Банкны салбарынхан зөв модыг зөв газарт зөв аргаар тарьж, эх дэлхийн иргэний үүргээ биелүүлцгээлээ
Өнөөдөр манай улсын банкны салбарт нийтдээ 16 мянган хүн ажиллаж байна. Банкны салбарынхан хамтран Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжиж 2030 он гэхэд 50 сая мод тарьж ургуулах амлалт авч, амлалтаа ажил хэрэг болгохоор ТЭРБУМ МОД САН-г байгуулсан.
Тэрбум мод сан нь 2022 онд байгуулагдаж, өнөөдрийн байдлаар үндсэн таван чиглэлээр 116 төслийг санхүүжүүлэн, 7 сая орчим модыг тарьж ургуулж байна.
"Тэрбум мод тарих үндэсний өдөр"-ийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулахад хувь нэмэр оруулах, ой сан, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, олон нийтэд сурталчлах мод тарьж арчлан ургуулах ажлыг дэмжин банкны салбарын оролцоог ханган бүх нийтээр мод тарих үйлсийг дэлгэрүүлэхээр Монголбанк, Монгол Улсын Хөгжлийн банк, Монголын банкны холбоо, Хаан банк, Голомт банк,Төрийн банк, Хас банк, Капитрон Банк, М банк, Богд банк, Тээвэр хөгжлийн банк, Ариг банк, ТоС Холбоо, МНСК ББСБ ХХК, Санхүү банкны эмэгтэйчүүдийн холбоо, МОНУМ хадгаламж зээлийн хоршоо зэрэг байгууллагуудын төлөөллөөс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Цагаан алт хөтөлбөр, ноос, ноолуурын аж ахуйн нэгжүүд, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын гээд нийт 400-гаад ажилтан Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн буюу (International Garden of Mongolia)-д навчит болон шилмүүст 2700 гаруй мод тарилаа.
Зохион байгуулагчаар Тэрбум Мод Сан, Олон Улсын Эко Цэцэрлэгт Хүрээлэнтэй хамтран ажиллалаа.
Бүх нийтээрээ мод тарих үндэсний өдрийг нээж Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт хэлсэн үгэндээ: “Уур амьсгалын өөрчлөлт улс орны эдийн засагт, ард иргэдийн амьдралд асар их дарамт үзүүлж байна. Байгалийн ган зуд, гамшигт үзэгдлийн давтамж улам ойртсоор байна. Иймд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд Банкны салбарынхан анхнаас нь түүчээлэн оролцсоор ирсэн. Өнөөдөр ч уламжлал ёсоор модоо тарьцгаахаар энд ирээд байна. Бид амласан модоо тарихын төлөө ажлаа улам эрчимжүүлэх болно” гэж онцолж байлаа.
Уур амьсгалын өөрчлөлт, хөрсний доройтол, цөлжилттэй тэмцэх хамгийн энгийн үр дүнтэй арга бол зөв модыг, зөв газарт, зөв аргаар тарих бөгөөд Тэрбум мод сангийнхан 2024 оны хавраас эхлэн Банкны салбарынхантайгаа Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн /IGM/ дээр 5 дахь удаагаа бүх нийтийн мод тарих өдрийг зохион байгууллаа.
Тэрбум мод сангийн ажилтнууд болон Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн мэргэжилтнүүд модоо хэрхэн зөв тарих тухай арга зүйн зөвлөгөө өгч, энэ үеэр өмнөх жилүүдэд тарьсан модныхоо хаврын цэнэг усалгааг хамтдаа хийлээ.
Бүх нийтийн хаврын мод тарих өдрөөр Банкны салбарынхны тарьсан модыг Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн ойжуулалтын мэргэжлийн баг гурван жилийн хугацаанд арчилгаа, хамгаалалтыг нь хариуцна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарлиг, Тэрбум мод тарих үндэсний өдөр зарлах тухай 44 дүгээр зарлигийн дагуу жил бүрийн тав болон есдүгээр сард улс даяараа мод тарихаар тогтсон. Харин Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш 128 сая модыг тариад байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
