Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Рио Тинто: Далд уурхайн санхүүжилтийг есдүгээр сард шийднэ гэдэгт итгэж байна

PURPLEBOOK
2014 оны 4 сарын 16
PURPLEBOOK
Зураг зураг

- Эдийн засгийн онцлох мэдээ -

Turquoise Hill 2014 оны эхний улирлын тайлангаа зарласан. Тус компани энэ оны эхний улиралд 5,560 тн хүдэр олборлож үүнээс 120.9 мянган тн баяжмал үйлдвэрлэсэн. Мөн 25.3 мянган тн зэс бүхий баяжмал, 66 мянган унц алт, 163 мянган унц мөнгө гарган авчээ.

Үүнээс 13.1 мянган тн зэс бүхий баяжмал, 28 мянган унц алт, 78 мянган унц мөнгө борлуулсан хэмээн тайландаа дурьдсан байсан.

Түүнчлэн Оюутолгойн далд уурхайн санхүүжилт олгох хугацааг 9-р сарын 30 хүртэл сунгах хүсэлтийг хоёр тал хамтран гаргаж банкууд руу илгээсэн талаар мэдээлсэн.

Тэгвэл Рио Тинто компаниас далд уурхайн санхүүжилттэй холбоотой үүсээд буй зөрүүтэй байдлыг 9-р сар гэхэд шийднэ гэж итгэж буйгаа илэрхийлээд байна.

Германы хөрөнгө оруулагчдын итгэлцлийн индекс буурлаа

Уг үзүүлэлт нь Европт сэргэлт саарч, эрсдэл нэмэгдэж байгааг тодруулж буй үйл явдал болохоор байна. ZEW индекс гуравдугаар сард 46.6-аас 43.2 болж буурчээ. Украйны Европт үзүүлэх нөлөөг бууруулах хүчирхэг бамбай нь Герман болоод байгаа боловч Орос ба Германы хооронд 89 тэрбум ам.долларын худалдаа 2012 онд хийгджээ.

Өнөөгийн нөхцөл байдлын индекс 2011 оны долдугаар сараас хойшхи хамгийн өндөр түвшинд хүрээд байгаа бол ирээдүйн талаарх хүлээлт 61.5-аас 61.2 болж буураад байна. 

АНУ-д инфляци өслөө

Ийнхүү инфляци нэмэгдсэнийг эдийн засагт эрэлт үүсч, сэргэж байгааг илэрхийлсэн үзүүлэлт боллоо гэж шинжээчид дүгнэж байна. ХҮИ 0.2 хувиар өсч жилийн 1.5 хувийн өсөлттэй байна. Төв банкнаас инфляцийн зорилтот түвшинийг 2 хувь гэж тогтоосон бөгөөд инфляци өсч байгаа нь дефляци үүсэх вий гэсэн болгоомжлолыг буурууллаа.

Украйны асуудал хурцдаж байгаа нь Европын хувьцаанууд унахад нөлөөллөө

Украйнд болж буй үйл явдал иргэний дайн болох хэмжээнд хүрч байгаа нь бүс нутагт тогтворгүй байдлыг бий болгосоор байна. Зүүн Украйны Slavyansk хотыг Оросын цэргүүд бүслээд байгаа бол өчигдөр өглөө Украйн цэргийн ажиллагаа эхлүүлж зүүн Украйны хотуудаас Оросуудыг гаргахаар зорьж байна.

Энэхүү нөхцөл байдал нь Германд итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг бууруулж магадгүй юм. Үүнээс улбаалан европын зах зээлд хувьцааны ханш уналттай байна.

Хятадын хөрөнгийн зах унаж Японых өслөө

Хятадын төв банк репо арилжаагаар 172 тэрбум юан буюу 28 тэрбум ам.долларыг эдийн засгаасаа татан авлаа. Гуравдугаар сард Хятадын мөнгөний нийлүүлэлт сүүлийн арван жилийн хугацааны хамгийн бага түвшингээр өсчээ.

Эдийн засгаас мөнгө татсантай холбоотойгоор банкууд болон брокерийн пүүсүүдийн хувьцаа илүү уналттай байна. Shanghai Composite Index 1.4%-иар, Hang Seng 1.6%-иар буурлаа. Харин АНУ-ын жижиглэнгийн худалдаа өсөлттэй гарсан нь Nikkei-д дам нөлөөлж 0.6%-иар өсөхөд нөлөөлжээ.

Нүүрсний үнийн уналт Ордосыг сүйрүүлж байна

Нүүрснээс хүчтэй хамааралтай Өвөр Монголын Ордосын эдийн засаг үнийн уналтаас улбаалж хүнд байдалд оржээ. Цагтаа “Жижиг Хонг Конг” гэж цоллуулж байсан Ордост олон нүүрсний компани үйл ажиллагаагаа зогсоож, эдийн засаг нь удааширснаар зочид буудлууд хоосорч, байр орон сууцнууд эзгүйрч өргөн гудамжнуудад том барилгууд дүнхийж “Сүнстэй хот” мэт хүнгүй байгаа аж.

Орон нутгийн татварын орлого 90%-иар буурч, нүүрсний компаниуд нийт тээврийн машиныхаа 10 хувийг л ажиглаж байна. Өнгөрсөн жил орон нутгийн татварын хэмжээ 200 сая юан байсан бол энэ жил 20 сая юан болж буурчээ. Нүүрсний үнэ өндөр байсан цаг үед хөрөнгө оруулагчид бэлэн мөнгөө үл хөдлөхөд ихээхэн оруулсан нь өнөөгийн нөхцөлд хөрөнгөө түгжихэд хүргэжээ.