн Баянгол дүүргийн наймдугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг барьцаалан зээлдүүлэх газарт иргэн Э гэгч нь алтан бөгжийг барьцаанд тавьж мөнгө авсан хэргийг шалгахад иргэн О гэгч нь хоёр хүнд дээрэмдүүлсэн эд зүйл болохыг тогтоон шалгаж байна.

Түүнчлэн Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр, хэлтэст иргэн С гомдол ирүүлсэний дагуу эрэн сурвалжилж байсан гар утсыг тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг барьцаалан зээлдүүлэх газарт өгч, мөнгө авсан байсныг илрүүлсэн. Энэ мэт олон зөрчил байгаа.

-Саяхан ХЭҮК-той хам­тарч ломбардуудад шалгалт хийсэн гэж байсан. Зөр­чил­тай газруудад мэдэгдэх хуудас илгээсэн гэсэн үү?

-ХЭҮК цагдаагийн бай­гуул­лагатай хамтраад Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардуудад шал­галт хийсэн.

Энэхүү шалгалт нь өнгөрсөн аравдугаар сарын 17-28-ны өдрүүдэд хийгдсэн. Шалгалтаар ломбардууд гарч байгаа зөрчлүүдийг арилгах, мэдэгдэл хүргүүлэх чиглэлээр ажилласан. Шал­галтад ихэнх нь бүдэрсэн. 

-Барьцаалсан эд зүйлийг хугацаа нь дууссан тохиол­долд тус ломбард зарж борлуулаад, зөрүүг нь иргэдэд өгөх ёстой байдаг гэсэн. Энэ талаар тодруулаач?

-Ломбардууд зээлийн хугацаа хэтэрсэн барьцааны эд зүйлийг худалдан борлуулахдаа Иргэний хуулийн заалтуудыг зөрчиж, эд зүйлийг борлуулдаг.

Өөрөөр хэлбэл, иргэдэд эд зүйлийг нь борлуулах талаар мэдэгдээд, борлуулсан үнийн дүнгээс гэрээ хийсэн иргэнд үлдсэн мөнгийг нь олгох ёстой. Гэтэл иргэдийн барьцаалсан эд зүйлийг борлуулж, өөрийн байгууллагыг хохиролгүй болгоод үлдсэн мөнгийг нь олгохгүй байгаа. 

Түүнчлэн барьцааны автомашин эзэмших эрхийн гэрчилгээг ломбардны нэр дээр шилжүүлж, тухайн шилжүүлэхэд гаргасан зардлыг зээлдэгчээс бүрэн гаргуулдаг зэрэг зөрчил байдаг. Энэ нь иргэний эрх зөрчигдөж буйн нэг хэлбэр юм. Тиймээс ч бид ХЭҮК-той хамтраад хяналт тавьсан. 

-Хэрэв ломбардууд хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж барьцаалж зээл олгосон бол хариуцлага хүлээх үү?

-Ер нь ломбардууд иргэдээс эд зүйлийг нь барьцаалан авах­даа иргэний үнэмлэх би­чиг баримтыг гүйцэд шал­гаж, утасны дугаарыг нь тэмдэг­лэн авах хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар бичиг баримтгүй, утасны дугаарыг нь тэмдэглээгүйгээр хулгайн эд зүйлийг барьцаалан авсан бол хариуцлага хүлээнэ. Өөрөөр хэлбэл, санаатайгаар хүний итгэл үнэмшлийг олж, иргэдийн өмчийг залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүн байна гэж үзнэ. 

Улмаар хуулийн дагуу арга хэмжээг тухайн аж ахуйн нэгжид тооцож, харьяа дүүргийнх нь үйлдвэр худалдаа эрхэлдэг газруудад нь зөрчил гаргасан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг цагдаагийн байгууллагаас өгдөг.

Тиймээс энэ төрлийн үйл ажил­лагаа явуулдаг газрууд иргэдэд Иргэний хуулийн дагуу гэрээ хийж, үйлчилдэг байх хэрэгтэй. Ихэнх ломбард зөвхөн өөрийн байгууллагын журмын дагуу иргэдтэй гэрээ хийж, эд зүйлийг нь барьцаалан авдаг. 

-Ломбардуудыг хэрхэн ажил­лах талаар журам бо­ловс­руулж байгаа гэж бай­сан. Тэр асуудал юу болж бай­гаа вэ?

-Цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл даргад ломбард ажиллуулах журмын төслийг хүргүүлсэн. Тус төслийг дэмжээд ИХТ нар батлаад журмыг батлах байх гэж бодож байна.

Хэрэв тус журам батлагдчихвал иргэд хохирох асуудал дуусгавар болох болно. Ер нь өнөөгийн нийгэмд энэ төрлийн бизнес хэрэгцээ байгаа учир үйлчилгээ байж л таарна. Гэхдээ хэн нэгнийг хохироохгүйгээр үйл ажиллагаа явуулдаг байх нь чухал.

Зураг