Senzu-ийн тоглож буй "Passion UA" баг ESL Pro League Season-23 тэмцээнийг хожлоор эхлүүллээ
Цахим спортын Counter Strike-2 (CS2) тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн "ESL Pro League Season 23" тэмцээний нэгдүгээр шатны тоглолтууд өчигдрөөс цахимаар эхэллээ.
Уг тэмцээн нь үндсэн гурван шаттай бөгөөд нэг болон хоёрдугаар шатанд тус бүр 16 баг тойргийн журмаар тоглоно. Нэгдүгээр шатанд гурван хожил байгуулсан эхний найман баг хоёрдугаар шатанд өрсөлдөх эрхтэй болно. Мөн адил хоёрдугаар шатны эхний найман баг Playoffs буюу шөвгийн наймд тоглох юм. Ингэснээр энэ тэмцээний аварга баг тодрох билээ.
Тэгвэл нэгдүгээр шатанд манай улсын тамирчин М.Азбаяр буюу Senzu-ийн тоглож буй Украины "Passion UA" баг эхний тоглолтдоо Нидерландын "Team Liquid" багийг 2:0 онооны харьцаатай хожлоо. Мөн энэ тоглолтын шилдгээр Senzu тодорсон бөгөөд хоёр "map"-ийн турш 1.31 гэсэн үзүүлэлттэй тогложээ.
"Passion UA" баг хоёрдугаар тойрогт өнөө оройн 23:30 цагаас Туркийн "FUT Esports" багийн эсрэг тоглох хуваарь гарчээ. Хэрэв уг тоглолтод хожвол дараагийн шатанд шалгарахад нэг хожил дутуу үлдэнэ.
Senzu-ийн хувьд өнгөрсөн сарын дунд үеэс "Passion UA" багт зээлээр тоглохоор болсон. Хэрэв түүний тоглолт амжилттай байвал энэ зургаадугаар сард зохиогдох Intel Extreme Masters Cologne Major-2026 тэмцээний өмнөхөн бүрэн худалдаж авахаар багийн эзэд тохиролцсон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
