Трамп үйлдвэрлэсэн нисэх онгоцных нь АНУ дахь борлуулалтыг зогсоохоор Канадын компанийг сүрдүүллээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр буюу Даваа гарагт Канадын нисэх онгоц үйлдвэрлэгч Bombardier компанийг АНУ-д үйлдвэрлэлээ явуулахгүй бол худалдааг нь зогсоохоор сүрдүүлсэн байна.

Ингэхдээ тэрбээр хоёр улсын худалдаа “шударга бус” байгааг ширүүн шүүмжилжээ.

Сошиал хуудсандаа ууртайгаар нийтэлсэн энэ мэдэгдэл нь энэ онд Трамп тус компанийг хоёр дахь удаагаа сүрдүүлсэн тохиолдол юм.

Bombardier компанийн олон мянган нисэх онгоц одоо АНУ-ын дотоодын нислэгүүдэд ашиглагддаг.

Канадын засгийн газрын АНУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан импортын өндөр татвар өнөөдөр буюу Мягмар гарагаас эхлэн үйлчилж байгаа.

Трампын засаг захиргааны Канадын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан импортын өндөр татварын хариуд ийм арга хэмжээ авсан юм.

“АНУ-д Bombardier зарагдахгүй!” гэж Трамп сошиал хуудсандаа том үсгээр бичсэн ч энэ зорилтоо яаж хэрэгжүүлэх талаар дурдаагүй байна.

“Хэрвээ тэд манай зах зээлийг хүсэж байгаа бол энд үйлдвэрлэж, Америкийг мөнгөний гахай шиг ашиглахаа зогсоох хэрэгтэй. Манай Америкийн аугаа банкнууд, компаниудын үйл ажиллагааг Канадад хориглож байна. Энэ эрин үе ДУУСЛАА!” гэж тэр цааш нь мэдэгджээ.

Bombardier компанийн нийт орлогын талаас илүү хувийг АНУ-ын зах зээл бүрдүүлдгийг Трамп нэмж мэдээлсэн байна.

Энэ оны нэгдүгээр сард Канад улс АНУ-д үйлдвэрлэсэн Gulfstream тийрэлтэт онгоцны шинэ загваруудад зөвшөөрлийн гэрчилгээ олгохоос татгалзахад Трамп бас Bombardier компанийн онгоцнуудын гэрчилгээг цуцалж, 50 хувийн импортын татвар ногдуулахаар сүрдүүлж байсан юм.

Гэхдээ дараа сард нь Канадын тал гэрчилгээ олгосноор уг сүрдүүлэг хэрэгжээгүй өнгөрсөн гэдэг.

Өнгөрсөн сард хоёр улсын худалдааны яриа хэлэлцээ бүтэлгүйтсэний дараа худалдааны дайн эхэлж байв.

Эхлээд Трамп хоккейн цохиураас эхлээд цемент хүртэл Канадын $20 тэрбумын үнэтэй бараа бүтээгдэхүүнд 50 хувийн импортын татвар ногдуулсан.

Хариуд нь Канадын засгийн газар ижил төстэй арга хэмжээ авсан нь өнөөдрөөс буюу Мягмар гарагаас хэрэгжиж байна.

АНУ-ын ган, хөнгөн цагаан, сүү, сүүн бүтээгдэхүүн зэргийн импортын татвар 15, 25, 50 хувь болон нэмэгдэж байгаа юм. Одоогоор хоёр улсын аль аль нь худалдааны яриа хэлэлцээгээ сэргээх санаачилга гаргаагүй байна.

 

Эх сурвалж: AFP