Өмнөд Солонгосын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2026 онд $39,000 давах тооцоо гарчээ
Өмнөд Солонгосын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) хэмжээ энэ онд $39,000 давж, өмнөх оноосоо 7.6 хувиар өсөхөөр байгааг судлаачид Ням гарагт мэдээлжээ.
Санах ойн чип тэргүүтэй экспортын орлогын өсөлт ДНБ-ий сүүлийн таван жилийн хамгийн хурдтай өсөлтийг бүрдүүлж байгаа юм байна.
Үүний үр дүнд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ өнгөрсөн оныхоос $2,750-аар өсөж, $39,164 хүрэх тооцоо гарсныг судлаачид мэдээлжээ.
2021 онд өмнөх оноосоо 11.5 хувиар өссөн нь үүнээс өмнөх хамгийн хурдтай өсөлт байсан юм.
2025 онд Өмнөд Солонгосын ДНБ-ий хэмжээ 2,676.7 их наяд вон ($1.796 их наяд) байсан бол 2026 онд 3,005.9 их наяд вонд хүрч байна.
Үүнийг тус улсын 51.6 сая хүн амд хуваахад нэг хүнд ногдох хэмжээ нь гарч байгаа юм.
Гэхдээ дээрх хэмжээг воны америк доллартой харьцах ханш 1,487.19 байхад тооцжээ. Энэ онд воны ханш чангарч, 1,456.1 хүрэх тооцоотой байгаа бөгөөд ингэвэл нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ анх удаа $40,000 давах боломжтой гэж судлаачид үзэж байна.
Өмнөд Солонгосын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 2018 онд $35,359 хүрсэн ч Ковидын улмаас 2020 онд $33,652 болон буурч байжээ.
Цар тахлын үеийг туулсны дараа 2024 онд $36,327, 2025 онд 36,414 болон өсөлт нь тогтворжсон байна.
Сүүлийн жилүүдэд хиймэл оюуны технологийн хөгжлийг дагаад санах ойн чипний эрэлт хурдтай өсөж байгаа. Өмнөд Солонгос нь дэлхийн хамгийн том санах ой үйлдвэрлэгч юм.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

