ШИНЭ НОМ: Дайду-Хаанбалгасын тухай өгүүлжээ
“Гүрний их нийслэл Хаанбалгас” хэмээх бүтээл хэвлэгдэн уншигчдын гарт очлоо. Уг номыг Элчин сайд Г.Батсүх, Соёлын гавьяат зүтгэлтэн Я.Ганбаатар нар бичжээ.
Зохиогчид Монголын түүх, соёлын судлалд бараг хөндөгдөөгүй байсан сонирхолтой сэдвийг сонгон авч, эх сурвалж, өв дурсгалуудыг биечлэн судалж, түүхийн баялаг материал цуглуулан бичсэн байна.
XIII зууны үед “Дорнын хосгүй үзэсгэлэнт их нийслэл” хэмээн гайхагдаж асан Дайду-Хаанбалгас бол Монголын түүхэнд арилшгүй ул мөрөө үлдээсэн түүхэн дурсгалт газар билээ.
Өнөөдөр монголчууд өмнөд хөршийнхөө нийслэл Бээжин хотод алба, амины хэргээр олонтаа зорчдог ч тэнд чухам ийм их өв соёл маань өнөөг хүртэл хадгалагдаж ирснийг тэр бүр мэддэггүй, мэддэггүй болохоор үздэггүй билээ. Иймд энэ бүтээл Бээжин хотод зорчиж буй монголчуудын гарын авлага төдийгүй өвөг дээдсийн түүх соёлоо мэдэж ухаарахад тустай ном болжээ.
Хубилай хааны Цагаан суваргат сүм, Хубилай хааны гүнжийн сүм, Чанчунь бомбын Цагаан үүлийн сүм, Төрийн хөвгүүдийн сургууль, Тэнгэр шинжих ордон, Хэвтээ бурхан... гээд номд өгүүлэх олон олон өв дурсгалыг үзэхүл бүгд хүн төрөлхтний түүх, соёлын гайхамшигт өв дурсгал болж үлдээд Гиннес, ЮНЕСКО, Дэлхийн соёлын өвийн бүртгэлд нэр нь мөнхөрчээ. Бидний өвөг дээдэс зөвхөн дайтан байлдаж, бүхнийг нураан устгаж явсангүй, бас энэ мэтээр маш ихийг, агуу гайхамшгийг ч цогцлоон бүтээж явсныг энэ бүхэн гэрчилнэ.
Бидний өвөг дээдэс зөвхөн дайтан байлдаж, бүхнийг нураан устгаж явсангүй.
“Энэ ном Монголын түүх, соёлын судлаачдын болоод нийт уншигчдын анхаарал сонирхлыг зүй ёсоор татахуйц жинтэй бүтээл болсонд нэн олзуурхаж байнам. Долоон зууны тэртээх Монголын эзэнт гүрний их нийслэлийн дүр төрхийг өнөөгийн уншигч түмний ой тойнд буутал бодьтойгоор дүрслэн үзүүлсэн энэ ном үндэстнийхээ түүх, соёлын өв уламжлалыг таниулахад үнэтэй хувь нэмэр болно гэдэгт бүрнээ итгэж байна” хэмээн номд мялаалга өргөсөн Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.Төмөртогоо, Монгол Улсын Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Г.Жигжидсүрэн, Улаанбаатар Их Сургуулийн тэнхимийн эрхлэгч, археологич, доктор, профессор Д.Эрдэнэбаатар нар үнэлжээ. .
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
