Оюутнуудын эсэргүүцлийг үл хайхран Харвардын Их сургууль A үнэлгээнд дээд хязгаар тогтоохоор болов
Харвардын Их сургуулийн багш нарын гуравны хоёроос илүү хэсэг нь бакалаврын сургалтын А үнэлгээний эзлэх хувийг хязгаарлах төлөвлөгөөг дэмжжээ.
Энэ нь сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд АНУ-ын дээд боловсролын салбарт үүссэн дүнгийн инфляцтай тэмцэх хамгийн хүчтэй арга хэмжээ болох юм.
Төлөвлөгөө ёсоор 2027 оны намраас эхлэн ангийн нийт үнэлгээнд А үнэлгээний эзлэх хэмжээ 20 хувиас хэтрэхгүй, дээр нь нэмэлтээр дөрвөн оюутанд А үнэлгээ өгөх боломжтой болох гэнэ.
Мягмар гарагт өндөрлөсөн цахим санал асуулгаар багш нарын 70 орчим хувь уг төлөвлөгөөг дэмжжээ.
Төлөвлөгөөг санаачилсан багш нарын зөвлөлийн тэргүүлэгчдийн нэг Алиша Холланд уг үр дүнг “өөрчлөлтийг хүсэж буйн тод илрэл” гэж дүгнэсэн байна.
Тэрбээр төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэхээс өмнө даалгавар, үнэлгээний системээ эргэн харахыг багш нарт уриалжээ.
2025 оны дундуур дууссан хичээлийн жилд Харвардын Их сургуулийн бакалаврын сургалтын нийт дүнгийн 60 орчим хувь нь А үнэлгээ байсан юм.
Оюутнууд шаардлагагүй дарамт стресс үүсгэж, хэцүү мэргэжлээр суралцахаас зайлсхийх хандлага бий болгоно гэсэн үндэслэлээр энэ өөрчлөлтийг эсэргүүцэж байна.
Хоёрдугаар сард оюутнуудын өөрсдийн зохион байгуулсан судалгаанд оролцогчдын 85 орчим хувь А үнэлгээний дээд хязгаарыг эсэргүүцэж байжээ.
Америкийн элит их сургуулиудын дундаж үнэлгээ сүүлийн хагас зууны турш тогтвортой өссөөр ирсэн байна.
Профессорууд, судлаачид, Трампын засаг захиргааны албан тушаалтнууд хүртэл нэр хүндтэй их сургуулиудад дүнгийн инфляцаа шийдвэрлэх зоригтой алхам хийхийг уриалж байв.
Дөрөвдүгээр сард Йелийн Их сургуулийн удирдах зөвлөл оюутнуудын голч дүнг 3.0 байлгах санал гаргасан.
Принстоны Их сургууль болон Уэлсли Коллеж 2000-аад оны үед дээд үнэлгээнд хязгаар тогтоох санаачилга гаргасан ч сүүлд оюутнуудын эсэргүүцлийн улмаас цуцалж байжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

