Францын хөлбөмбөгийн од Килиан Мбаппе арьс өнгөний үзэлтэй Парагвайн хууль тогтоогчийн эсрэг мэдэгдэл гаргав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнгөрсөн Бямба гарагт хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн16-гийн шатанд Францын шигшээ баг Парагвайн шигшээг 1:0 харьцаатай хожсон билээ.

Энэ тоглолтын цорын ганц гоолыг Францын од Килиан Мбаппе хийсэн юм.

Тоглолтын дараа Парагвайн сенатын гишүүн эмэгтэй Мбаппег доромжилсон утгатай мэдэгдлийг сошиал хуудсандаа нийтэлсэн нь хоёр улсын хооронд ноцтой маргаан үүсгээд байна.

Селесте Амарилла “өөрийгөө Франц хүн болсныг харуулах гэж хичээж буй колоничлогдсон Камеруны уугуул” хэмээн Мбаппегийн талаар бичсэн юм. Тэр бас тоглолтын дараа Парагвайн тоглогчид Мбаппег алгадах ёстой байсан гэж бичжээ.

зураг
 

Тэгвэл Даваа гарагт Мбаппе зөвхөн өөрийгөө төдийгүй Парагвайн тоглогчдыг өмгөөлсөн хатуу үгтэй мэдэгдлийг нийтэлсэн байна.

“Хатагтай Селесте Амарилла, та бол жигшмээр муухай эмэгтэй бөгөөд одоо хашиж буй албан тушаалдаа тохирохгүй хүн. Та тэмцээний турш хүсэл тэмүүлэл, нэр төрийнхөө төлөө өрсөлдсөн Парагвай улсыг төлөөлж чадахгүй. Таны увайгүй байдал, арьс өнгөөр ялгаварлах үзлийн улмаас дэлхий нийт танай тоглогчдын энэ ДАШТ-ий үеэр гаргасан түүхэн хүчин чармайлтыг аль хэдийн мартаад байна. Ингэснээрээ та улс орныхоо дүр төрхийг хамгийн муухайгаар харуулсан чадваргүй эмэгтэй болж байна. Би тань шиг хүмүүст үзэн ядалт, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээ дэлхий даяар түгээх эрх чөлөөг хэзээ ч олгохгүй” гэж Мбаппе мэдэгджээ.

Францын Хөлбөмбөгийн Холбоо (FFF) бас уг асуудалд оролцож, Парагвайн улс төрчийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэхээр төлөвлөж байгааг зарласан байна.

“Эдгээр үгс нь гэмт хэрэг бөгөөд хэлсэн хүн нь хариуцлага хүлээх ёстой. Францын шигшээ багийн тоглогчид Франц улсыг төлөөлдөг. Энэ утгаараа Франц улсыг бас доромжилсон хэрэг юм” гэж FFF мэдэгдээд прокурорт хандаж байгаагаа дурджээ.

 

Эх сурвалж: Reuters