Москвагийн нэг ресторанд бөмбөг дэлбэрсний улмаас гурван хүний амь үрэгдэж, 21 хүн шархаджээ

Т.Давааням, ikon.mn
29 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бямба гарагт Москва хотын нэг ресторанд бөмбөг дэлбэрсний улмаас гурван хүний амь үрэгдэж, 21 хүн шархадсан тухай ОХУ-ын Терроризмын Эсрэг Үндэсний Хороо мэдээлсэн байна.

“Москвагийн Кудринская талбайд оршдог ресторанд гар хийцийн бөмбөг дэлбэрэх үеэр гурван хүний амь үрэгдлээ” гэж тус хороо мэдээлснийг ТАСС агентлаг уламжилжээ.

Амь үрэгдсэн хүмүүсийн нэг нь ресторанд тэсрэх бөмбөг оруулахыг завдсан үл таних эмэгтэй, нөгөө хоёр нь тус рестораны хамгаалагч болон үйлчлүүлэгч байсан байна.

Хамгаалалтын ажилтан бөмбөг оруулахыг завдсан эмэгтэйг зогсоож, оруулахаас татгалзсаны дараа тэсрэлт болжээ.

Эрх баригчид одоогоор хохирогчдын нэрсийг, бас хэн үүнийг үйлдсэнийг зарлаагүй байна.

Зарим эх сурвалжууд эмэгтэй бөмбөг авч яваагаа мэдээгүй, хэн нэгэн алсаас удирдан дэлбэлсэн байж болзошгүй талаар мэдээлжээ.

Дэлбэрэлт болсон газар нь дээд зэрэглэлийн Балзи Росси Итали ресторан байсныг бас мэдээлсэн байна.

Тус ресторан вэб сайтдаа Бямба гарагт хувийн арга хэмжээтэй тул нийтэд үйлчлэхгүй гэсэн зар байрлуулсан байв.

Дэлбэрэлтийн дараа аюулаас хамгаалах албаныхан рестораны ойр орчмын гудамжнуудыг хааж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.

 

Эх сурвалж: AFP