Оросын тал Украины хотууд руу нэг шөнийн дотор хамгийн олон баллистик пуужин харважээ

Т.Давааням, ikon.mn
Өчигдөр 8 цаг 15 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ням гарагийн шөнө Оросын арми Украины хотууд руу энэ дайны хамгийн олон баллистик пуужинтай агаарын довтолгоо явуулсны улмаас Киев хотод нэг хүн амиа алдаж, 16 хүн шархаджээ.

Нийтдээ төрөл бүрийн 41 пуужин Киев хотын хэд хэдэн дүүрэгт тусаж, орон сууц, агуулах, супермаркет, оюутны дотуур байр зэрэг барилга байгууламжуудыг гэмтээсэн тухай хотын захирагч Виталий Кличко мэдээлсэн байна.

Мөн шархадсан хүмүүсийн гурвынх нь биеийн байдал хүнд байгааг мэдээлжээ.

Оростой хил залгаа, зүүн хойд Харьков мужийн төв Харьков хотын захад туссан өөр нэг пуужингийн улмаас Ням гарагт гурван хүн амиа алдаж, 16 хүн шархадсан байна.

Үүнээс гадна хөрш Сумы мужийн нөхөн сэргээх төв Оросын агаарын цохилтод өртсөнийг Украины гадаад хэргийн сайд Андрей Сибига мэдээлжээ.

Украины арми агаарын довтолгооноос хамгаалах системийн дутагдалтай байгааг Оросын тал ашиглаж, сүүлийн үед пуужингийн цохилтоо эрчимжүүлж байна.

Ням гарагийн шөнө голдуу Киевийг чиглэсэн 18 пуужинг замд нь устгаж, 125 нисгэгчгүй онгоцны 108-ыг устгаснаа Украины агаарын зэвсэгт хүчин мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт АНУ, Украин улсууд Patriot агаарын довтолгооноос хамгаалах системийн пуужинг үйлдвэрлэх эрхийг авах асуудлаар тохиролцоонд хүрснийг Зеленский мэдэгдсэн.

Тэрбээр уг пуужингийн Украин дахь үйлдвэрлэл энэ оны сүүлээр эхлэх төлөвтэй байгааг нэмж мэдээлсэн байна.

Европын холбоотнууд пуужингийн худалдан авалтыг санхүүжүүлэхэд бэлэн хэдий ч АНУ өөрөө Ойрх Дорнодод дайн явуулж байгаа тул Patriot пуужингийн нөөц хомсдолтой байгаа.

“Баллистик пуужингаас хамгаалах нь манай тэргүүн зорилт. Пуужинг эсэргүүцэх системийн хэрэгцээ өдөр бүр гарч байна” гэж Зеленский өчигдөр мэдэгдэлдээ дурджээ.

 

Эх сурвалж: Reuters