Жилд дунджаар гэмт хэргийн улмаас 2,200 хүүхэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон байна
Хүүхдийн зуслангуудад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон талаар Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамнаас мэдээлсэн билээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг чиглэлийн дагуу өнгөрсөн тавдугаар сард хүүхдийн төлөөх байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтарсан Ажлын хэсэг байгуулагдсан байна. Тус ажлын хэсэг үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг сургалтын нэгдсэн хөтөлбөрийг боловсруулж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн зуслангуудад соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяныг хэрэгжүүлж эхлээд байгаа аж.
Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн 1,300 гаруй хүүхэд энэхүү сургалт, нөлөөллийн хөтөлбөрт хамрагдаж, үе тэнгийн дээрэлхэлт, цахим гэмт хэрэг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл авчээ.
Түүнчлэн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 50 гаруй зуслангуудад энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.
Сүүлийн таван жилийн байдлаар улсын хэмжээнд хүүхэд хохирсон 10,995 гэмт хэрэг бүртгэгдэж, жилд дунджаар гэмт хэргийн улмаас 2,200 хүүхэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон байна.
Тэр дундаа үе тэнгийн дээрэлхэлтийн гэмт хэрэг зөрчил жил бүр нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд 2025 онд үе тэнгийн дээрэлхэлтийн шинжтэй гомдол, мэдээлэл 399 бүртгэгдсэнээс 246 буюу 61.7 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 153 буюу 38.3 хувь нь зөрчлийн шинжтэй хэрэг бүртгэгджээ.
Иймд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан аливаа гэмт хэрэг зөрчил, үе тэнгийн дээрэлхэлт, цахим болон хар тамхины гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хүүхдүүдэд мэдлэг мэдээлэл олгох ажлыг эхлүүлснээ онцолсон байна.
Цаашид ЕБС-иудад энэ төрлийн мэдлэг мэдээлэл, эрх зүйн боловсролыг олгох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна гэлээ.
Хүүхэд бүр бие биеэ хүндэтгэж, ялгаатай байдлыг ойлгон хүлээн зөвшөөрч, дээрэлхэлтийг харсан, мэдсэн тохиолдолд дуугүй өнгөрөх бус, зөв хүнд нь мэдээлж, найзаа хамгаалж сурах нь чухал гэдгийг хүүхдүүдэд уриаллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!





