Трамп: Америкийн хохирол нэмэгдэх нь тодорхой ч бүх зорилтоо биелүүлэх хүртэл Ираны эсрэг ажиллагаагаа үргэлжлүүлнэ
Бямба гарагийн өглөө эхэлсэн АНУ, Израилийн зэвсэгт хүчний Ираны хотуудыг чиглэсэн байлдааны ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжиллээ.
Эхний өдөр Ираны дээд удирдагч Аятолла Али Хамени тус улсын бусад удирдагчдын хамт алагдсан нь тодорхой болсон.
Хариуд нь Иран улс Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн баазууд болон холбоотон улсууд руу агаарын довтолгоо явуулсаар байна.
АНУ-ын цэргийн төв тойргийн командлал Ням гарагийн байдлаар Ираны хариу цохилтод гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, таван цэрэг хүнд шархадсаныг зарласан юм.
Тэгвэл сая АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэлдээ Америкийн хохирлын хэмжээ цаашид өсөх нь тодорхой ч бүх зорилтоо биелүүлэх хүртэл Ираны эсрэг ажиллагаагаа үргэлжлүүлэхээ амлалаа.
Мар-А-Лаго эдлэнгээсээ Вашингтон руу буцахаасаа өмнө гаргасан видео мэдэгдэлдээ тэр “Энэхүү тэвчихийн аргагүй аюул занал цаашид үргэлжлэх ёсгүй” гээд иранчуудад хандан “Эрх чөлөөг хүсэн мөрөөддөг Ираны бүх эх орончдод энэ мөчийг ашиглан зоригтой байхыг уриалж байна. Зоригтой, баатарлаг байж эх орноо буцааж ав. Америк та нартай хамт” гэж хэлжээ.
Трамп бас амь үрэгдсэн америкчуудын өшөөг авч, Тегераны дэглэмд хамгийн хатуу шийтгэл хүлээлгэхээ амласан байна.
АНУ-ын цэргийн төв командлалын мэдэгдэлд “Operation Epic Fury” ажиллагааны эхний 24 цагийн дотор Ираны 1,000 гаруй байд цохилт өгснөө мэдээлсэн юм.
Ираны албаныхан АНУ, Израилийн ажиллагааны үеэр 153 хүн амь үрэгдсэний дотор сургууль руу чиглэсэн цохилтод өртсөн хүүхдүүд байсныг мэдээлжээ.
Ираны хариу цохилтын үеэр Израилийн Бэйт Шемеш хотод есөн хүн, Арабын Нэгдсэн Эмират улсад гурван хүн, Кувейт улсад нэг хүн амь үрэгдсэнийг тус тус мэдээлсэн байна.
Ираны гадаад хэргийн яам ойрын нэгээс хоёр өдрийн дотор Аятолла Али Хамени агсны залгамжлагчийг тодруулахаа мэдэгджээ.
Даваа гарагийн өглөө Азийн хөрөнгийн зах зээлүүд нээгдэхэд газрын тосны үнэ 10 орчим хувиар өссөн нь Ираны хяналтад байдаг Персийн булангийн Ормузын хоолой хаагдсантай холбоотой байв.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
