Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Учир битүүлгээр алга болсон онгоцны ул мөр олдохгүй байна

Н.Тунгалаг
2014 оны 3 сарын 11
MorninigNews.mn
Зураг зураг
Учир битүүлгээр алга болсон онгоцны ул мөр олдохгүй байна

Малайз улсын “Malaysia Airlines” компанийн “Boeing 777-200” онгоц өнгөрсөн бямба гарагийн өдөр Куала-Лумпур хотын нисэх буудлаас Бээжин рүү нисэхээр хөөрөөд цаг хүрэхгүй хугацааны дараа холбоо тасран, радараас алга болсон.

Уг онгоцонд 14 орны 227 зорчигч, багийн 12 гишүүн байсан юм. 

Цаг агаар тогтуухан байсан ч онгоц Вьетнам улсын дээгүүр нисч явахдаа радарт харагдахаа больсны дараа Малайз улс онгоцыг хайхаа мэдэгдсэн аж. 

Малайз, Вьетнамын аврах баг эрэл эхэлсний дараа Хятад, Сингапур, Индонез, АНУ, Тайланд, Австрали, Филиппин улсуудын 34 онгоц, 40 усан онгоц Өмнөд Хятадын тэнгист эрэл хийж байна. 

Онгоц холбоо тасарснаас хойш 60 цаг өнгөрсөн хэдий ч ямар ч ул мөр олдоогүй тул янз бүрийн таамаг дэвшүүлж эхэлсэн. Малайзын Иргэний агаарын тээврийн газрын ерөнхий захирал Азаруддин Абдул Рахман “Харамсалтай нь бид онгоцны хэсэг байж болохоор ямар ч зүйл олоогүй байна. Онгоцыг цаг минут тутамд хайж байгаа. Бид онгоцыг олох ёстой” гэж өчигдөр сэтгүүлчдэд хэлжээ.

Malaysia Airlines компанийг дэлхийн найдвартай нисэх компаниудын нэгд тооцдог бөгөөд өдөрт ойролцоогоор 37 мянган зорчигчийг 80 чиглэлд тээвэрлэдэг. Гэхдээ “Boeing 777-200” онгоц алга болсны дараа тус компанийн хувьцаа даваа гарагт 18 хувиар буурсан нь урьд нь байгаагүй хэмжээгээр буурсан байна. 

Уг онгоцонд 14 орны 227 зорчигч, багийн 12 гишүүн байсан юм

Онгоцыг осолдсон байж магадгүй гэж үзэж байгаа ч аюулын дохио өгөөгүй аж. Онгоцны хэлтэрхий олдсон гэх мэдээлэл гарсан ч АНУ-ын шинжээчид алга болсон онгоцных биш гэсэн дүгнэлт хийсэн. Тайландын буланд байдаг Вьетнамын То Чу арлаас 90 милийн зайтай газарт онгоцны түлшний толбо байж болохыг таамагласан ч биш болжээ. 

Үүний дараа Малайзын Ток-Бали хотоос 100 милийн зайтай усанд мөн түлшний толбо усанд гарснаас дээжийг нь шинжилгээнд өгөөд хариуг нь хүлээж байгаа аж. 

Түүнээс гадна АНУ хиймэл да­гуулаас авсан зургуудыг судалж, агаарт дэлбэрэлт болсон шинж тэмдгийг хайсан ч юу ч ажиглагдаагүй юм байна. 

Сураггүй болсон онгоцыг барь­цаалсан байж магадгүй гэсэн таамаг тавьсан. Учир нь онгоцонд суусан зорчигчдын жагсаалтыг гаргах үед хоёр хүн хулгайн паспортаар явсныг илрүүлсэн. 

Паспортын жинхэнэ эзэд 

Тайландад бичиг баримтаа гээг­дүүлсэн бөгөөд урьдчилсан шалгалтаар МН370 нислэгээр нисэх байсан Итали, Австрийн иргэний бичиг баримтаар ниссэн хоёр хүн зэрэг тийз худалдан авсныг нь тогтоосон байна. 

Түүнчлэн Малайзын зэвсэгт хүчний алба хаагчид онгоц радараас алга болохын өмнө буцаад эргэсэн болох мөр гарсан талаар мэдэгдсэн. Тиймээс АНУ-ын Холбооны мөрдөх товчооны терроризмтэй тэмцэх агентлаг онгоцыг эрэх ажилд оролцож эхэлжээ. 

Онгоцны зорчигчдын ар гэр, төрөл төрөгсдийг муу мэдээ сонсоход бэлтгэлтэй байхыг анхааруулсан аж. Малайзын хаан Абдул Халим онгоцны зорчигчид, багийн гишүүд, ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн. Бээжин болон Куала-Лумпур хотод зорчигчдын төрөл төрөгсөд онгоцны талаар мэдээ хүлээн шаналж байна.

ВВС агентлагийн Бээжинд ажиллаж байгаа сурвалжлагч Жон Садуорт “Мэдээ хүлээж байгаа зарим хүн засаг захиргааны ажилтнууд онгоцны талаар мэдээллийг цаг тухайд нь хүргэхгүй, гэрийнхэнтэй нь уулзахгүй байгаад гомдоллосон” гэж хэлжээ. 

Сонины дугаар буух үед эрэл хийж байгаа Вьетнамын онгоц далайд аврах хэрэгсэлтэй төстэй зүйл харсан талаар Ройтерс мэдээлсэн. Шар өнгийн уг зүйл нь Малайзын алга болсон онгоцны үлээдэг аврах хэрэгсэл байж магадгүй гэж таамаглаж байгаа ч онгоц ойртож чадаагүй аж. 

Тиймээс усанд хөвж байгаа шар зүйлийн зүгт DHC6 онгоц болон МI-171 нисдэг тэрэг илгээсэн талаар Вьетнамын Зэвсэгт хүчний удирдагч Ван Цяня мэдэгдсэн байна. Гэвч дараахан нь уг шар өнгийн эд алга болсон онгоцны аврах хэрэгсэл биш болохыг Вьетнамын засаг захиргаа мэдэгдсэн.

Зураг