Иракийн хойд хэсэгт АНУ-ын цэргийн бас нэг алба хаагч амь үрэгджээ
Иракийн хойд нутагт АНУ-ын цэргийн бас нэг алба хаагч алагдсан тухай Ням гарагт Пентагон мэдээлжээ.
Ингэснээр Ираны дайнд амь үрэгдсэн АНУ-ын цэргийн ний тоо 17 болж байна.
Бямба гарагт Ираны унасан дроны дэлбэрээгүй бөмбөгийг аюулгүй болгох үеэр нэг цэрэг амь үрэгдсэнийг АНУ-ын цэргийн төв командлал мэдээлжээ.
Энэ үеэр өөр нэг цэрэг шархадсаныг одоо эмчилж байгаа юм байна.
Үүнээс өмнө Баасан гарагт Йордан дахь АНУ-ын цэргийн бааз Ираны агаарын цохилтод өртөхөд хоёр цэргийн алба хаагч амь үрэгдсэн нь сүүлийн хэдэн сарын хугацаанд учирсан анхны хүн хүчний хохирол байв.
Тухайн үед Пентагон гурав дахь цэрэг сураггүй алга болсныг мэдээлж байсан юм. Уг цэргийнх байж болзошгүй хүний цогцсыг халдлага болсон газраас илрүүлээд таниулах ажил үргэлжилж байгааг Ням гарагт нэмж мэдээлсэн байна.
Йордан, Иракаас гадна Бахрейн, Кувейт улсууд сүүлийн өдрүүдэд Ираны агаарын цохилтод өртөөд байгаа.
Арлын бяцхан хаант улс Бахрейнд АНУ-ын тэнгисийн тавдугаар флот байрладаг юм.
Өнгөрсөн долоо хоногийн турш АНУ-ын арми бараг өдөр бүр Ираны нутаг дэвсгэрт агаарын довтолгоо явуулсан. Ормузын хоолойг Техраны эрх баригчид дахин хаасны улмаас сар орчмын өмнө түр гал зогсоох гэрээ байгуулаад байсан талуудын хооронд дайны гал дахин дүрэлзэж эхэлсэн юм.
Ираны засгийн газрын мэдээлснээр өнгөрсөн нэг долоо хоногийн хугацаанд тус улсад 50 хүн алагдаж, 500 гаруй хүн шархаджээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

